П.Цагаан: Сэтгүүлчид та нарын үүрэг их шүү

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

П.Цагаан: Сэтгүүлчид та нарын үүрэг их шүү

П.Цагаан: Шударга ёс тогтоох, шударга шүүх эрх мэдлийн байгууллагатай болоход сэтгүүлчид та нарын үүрэг их шүү

Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” үндэсний чуулган маргааш дөрөвдүгээр сарын 14-нд хуралдаанаа эхлэх гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” үндэсний чуулган төрийн ордонд дөрөвдүгээр сарын 14,15-нд болно. Чуулганаар 15 салбар хуралдаан хийж, шүүх эрх мэдлийн шинэчлэлтэй холбоотой асуудлуудыг ажил хэрэгч байдлаар хэлэлцэнэ. Чуулганыг зохион байгуулах болсон шалтгаан гэвэл сүүлийн жилүүдэд хийсэн олон судалгаагаар өнгөрсөн хугацаанд шүүх эрх мэдэлд Монгол  Улсын иргэд, хуулийн этгээдүүдийн болон гадаадын хөрөнгө оруулагчдын итгэх итгэл байнга буурч ирсэн дүр зураг харагддаг. Үүнээс хууль хэрэгждэг, шүүхээс гарсан шийдвэр нь биелдэг байхгүй бол цаашид хөгжих тухай асуудал хүндрэх юм гэсэн дүгнэлтэд хүрсэн.  Мөн чуулганд бэлтгэх явцад үнэхээр ийм зүйл хийх цаг нь болсон, нийгэмд их хүлээлт үүссэн нь ажиглагдсан. Анх бид 500 орчим төлөөлөгч оролцоно гэсэн тооцоо хийсэн байлаа. Гэтэл энэ чуулганд оролцъё гэж саналаа илэрхийлсэн хүний тоо 1300 гараад явж байна. Байр савны боломжоос зарим хүнийг оролцуулах боломжгүй болж байна. Иймээс  үндэсний чуулганыхаа нээлт, хаалтыг орон даяар шууд нэвтрүүлье гэсэн бодолтой байна.

 Энэ үндэсний чуулган шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүх, цагдаа, өмгөөлөл, нотариат, прокурорын болон шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын төлөөлөл, иргэдээс гадна  АНУ-ын Миннессота мужийн шүүгч асан болон америкийн муж улсуудын шүүхийн үндэсний төвийн зочид, Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны Монголд төсөл хэрэгжүүлж буй гадаадын хуульчид, Киргиз Улсын парламентын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид гээд их өргөн хүрээний оролцогчтой арга хэмжээ болно. Урьд өмнөх чуулга уулзалтуудаас нэлээд онцлогтой, илүү прагматик байдлаар амьдрал тулгамдаад буй асуудлуудад анхаарна. Жишээ нь шүүхийн шийдвэр юунаас болоод бараг тал хувь хэрэгждэггүй юм гэх мэт.  Мэдээж олон шалтгаан тоочно. Тэгвэл гарц нь, шийдэл нь ямар байж болох вэ гэдгийг ярих болно. Нэгд шийдвэр гаргагчид, хоёрт хэрэгжүүлэгчид, гуравт эрдэмтэн мэргэд, дөрөвт төрийн бус байгууллага, тавд иргэд асуудлыг таван талаас нь авч үзэн шүүн ярилцана. Салбар хуралдаан бүрээс санал, зөвлөмж гарган нэгдсэн хуралдаанд танилцуулна. Ингээд чуулганаас санал, зөвлөмж гаргаж, түүн дээр үндэслээд дараа нь үнэнийг тогтоодог, шударга шүүдэг, шийдвэр нь заавал хэрэгждэг шүүх эрх мэдлийн байгууллагатай болохын тулд зохион байгуулалтын, боловсон хүчний хувьд ямар арга хэмжээ авах, ямар шүүлтүүртэй байх, төсөв мөнгийг  нь яаж шийдэх, хуулиудад өөрчлөлт оруулах гээд их ажил өрнөнө.

Шударга ёсыг тогтоохгүй бол хүний эрх, өмчийн эрх, бизнесийн эрх, цаашдаа Монгол Улсын хөгжлийн эрх ашиг хөндөгдөх болно. Тэгэхлээр шүүх эрх мэдлийг шинэчлэх явдал бол хүн бүрийн эрх ашгийн төлөө хийх ёстой ажил. Монголд шүүхийн шийдвэр гаргана гэдэг маш хүндрэлтэй байдгийг та бүхэн мэднэ. Хуулийн хугацаа 30 хоног байсан ч сунжирсаар хэдэн зуун, мянган хоног болох нь бий. Ингэж явж явчихаад гарсан шийдвэр нь хэрэгждэггүй бол үнэхээр утгагүй биз дээ. Зөвхөн хорих ял л 99,99 хувьтай хэрэгждэг бол бусад иргэний, захиргааны, гэр бүлийн гээд маш олон эрх зүйн салбараар шүүхийн шийдвэр гардаг ч биелэлт нь 11-70 хувийн хооронд хэлбэлзэж байна. Эндээс  шүүх эрх мэдлийг шинэчлэх нь эрх баригчдын, иргэдийн, бизнес эрхлэгчдийн эрх ашигт нийцнэ гэдэг нь мэдрэгдэж байна. Чуулганы ажиллагаа нээлттэй байна. Хэвлэлийн төв ажиллана. Сэтгүүлчид та бүхэн шахаж шаардаж ажиллавал Монголдоо төдийгүй бүс нутагтаа сайнд тооцогдох шүүх засаглалтай болж болно” гэж хэллээ.

Зохиогчийн эрх: president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж