Африкийн холбооны ард хэн байгаа бол?

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Африкийн холбооны ард хэн байгаа бол?

Африкийн холбоо Ливийн удирдагч М.Каддафи болон Зааны ясан эрэг Улсын Ерөнхийлөгч асан Гбагбо нарын асуудлыг яаралтай авч хэлэлцжээ. Өнгөрсөн сарын туршид Арабын ертөнцөд “Юу” болоод өнгөрөв өө. Ёстой л зүүд зэрэглээ шиг өдрүүд үргэлжлэх шиг. Египет, Тунис, Алжир, Йемен, Сири, Бахрейн гээд нилээд хэдэн орон “Хувьсгалын улаан шуурганд” өртөв. Зарим нь эрх чөлөөгөө олж, зарим нь иргэний дайн үзэв. Сүүлдээ хөл толгой нь мэдэгдэхгүй баахан үймээн самуун өрнөлөө. АНУ,  Франц, Их Британи ч ил далдаар оролцов. Энэ бүгдийг НҮБ-аас дорвитой шийдвэр гаргаж байж арайхийн цэгцэлсэн. АНУ тэргүүтэй барууны орнууд “Хар алт” руу улангасан дайрч, ард иргэдийнх нь аминд хүрсэн гэх шүүмжлэл ч үүнийг дагалдсан юм. Энэ асуудал олон нийтийн анхаарлыг ихэд татан, АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамаг Конгрессийн гишүүд нэлээд шүүмжилж түүний Нобелийн энх тайваны шагналыг хураах хүртэл асуудал сөхөж тавив.
Харин эцсийн цэгийг Африкийн холбоо тавина гэж хэн ч санасангүй. НҮБ Ливийн ард иргэдийн эрх ашгийн төлөө гэх нэрийн дор энхийг сахиулах гэж тус улсад цэргээ оруулсан. Өнгөрсөн даваа гарагийн оройн 23.30-ийн үеэд СNN-ийн шууд мэдээгээр Зааны ясан эрэгийн  хуучин Ерөнхийлөгч Лаурэнт Гбагбо өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард шинээр сонгогдсон Алансе Уатарад өөрийн байр сууриа тавьж өгөхөө мэдэгдсэн юм. Түүнийг өчигдөр өглөө түүнийг өргөөнийх нь доод хонгилоос эрх баригчид баривчилсан билээ. Одоо түүнийг байцааж байгаа аж. Харин энэ үеэр Ливийн удирдагч Африкийн холбоотой уулзалт хийж “Галаа түр зогсоох” талаар мэдэгдээд байсан. Мягмар гарагт Ливийн удирдагч М.Каддафи галаа зогсоосон талаар хэвлэл мэдээллээр цацагдсан. Түүний энэ шийдвэр үнэхээр өөрийнх нь байв уу эсвэл Африкийн холбооныхон түүнийг ятгасан уу.

Гэвч Ливийн босогчид галаа зогсоохыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Уг эсэргүүцлийг НҮБ, босогчдод хандан хатуу анхааруулсан юм. “Хэрэв М.Каддафийн тал галаа зогсоосон байхад НҮБ болон энгийн номхон ард иргэд рүү гал нээх юм бол бид Ливийн босогчдыг цаашид дэмжихгүй” гэдгээ илэрхийлсэн юм. Каддафийн цэргүүд галаа зогсоосон байхад босогчид өдөөн хатгаж болохгүй хэмээн сэрэмжлүүлсэн хэрэг.

Ливи эрх чөлөөгөө үнэ­хээр Африкийн холбооны тус­ламжтайгаар олж авч чадах уу. Энэ асуулт сэтгүүлч нарын ан­хаарлыг ихэд татсаар байна. АНУ, Франц болон НҮБ өөрсдийн байр сууриа ухаарлаа гэж бодоход дараа нь ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй хэвээр байгаа аж. Мэдээж Африкийн холбоо Ливийн дараагийн удирдагчийг сонгохгүй. Эрх ч байхгүй.  Харин сонгууль явуулж шинэ удирдагчаа сонгох нь зөв  хэмээн НҮБ үзэж байгаа юм.

Африкийн холбооны “Энхийн төлөвлөгөө”–ний гол зорилго бол энгийн зүйл хэмээн холбооны Ерөнхийлөгч Теодоро Обиан Нгуэма Мбагосо  мэдэгдсэн. Товчхондоо энхийг сахиулж энэ тивийг өөд нь татах.

Ажиглагчид “Африкийн холбоо НҮБ, Европын холбооноос хүчтэй юм” хэмээн гайхширч байгаа аж. Энэ бүхнийг Африкийн холбооны Ерөнхийлөгч Бүгд найрамдах Экваторын Гвиней улсын Ерөнхийлөгч Теодоро Обиан Нгуэма Мбагосо  удирдан зохион байгуулсан.
Африкийн холбоог 2002 оны долдугаар сарын 9-нд байгуулжээ. Одоогоор Африкийн 53 орон эгнээнд нь багтдаг юм. Төв оффис нь Моррокод байдаг боловч комисс нь Этопи улсын Аддис Абаба хотод байрладаг аж. Дэд  даргаар Бүгд найрамдах Габон улсын Ерөнхийлөгч Жеан Пинг ажилладаг байна.

Харин зарим ажиглагч “Энэ Африкийн холбоо гээд байгаа нэгдлийн ард хэн байгаа бол. Барууныхан уу, эсвэл хэн нэгэн эрх мэдэлтэн үү. Санхүүжүүлэгч нь аль орон бол” хэмээн эргэлзсээр байгаа аж. Жишээ нь, Африкийн холбоогоор дамжуулан АНУ М.Каддафийг бууж  өгөхөд нөлөөлсөн байж магадгүй. Эсвэл Европын холбоо ч байж мэднэ. М.Каддафи галаа түр зогсоолоо хэмээн хүчээ зузаатгаж байна уу. Үнэхээр АНУ тэргүүтэй барууны орнууд М.Каддафийг, нутаг дээр нь “Барахгүй” гэдгээ мэдээд ийнхүү заль хэрэглэж байна уу. Ёстой л толгой эргэмээр ээдрээтэй асуултууд оньсого болон үлдлээ” хэмээн сэтгүүлчид дүгнэж байна.

Б.БААТАР


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж