Сонгон шалгаруулалтгүйгээр авто зам барина

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Сонгон шалгаруулалтгүйгээр авто зам барина

Автозамын компаниуд тех­ник, тех­нологийн чадавхиа хэрхэн сайж­руу­лах вэ гэж толгойгоо өвт­гөж эхэлжээ. Өөрсдийн нөөц болол­цоонд таарсан замын тен­дер авч, хэр чадлаараа хийж ирсэн тэд төрийн том даалгавар гүй­цэт­гэх болсон байна. Энэ нь “Шинэ бүтээн байгуулалт” хө­төл­бөрт тусгасан авто замын барилгын ажил юм. Үүнд нэлээд ажил төлөвлөсний, 1200 км авто замыг энэ онд эхлүүлэх гэж бай­гааг үндэсний компаниудаар гүйцэ­т­гүүлэх шийдвэрийг Зас­гийн га­зар гар­гажээ. Засгийн газ­рын тогтоол гарахад компаниудад хэрхэн автозамын төс­лүү­дийг хуваарилах нь тодор­хой бо­лох гэнэ. Товчхондоо бол тен­дер зарлаж, сонгон шал­га­руулалт явуулахгүйгээр авто замын ажлуудыг үндэсний компаниудтай шууд гэрээ хийж гүйцэтгүүлнэ гэсэн үг.

Уг нь эдгээр ажлыг Концессын гэрээгээр хийж гүйцэтгэх байв. Концессын гэрээгээр хийх 121 тө­сөл бүхий жагсаалтыг Засгийн га­зар өнгөрсөн оны наймдугаар сард батлан гаргасан. Үүнд авто замын 50 орчим төсөл багтсан байсныг Засгийн газрын хуралдаанаараа ийн хассан байна. Эдгээр төсөл нь ВТ буюу барьж байгуулаад, төрд шилжүүлэх, төр хүлээж авахдаа төлбөрийг төлөх нөхцөлтэй бүтээн байгуулалтын төсөл байсан юм. Концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт орсон талаар Төрийн өм­чийн хорооны Төр, хувийн хэвш­лийн түншлэл, концессын газ­рын дарга Б.Заяабалаас тод­руулахад “Засгийн газар шийд­вэрээ гарга­сан, тогтоол нь хараахан эцэслэн гараагүй байна” гэсэн товч хариулт өгсөн юм. Төрийн өмчийн хороо концессын гэрээгээр хийж гүйцэтгэх гурван авто замын төс­лийн сонгон шалгаруулалтыг зар­ласан байгаа. Эдгээр гурван тө­сөл нь бариад, ашиглаад, төрд шилжүүлэх гэсэн төрөлтэй учраас Концессын зүйлийн жагсаалтаас хасагдаагүй юм байна.

Концесс гэх цоо шинэ нэр томьёо, бүтээн байгуу­лалтын цоо шинэ аргыг Монгол Улс хэрэг­лэж эхэлж байна. Концессын ту­хай хууль­тай ч болж, ийм гэрээ­гээр хийж гүйцэтгэх бүтээн байгуу­лалтын төслийн жагсаалтыг ч гарсан. Өргөн хүрээг хамарсан сургалт явуулсны дүнд эхний аж­лын зарлалыг Төрийн өмчийн хороо зарласан нь хараахан дүнгээ гаргаагүй байна. Харин 121 жагсаалт 70 орчим болж цөөрөх болов.

 Концессын зүйлийн жагсаалтад оруулсан байсан авто замын төс­лүүдийг Засгийн газар ийн онц­гойлон салгаж авсан нь учир­тай аж. “Шинэ бүтээн бай­гуулалт” хөтөлбөрт тусгасан авто замын ажлын 1200 км-ыг энэ онд эхлүүлж, зардлыг нь Засгийн газар бонд гаргаж санхүүжилтийг босгох эсвэл Хөгжлийн банкаар дамжуулах гэсэн хувилбараар ярьж байна. Одоогийн байдлаар тогтоол гараагүй байгаа учраас “Шинэ байгуулалт хөтөлбөр”-ийн авто замыг хэр­хэн барих нь тодорхойгүй бай­гаа юм. Юутай  ч дотоодын  авто­замын компаниуд саалинд явахаа мэдэж, саваа бэлдэж эхэлжээ. Техник, хүчин чадал тарамдаж магадгүй тул тэд нэгдэж 6-7 кон­сорциум байгуулаад байна. Тухайл­бал, Монголын авто за­мын компаниудын нэгдэл, Үндэс­ний бүтээн байгуулалтын нэг­дэл зэргийг нэрлэж болохоор. Түүнчлэн төрөөс техникийн хүчин чадлаа сайжруулахад нь татварын орчноор туслах зэргээр дэмжих ту­хай шийдвэр гаргагчдын төвшинд ярьж буй ажээ.

Засгийн газар өнгөрсөн на­мар шийдсэн ажлаа хагас жилийн дараа өөрчилж, их бүтээн байгуулалтын ажлыг яаруу сандруу ийн шийдэж буй нь нөгөө талаас эрсдэлтэй байх вий гэсэн болгоомжлол төрүүлж байна. Концесс болон тендер нь үнэлгээний хорооны шүүлтээр орж, шалгардаг. Шалгарсан ком­паниуд ч ажлаа чанартай, хариуц­лагатай хийхийг эрмэлзэх нь тодорхой. Харин төр шууд гэрээ байгуулж, авто замын барилгын ажлыг гүйцэтгүүлэх нь чанарын асуудлыг орхигдуулах вий. Тө­рийн юм үнэгүй гэгчлэн ямар ч шал­гаруулалтгүй хийсэн ажлын үр дүн сонгуулийг өнгөрөөх гэсэн түр зуурын ажил биш байгаа даа.

Б.БЯМБАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж