Эмгэнэлээр дүүрэн ЭМЯ

Хуучирсан мэдээ: 2011.04.16-нд нийтлэгдсэн

Эмгэнэлээр дүүрэн ЭМЯ

Одоогоос хоёр жилийн өмнө нэг бүсгүй траншейд төрж билээ. Тэр бүсгүй Эрүүл мэндийн даатгалын дэвтэргүй учраас эмнэлгийн үйлчилгээ авч чадаагүй. Хүүхэд нь гарангуутаа л эндсэн юм билээ. Би  тэр бүсгүйд туслах санаатай сураглаж явахдаа “эмнэлэг гэдэг байгууллага ядарсан, зүдэрсэн иргэнээсээ мөн ч их холджээ” гэдгийг  мэдэрсэн дээ. Дээхнэ үед  миний мэдэх Баянхонгорын эмч нар тэмээгээр, мориор, явганаар  иргэдээ үйлчилж чадаад л байсан.

Гэтэл одоо иргэд бөхийж, эмнэлгийн байгууллага гэдийдэг болжээ цаана чинь. Сүүлийн хэдэн жил би Эрүүл мэндийн даатгалын талаар МҮЭХ-г төлөөлөн дуугарлаа. Миний  бичээд, яриад байгаагийн гол учир Эрүүл мэндийн байгууллага, иргэн хоёрын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой. Хамтын ажиллагааны үр дүнд Эрүүл мэндийн байгууллага иргэддээ хүрдэг болох учиртай юм.

Нэг даргатай уулзахын тулд долоо хоног үүдийг нь сахидаг шиг өвчин эмгэгтээ шаналахын хажуугаар эмнэлэгт үзүүлэх гэж их зүдэрдэг. МҮЭХ-ноос эмнэлэг нь иргэдээ хүрч ажилладаг мехнанизмийг л бий болгох гээд чармайж байна. Эрүүл мэндийн даатгалын санг олон нийтэд өгөхөд л энэ механизм өөрөө ажиллаад явчихна. Өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн даатгалын сан эмнэлгүүдийн үйлчилгээг сайжруулах хөшүүрэг болно.
Нэгдүгээрт, Эрүүл мэндийн даатгалын байгууллагыг  бие даалгах хэрэгтэй. Биеийг нь даалгана гээд хувьчлах гэж байгаа юм биш. Засгийн газар биеийг нь даалгана гээд олон салбарыг унагасан учраас хэллээ. Эрүүл мэндийн даатгалын санг нээлттэй, ил тод ажилуулахын тулд Үндэсний зөвлөл байгуулах хэрэгтэй.
Тэр үндэсний зөвлөлд нь Засгийн газар, ажил олгогч, даатгуулагч эн тэнцүү орно. Мөн шийдвэр гаргах эрхгүй ч саналаа хэлдэг гишүүд байна. “Хоёр хүн тоглож, хорин хүн хардаг” гэдэг шиг тоглоомоо шударга болгохын тулд зөвлөдөг хяналт хэрэгтэй биз дээ. Үндэсний зөвлөлийн даргыг УИХ батлана. Засгийн газрын төлөөлөлд нь сангийн, эрүүл мэндийн, нийгмийн хамгаалалын асуудал хариуцсан төрийн байгууллагаас төлөөлөл оролцоно.

Амьхандаа зорилт, хяналт, үйлчилгээ, ил тод байдлыг сайжруулах гэж байгаа ухаантай. Үндэсний зөвлөлөөс Эрүүл мэндийн даатгал байгууллагын даргыг томилно. Томилж чадсан юм чинь халах эрх мэдэл ч бас байна. Үндэсний зөвлөлийн дарга гэхээр яаманд ч захирагддаггүй, нэг их эрх мэдэлтэй хүн гараад ирнэ гэж битгий бодоорой. Зөвлөлийн гишүүдийн 30-аас доошгүй хувийн саналаар даргыг огцруулж болно.

Үндэсний зөвлөл ажлаа УИХ-д тайлагнана. Зөвлөлийн гишүүд жил бүр хөрөнгө орлогын мэдүүлгээ олон нийтэд гаргаж өгнө. Яаж мэдэх вэ эмнэлгүүдтэй хуйвалдах вий, түмний мөнгөөр  хаус хувьдаа барьчихвий л гэж муу санаалж байгаа хэрэг. За ингээд нэг Үндэсний зөвлөл гэдэг хараат бус байгууллага байгуулаад авлаа. Энэ байгууллага маань юу хийх бэ гэсэн асуулт гарч ирнэ.
Эхний ээлжинд иргэн Дорж  Эрүүл мэндийн даатгалдаа хэдэн төгрөгийн шимтгэл, даатгуулагчийн төлөх төлбөрийн хэмжээг тогтооно. Таны цалингаасаа төлдөг даатгалын хэмжээ эрүүл мэндийн чинь аюулгүй байдлыг сахин хамгаалж чадах уу, үгүй юу гэдгийг хэлэлцэнэ. Тэгээд нэг тоо гараад ирэнгүүт иргэд мөнгө төлнө. Тэр мөнгийг нь цуглуулаад Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг батлана.
Үндэсний зөвлөл Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас гарсан  тусламж үйлчилгээний багц, эмнэлгээ сонгох, үйлчилгээний чанар, төлбөр, арга хэмжээ, хяналт үнэлгээ гэх мэт саналуудыг авна. Энэ саналууд дээр үндэслэн шийдвэр гаргана. Мөн орон нутгийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, зорилго, үйл ажиллагааны стартеги төлөвлөгөөг нь баталж өгнө.

Мэдээж Иргэнийн эрүүл мэндийн даатгалын болон бусад хууль тогтоомжийн биелэлт, Эрүүл мэндийн даатгалын байгууллагуудын үйл ажиллагаа, зардал зэрэгт хяналт тавина. Нөгөө талд даатгуулагчийн эрх ашиг гэж амин чухал зүйл бий. Иргэдэд хүрч буй үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнгийн талаар судалгаа авч өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ.  
Мөн Эрүүл мэндийн даатгалын байгууллагуудаас иргэдэд хэр зэрэг үйлчилгээ үзүүлэв, ямар ямар ажил хийв гэдгийг тайлангаар хүлээж авна. Нэг ийм гурвалсан амьд тогтолцоо бий болох нь дээ. Үндэсний зөвлөлийг даатгалын байгууллагын даргын саналаар хуралдуулна. Ер нь тогтмол хуралдах чиг үүрэгтэй байгууллага юм.

Үндэсний зөвлөлийн дор Эрүүл мэндийн даатгалын байгууллага байна. Үүн дотор Эрүүл мэндийн нийгмийн даатгалын газар, орон нутгийн салбар, хэлтэс, нэгж байцаагч гэж задарна. Босоо удирдлагатай бүтэц гээд ойлгочихож болно. МҮЭХ-ноос Эрүүл мэндийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд  дээрх санааг хүргээд байна.
Засгийн газраас өргөн барьж буй Эрүүл мэндийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 24.2. дугаар заалтад “Улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар, өвчин эмгэгийн жагсаалт, санхүүжүүлэх арга, төлбөрийн хэмжээ болон эрүүл мэндийн байгууллагыг сонгох журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн эрүүл мэндийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэжээ.

Энэ заалт маш том гажуудал дагуулна. Өөрөөр хэлбэл ЭМЯ-ны сайд С.Ламбаа аль эмнэлэгт санхүүжилт өгөх үү, ямар өвчин эмгэгээс төлбөр авах уу, хэдэн төгрөг авах уу гэдгийг шийдэх болно. Харин бид бол ганц яам биш, хэд хэдэн яамны хяналт, дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог зөв гольдрилд нь оруулья гэж байгаа юм. Үүнийг ЭМЯ-ны сайд С.Ламбаа мушгин гуйвуулж Эрүүл мэндийн даатгалын санг С.Ганбаатар авах гэж ярьж байна лээ. Үгүй дээ тийм байхгүй. Ард түмний хуримтлал, санг идэж уудаг үе аль хэдийнэ дууссан. Миний хувьд Үндэсний зөвлөлд урьсан ч орохгүй гэдгээ албан ёсоор хэлье.
Эрүүл мэндийн даатгалын сан ард иргэдээсээ бус улс төрөөс, Засгийн газраас  хараат байна гэдэг энэ салбар тэр чигээрээ сүйрэхын дохио юм. Эрүүл мэндийн хулгай хийсэн эмч нартайгаа хариуцлага тооцож чадахгүй байж иргэдийн мөнгийг авах гэж улайрна вэ. Иргэдийнхээ эрүүл мэндэд ингэж санаа зовдог бил үү. Эвдрээд бүтэн жилийн нүүр үзэж байгаа  MRI- гаа засуулах талаар юу хийсэн юм бэ. Энэ удаан хөшүүнгэ байдал хувийн эмнэлгүүдийг үйлчлүүлэгчээр дүүргэж байна.

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганаар Эрүүл мэндийн хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Их олон хуулийн заалтыг  нааштайгаар шийдэх эхлэл тавигдсан ч Эрүүл мэндийн даатгалын байгууллагыг бие даалгах дээр гацсан. Тэр гацаанаас гарахын тулд төсвийн байнгын хороо руу шилжүүлчихээд байна.
Эрүүл мэндийг байгууллагыг Засгийн газрын мэдлээс гаргахгүй бол өнөөх тоног төхөөрөмжийн шахаа, өвчтөний хуурамч түүх, зөвшөөрөл  лиценцийн авлига байсаар байх болно. Энэхүү байгууллагыг бие даалгасанаар Эрүүл мэндийн салбарт хяналт тавих бололцоо нээгдэнэ. Нэг сумаар нэг биш хэд хэдэн туулай буудаж болмоор байгаа биз.

Засгийн газрын мэдэлд Эрүүл мэндийн даатгалын байгууллага байсаар байх аваас төсвийн цоорхой нөхөх зараалын морь адил гэлдэрсээр байх болно. Хараат бус оршин тогтнох аваас эмнэлгүүдтэй хариуцлага тооцох чадамж бүрдэнэ.  Ажил нь сайжраагүй, гүйцэтгэл муу, иргэдийн сэтгэлд хүрч чадаагүй эмнэлэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгохгүй. Иргэдэд шаардлагатай байгаа найрсаг, чанартай үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийг сонгож үйлчилгээг нь худалдан авах зэргээр ажиллах боломжтой болно.
Ийм хөшүүрэг хэрэглээд ирэхээр эмнэлгүүд үйл ажиллагаагаа сайжруулж иргэдийнхээ араас явах болно. Эмнэлгийн нэр хүнд сайжирч, гадаад руу эмчилгээнд явдаг урсгалыг зогсоож чадна. Ийм гаргалгаа, хөшүүрэг байна гэдгийг УИХ-ын гишүүд ойлгоосой. Яг ийм гарцыг надтай адил олж харсан УИХ-ын арав гаруй гишүүдэд дахин дахин талархая. Эдгээр гишүүд иргэдийн “Эрүүл мэндийн үйлчилгээг авч чадахгүй байна” гэсэн гомдлыг барагдуулах гэж яваа улс төрчид юм.

Хүн төрөлхтөнд байгаль цаг уурын өөрчлөлтөөс хамаарсан гэх танигдаж мэдэгдэхгүй янз бүрийн өвчин эмгэг гарч байна. Эдгээр гай түйтгэрийг эрүүл саруул, дархлаатай хүн л дайраад гарна. Тийм учраас Эрүүл мэндийн салбар хүчирхэгжиж, хүн бүхэнд хүрэх ёстой. Тийм учраас Засгийн газраас Эрүүл мэндийн даатгалын байгууллагыг салгах гээд байгаа юм.

Энэ бүхнийг ойлгуулах гэж хэдэн жил ярилаа. Ойлгосон ч хийдэггүй улс төрчид бий. Тийм улстай сонгуулиар л иргэд хариуцлага тооцчих болов уу: Миний гаргаж байгаа санал санаачилга бүхний цаана иргэдийн дуу хоолой гэдгийг шийдвэр гаргах эрх мэдэлтэнгүүд мэдэрч байгаа.  Би мундагтаа дээрх санааг бодоод олчихсон юм биш. Уг нь дэлхийн олон улс оронд хэрэгждэг, туулаад явчихсан зам харгуй л даа.

МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж