Боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа гэнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа гэнэ

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг авч хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор Гаалийн ерөнхий газрын дарга мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулт өгсөн юм. Уул уурхайн хөгжлийг дагаад хилийн боомтуудыг өргөтгөх шаардлага тулгарч буй бөгөөд зарим ажлыг хийж эхэлжээ. Тухайлбал, Шивээ-Хүрэнгийн боомтоор нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлэх үүднээс дөрвөн эгнээ шугам тавьсан байна. Харин Хятад улсын тал боомтдоо арван эгнээ шугам тавьсан тул энэ хэмжээнд хүртэл шугамыг нэмэх шаардлага тулгарч буй гэнэ. Мөн Гашуунсухайтын боомт дээр нүүрсийг нэвтрүүлэх шугамыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Гэвч хөрөнгийн асуудал дээр бэрхшээл тулгарах болжээ. Засгийн газрын хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэх шатанд Төрийн өмчийн хороо санхүүгийн эх үүсвэрийг ойрын үед судалж, оруулж ирэх даалгавар авсан. Тиймээс энэ асуудал удахгүй нааштайгаар шийдвэрлэх боломжтой болов уу гэж хүлээж байгаа гэж Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав хэллээ.

Түүнчлэн ОХУ-ын хил гаалийг нэвтрэхэд монголчуудын хувьд хүндрэлтэй байна гэсэн шүүмжлэл их байдаг. Эдгээрийг зохицуулах зорилгоор тус улсын Гаалийн байгууллагын орлогч даргыг Монгол Улсад урьж, асуудлыг нааштайгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулахыг хүссэн байна. ОХУ-ын Гаалийн байгууллагын орлогч дарга Алтанбулагийн боомтод ирж нөхцөл байдалтай биечлэн танилцсан тухай ч хэллээ. Гэхдээ асуудал тавьсан даруйд өргөс авчихсан юм шиг, шийдвэрлэгдчихгүй. Ямар ч байсан цаашид нөхцөл байдал сайжирна гэсэн итгэлтэй байгаагаа гишүүдэд уламжиллаа.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж