Урт нэртэй хуульд косметик засвар хийх шалтгаан

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Урт нэртэй хуульд косметик засвар хийх шалтгаан

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг олборлох тухай хууль. Энэ хуулийн талаар сүүлийн хоёр жилийн турш ярилаа. Маргаан, тэмцлийн үр дүнд ямартай ч хэн бүхэнд танил болсон, 22 үгээс бүрдсэн энэ хуулийн нэрийг туршлагатай парламентчид, хуулийн мэргэжилтнүүд  ч хэлэхдээ хэл ам нь ээдэрдэг. Уншиж  сонсоход  түвэгтэй болохоор “Урт нэртэй хууль” гэх болсон. Урт нэртэй  хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцүүлэхээр УИХ-ын нэр бүхий гишүүд санаачлан түүнийг нь Засгийн газар дэмжиж   өргөн барьсан юм. Гэвч хэлэлцэж амжилгүй хойш тавьсан. Энэ нь тус салбарт бизнес  эрхлэгчдэд үлэмж хэмжээний хохирол учруулаад зогссонгүй. Нөгөө талаас уг хуулийг сайшаан дэмжигчид ч салбарын яам, холбогдох албан ту­шаалт­нуудыг “Хууль хэ­рэг­жүүлээгүй”, “Хэрэг­жүү­лэхийг хүсээгүй” гэсэн үн­дэс­лэлээр буруутгаж бай­­­гаа. Харин одоо  энэ хуулийг УИХ яаралтай хэ­лэлцэж нэг тийш болгох хэрэгтэй байна. Хуулийг хэ­рэг­жүүлэгч, эсэр­гүү­цэгчдийн аль нь ч биш, цаг үе, нөхцөл байдал үүнийг шаардаж байгаа юм.
 
Монголын эдийн засгийн гарааны улирал эхэллээ. Энэ үед бизнес эрхлэгчид ирэх жилд хийх ажлаа тооцоолж, эдийн засгийн судалгаа, тө­лөвлөгөөндөө үндэслэн зээл авах зэргээр идэвхтэй хөдөлгөөнд ордог. Гэтэл оршин тогтнох, үйл ажиллагаа явуулах үндсэн нөхцлийг бүрдүүлэх хууль, эрх зүйн орчин нь тодорхойгүй байна. Яах вэ. Хуулийг гацаасан эрх баригчид тэдний алдаж буй “алтан” цаг тутмын ашгийг нөхөхгүй. Хийж бү­тээе, орлогоосоо татвараа төлж улсаа хөгжүүлье гэсэн идэвхийг нь бууруулсан, ха­туухан хэлэхэд булшилсан энэ хүнд суртлаас гараагүй цагт эдийн засгийн өсөлт, сэргэлтийн тухай мөрөөдөх ч хэрэггүй. Харамсалтай нь төр хариуцлага алдсаныхаа төлөө бизнес эрхлэгчдээс хэзээ ч уучлал гуйж байсангүй. Тиймээс зүгээр л ажлаа хийгээд, хуулиа тодорхой бол­гоод баталж өгөөч гэж тэднээс гуйх боломж үлдлээ.

Дээрх хуулийг яагаад хэрэгжүүлээгүй шалтгааныг хамтдаа хайцгаая. Юуны өмнө хайгуулын болон ашиглалтын  тусгай зөв­шөөр­лийн хил заагийг одоо болтол тогтоогоогүй бай­на. Хэн? Төр. Цуцалсан 254 тусгай зөвшөөрлийн эзэмшигчдэд олгох нөхөн олговрын төлбөрийн хэмжээг тогтоогоогүй. Нөхөн олговор олгоход улсын төсөвт уч­рах дарамтыг урьдчилан тооцоолоогүй, яаж шийдэх арга замаа олоогүй байж бусдын өмчид халдсан. Халдсан этгээдийн нэр нь мөн л Төр. Одоо яах вэ? Төр “Уучлаарай”, “Хохь нь” хоёрын алийг ч хэлсэн тэдгээр аж ахуйн нэгжийн өмнө, иргэдийн өмнө буруутан болж таарна. Тэгээд ч тэдний “Уучлаарай” гэдэг үг нэг центийн ч үнэгүй. Гэтэл цаана нь 130 гаруй аж ахуйн нэгж, тэнд ажилладаг 23  мянга гаруй хүн, тэдний гэр бүл хохирч байна. Тэдгээр аж ахуйн нэгжийн 80 гаруй хувь нь арилжааны банкуудад тусгай зөвшөөрлөө барьж хөрөнгө босгосон байдаг.

Алт олборлолтоос 38 тэрбум төгрөг улсын төсөвт орно гэж баталсан УИХ-ын эрхэм гишүүд “Банкнаас хүүтэй мөнгө зээлж хөрсөн дор булсан хохь чинь” гэсэн утгатай шийдвэр гаргахгүй байх гэж найдъя. Харин хүнд байдлаас гарахын тулд үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх нэг ч атугай гарцыг нь нээж өгөх ёстой. Энэ нь уг хуульд шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг оруулаад яарал­тай баталж өгөх явдал юм.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг олборлох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалд албан ёсны нарийн тоо баримтуудыг тусгажээ. Гарцаагүй өөрчлөлт хийх болсон шалтгаан, үндэслэлийн талаар энд тодорхой тайлбарласан байна. Тухайлбал 2009 оны байдлаар уул уурхайн салбарт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 471 сая ам.долларт хүрч, хоёр их наяд 103 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортолжээ. Төр энэ гавьяаг нь үнэлж, “шагналд” нь 2010 оны долдугаар сард 254 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хурааж хохироосон шүү дээ.

Одоо хэлэлцүүлэхээр зэхэж буй урт нэртэй хууль /албан бус нэрээр/ -д нэмэлт өөрчлөлт хуулийн төсөл нь зургаан зүйлтэй. Хуулийн төслийн нэгдүгээр зүйлд заасан “Хуучин улсын үйлдвэрийн газрууд, уул уурхайн үйлдвэрлэлээс нөхөн сэргээлт хийлгүй орхисон газруудад тооллого явуулж, нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ, тооцох аргачлалыг Засгийн газар тогтооно”, мөн “Энэ хуулийн 4.1 дэх хэсэгт заасан хилийн заагт хамрагдаж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулийн дагуу газрын нөхөн сэргээлтийг бүрэн хариуцна” гэсэн 5.2, 5.3 дахь хэсгийг тус тус нэмэхээр тусгажээ. Түүнчлэн хуульд агуулгын хувьд тохирох “хориглох” гэсний өмнө “хязгаарлаж” хэмээн нэмж оруулан тавдугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг “Энэ хуулийн 4.1-д заасан хилийн заагт хамрагдаж байгаа нөхөн сэргээлт хийлгүй орхисон газруудад тухайн ашиглаж байсан компаниудаас төлбөр авах замаар нөхөн сэргээлтийн ажлыг мэргэжлийн байгууллагуудаар хийж гүйцэтгүүлнэ” хэмээн өөрчлөн найруулжээ. Мөн хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн “газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэснийг “газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж, дээрх зүйлийн 4.5 дахь хэсгийн “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй” гэснийг “хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй” хэмээн тус тус өөрчилсөн байна. Хуулийн төслийн дөрөвдүгээр зүйлийн 4.6 дахь хэсэг буюу “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа  тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар олгоно” гэсэн хэсгийг хасахаар болжээ.

Энэ хууль батлагдсаны дараа үүсч болзошгүй нийгэм, эдийн засгийн үр дагаврыг тусгахдаа “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг олборлох тухай хуулийн дагуу цаашид тус газарт хайгуулийн тусгай зөвшөөрөл болгохгүй. Ингэснээр хууль нэг мөр хэрэгжих нөхцөл хангагдана” хэмээн үзсэн байна. Мөн энэхүү хуулийн төсөл нь Үндсэн хууль болон Монгол Улсын бусад хууль, тогтоомжтой бүрэн нийцсэн. Уг хуулийн төслийг боловсронгуй болгохтой холбогдуулан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг олборлох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг ч бас хүчингүй болгохоор уг хуулийн төслийг хамтад нь боловсруулсан ажээ.

Ингээд урт нэртэй хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулж,  “косметик” засвар хийх нь ээ. Асуудал нэг тийш болох магадлалтай ч үүний үр дүнг өнгөрсөн хугацаанд тухайн аж ахуйн нэгжүүд зээлээ хүүтэй төлсөн, цаашлаад үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан үеийн ашиг орлоготой хэрхэн харьцуулах билээ. Гэвч гар хумхиад суухын оронд нэг алхам хийх нь.

Уг нь урт нэртэй хуулийг анх батлахдаа сэтгэлийн хөөрлөөр,уул, усаа магтан дуулах бус эдийн засгийн талаас нь эрсдлийг нь тооцоолох хэрэгтэй байсан. Харамсалтай нь алт олборлогчдоос төсөвт орно хэмээн төсөөлсөн 38 тэрбум төгрөгийн орлогоо ч тас мартаад улстөржсөний дүнд “доголон” хууль гаргачихаж. Олзуурхууштай нь тусгай зөвшөөрлөө цуцлуулан хохирсон аж ахуйн нэгжүүд нөхөн олговроо авъя гэхээсээ илүү эхэлсэн ажлаа дуусгая, нөхөн сэргээлтэд онцгойлон анхааръя гэцгээж байна. Төр алдаа гаргалаа. Алдаагаа ямар хугацаанд хэрхэн засахыг нь харцгаая хэмээн “хохирогч” болсон бизнесмэнүүд хэлж байгааг хийж, бүтээе гэсэн эх оронч сэтгэлгээ гэхээс өөрөөр юу гэх вэ. Тэдний дэргэд сонгуульд нэр дэвшихдээ эх орны хүү, охин хэмээн цээжээ дэлдэж байсан нөхөд хэн болж таарах вэ гэдгийг ч бас бодууштай.

У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж