Алуурчин төрийн ордон дотуур алхаж л байг

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Алуурчин төрийн ордон дотуур алхаж л байг

Монголын ардчилсан хувьсгалын алтан хараацайн нэг Д.Баасан лам  өнгөрөгч нэгдүгээр сарын 30-ны өдөр таалал төгссөн юм. Талийгаачийн 49 хоног дууссаны дараа түүний эхнэр З.Алтанцэцэг, Д.Баасан ламыг бусдад хорлогдож, ёс бусаар нас барсан гэх мэдээлэл хийснийг уншигчид санаж байгаа  байх. Тэрбээр  Д.Баасан ламыг хордуулсан талаарх нотлох баримтыг  хууль, хяналтынханд өгч шалгуулахаа мэдэгдэж  байв. Д.Баасан ламыг хордуулсан гэх  шалтгаан, хууль хяналтынхан асуудалд хэрхэн хандаж байгаа  талаар талийгаачийн эхнэр З.Алтанцэцэгтэй ярилцлаа.

-Ханиа бусдад хорлогдсон гэж та үзэж байгаа. Гэвч хордуулсан гэх үндэс­­лэлийг зарим хүн төдийлөн сайн ойлгоогүй өнгөрсөн юм шиг санагд­даг. Талийгаачийг чухам яа­гаад хорд­сон гэж үзэж байгаа юм бэ?

-Өөрийн чинь тавьсан асуултад хүс­сэнээр чинь хариулъя гэж бодъё. Хариулт хэнд ашигтай болохыг, хэнд дахин гарз хохирол учирч, эргээд нөхөх аргагүй зовлонд хэн унаж  болохыг та тооцоолсон уу. Ламтны хав харанхуй нийгэм дотор амьдарч, тамлагдан шоо­дог­дож, эцэст нь хорлогдож хор­воо­гоос зүй  бусаар одох нь хэнд хэрэгтэй  байсан тухай баримтуудыг дээдсүүдэд, ардчилагчдад, андалж зүтгэж явсан нөхдөд нь,  хууль хя­нал­тын  байгууллагын дээд албан тушаалтнуудад ч өгсөн. Эдгээр баримт материал буух эзэнтэй, буцах мөртэй, гэрчүүдтэй. Алуурчин этгээд тодорхой  байхад асуудалд ийм хачин чимээгүй хандаж буйд ганц би биш, энэ тухай мэдэж буй олон хүн гайхшран хүлээж байна. Хүлээх л болно. Алуурчин этгээд зулын бадам мэт гэрэлтэн ба­дарч л бай. Зул  бөхөхийнхөө өмнө  их гэрэлтэж бадарсаар унтардаг даа. 2012 оныг хүртэл хүлээнэ ээ. Алуурчин одоохондоо Төрийн ордон дотуур ал­хаж  л  байг.

-Хууль хяналтын байгууллага ба­римт материалыг шалгасан уу?

-Тийм ээ. Дүүргийн хэмжээнд шал­гасан л даа. Гэвч тэд бидний хүрээнээс хэтэрсэн асуудал   байна гэсэн. Тэднийг албадах нь амиа бодсон хэрэг болно. Би үхэхээр чи үх гэж буйтай адилхан шүү дээ. Айхаас ч яахав дээ, хөөрхийс. Долдугаар сарын 1-нд хохирсон  200-аад цагдаагийн зөрчигдсөн эрх, эрүүл мэндийн асуудлыг ч шийдэж чадахгүй байгаа хүчний байгууллага шүү дээ. Тушаал өгсөн эрх мэдэлтэн нь тодорхой байхад ямагт хариуцлагаас зугтсаар өнөөдрийг хүрсэн. Харин үүрэг авсан цагдаа нар, тэнд оролцсон ард түмний үрс хохирол амсаад, зарим нь ял эдэлж байна. Гэтэл хэрэг хариуцах эзэнгүй зүгээр л мэтгэлцээний талбар болж хувирлаа. Үүнтэй л адил зүйл болоод байна.

-Өвчний онош өөрчлөгдсөн та­лаар ч та ярьж байсан. Оношийг хэн, яаж өөрчлөв өө?

-Анхны онош нь архины гүн хорд­лого, нойр булчирхайн цус харвалт гэж гарсан. Гэтэл энэ хүн архинд хордох нь битгий хэл, архи уух  ч завгүй  яв­сан. Эмч нар эхлээд хэн болохыг нь мэдээгүй учраас үнэн зөв оношилсон юм. Харин хэн болохыг нь мэдсэнийхээ дараа оношийг огт өөр болгосон байгаа юм. Бүх эрхтэн системд нь өөрчлөлт байхгүй мөртлөө нойр булчирхайн цус харвалт гэх онош нь зүрхний шигдээс болж хувирсан байна  лээ. Надтай мэр­гэ­жил нэгтэй бяцхан “дүү” нар том сандарч байна даа. Гэхдээ надад анхны баримт нь бий. Үүнийгээ олон хувилаад тараасан байгаа.

-Та Д.Нинж нарын хүмүүс  “Eagle”  ТВ-ээр  таны ханийн үхлийн шалт­гааны талаар  ярьсанд ихэд дургүйцэж байсан шүү дээ. Тэд чухам юу ярьсан  юм бэ?

-Д.Нинж нар миний ханийн 49 хоног ч дуусаагүй байхад ясыг нь  өндөлзүүлж, мэдээлэл хий­сэнд би эмзэглэсэн. Гэхдээ Д.Нинж бол ингэж ярих эрхтэй хүн. Дотны хүнээ алдсан хүний сэтгэлийг би мэдэр­нэ. Харин Д.Нинжийн ар талд нэг их гашуудалтай Н.Удвал нарын хүмүүс эгнээд суучихсан байсан. Монголын алдарт хувьсгалт намын Н.Удвал мэтийн амьтдад улс төр хийж явах эрх байхгүй шүү. МАН-ын нэрийг нандигнан авч яв­сан ламтантай зүйрлэхийн аргагүй арчаагүй амьтад. Түүхээ ч олигтой мэдэхгүй байж бас улс төр хийх санаатай. Би нэгэн жишээг түүхэн хуудаснаас иш татаж хэлмээр  байна. /Мон­голын хувьсгалт  залуучуудын эвлэл хэрхэн байгуулагдсан тухай ах­мад зүтгэлтнүүдийн дурсамж. Мөнх дурсгалт  эхний хуудсууд Ш.Банзрагч/ 1963 он 26 дугаар талд/ Үндэстний  тойм сэтгүүл дээр гарснаар “…Чиний аав, ээж лам багш, ах дүү хэн боловч хувьсгалын үйл хэрэгт гаж буруу хэрэг үйлдвээс чи яах вэ? гэх асуулт тавиад Хайр найргүй  тэмцэж устгана гэж хэлүүлэн элсүүлдэг байжээ…”. Залуучуудыг ийм л шалгуураар элсүүлдэг байсан. Эцэг эх, лам багшаа бууны аман дор зогсоож байгаад нүд цавчилгүй буудаж, тэднийгээ матаж, тагнаж, туршиж, үйлийг нь үзэж, үстэй толгойг нь үхтээлгэж явсан нь үйлийн үрийн боловсрол л байх. Тиймээс барих биегүй, хариуцлага тооцох эзэнгүй намаар айлган сүрдүүлж, нийгмийн хамгийн үнэ цэнэтэй зүйл болох ёс зүйг эвдсэн хав харанхуйд дурлагсдад ламынхаа нэр хүндийг  жанч халсан ч ашиглуулахгүй гэдгийг анхааруулъя. Та нарт миний ханийн үхэл тийм их хэрэгтэй байсан юмуу гэж  асуумаар байна.

-Талийгаач МАН гэх нэрийг олон жил хамгаалж явсан. Яагаад хуучин МАХН-ын нөхдөд шилжүүлэх шийд­вэр гаргасан юм бол?

-Ламтан бол сэтгэгч, алсын бодол­той, ямар ч үед зоригтой, ухаалаг алхам хийж чаддаг хүн байсан. Мон­гол Улс түүхгүй, ой санамж ч үгүй болсон. 1924 оноос гадны улсын улаан коментерн гэгчийн нөлөөгөөр үнэн түүх арчигдаж, түүхээ мэддэг генийн фондуудыг нь сорчлон устгасан. Энэ гажуудлыг засч залруулах  бусдад хү­лээн зөвшөөрөгдсөн бүтэц,  бодлого  бүхий, ард түмний эрх ашигт нийцсэн, улс төрийн хүчин байгуулахын чухлыг ламтан мэдэрч байсан юм билээ. Тиймээс оюун ухаанаасаа өвлөгдөж гар­сан МАН хэмээх унаган нэрээ залгамжлахыг хүссэн. Хуучин намын доторх  өөдрөг, шинэ сэтгэгчдийг дэмжиж, нандигнан явсан МАН нэрээ эрмэлзэх арван зүйлтэй нь, бурхантай нь, номтой нь шилжүүлсэн юм. Үр дүн нь гарч л  байна. МАН-ын түүх хэмээх есөн боть номын долоон боть нь хэвлэгдэн гарлаа. Хэр үнэн бичсэн болохыг сурвалжлагч та олж уншаарай.

-Тантай МАН нэрээ өгөх талаар зөвлөлдсөн үү?

-Ямар ч асуудлыг надтай зөвлөдөг. Ламтны гаргасан энэ зоримог бөгөөд зөв шийдвэрийг би дэмжсэн. Гаргасан  шийдвэрүүд нь  бүтэл муутай байсан удаагүй. Дандаа нийгмийн сайн сайхны төлөө байдаг учир дэмжихгүй байхын аргагүй.

-МАН гэх нэрийг их хэмжээний мөн­гөөр худалдсан гэх хардлага бий. Үүнд  ямар тайлбар өгөх вэ?

-МАН  1921 онд байгуулагдсан түүх­тэй. Наймдугаар богд Жавзандамба хутагт хүртэл МАН-ыг байгуулахад оюун сэтгэлээ зориулж явсан. Ийм учраас энэ нам жинхэнэ монгол язгуур­тай. Ламын ярьснаар МАН дэлхийд хамгийн өндөр настай нам юм билээ. Нэг хүний өмч биш, Монгол Улсын түүхийн өмч. Хэн дуртай нь зарж иддэг бараа таваар биш. Зарим зоргоороо дур мэдэн чалчдаг нөхдүүд байна. Тэдний яриагаар ма­най лам учиргүй баян болчихсон шүү дээ. Таван давхар хаустай, 140 сая төгрөгийн үнэтэй машин унаад салхи сэнгэнүүлэн давхиж явдаг. Бас болоогүй хагас сая доллар өвөртөлж, алтан загасны үлгэрийн эмгэн болох шахсан. Уучлаарай, МАН-ын нэрийг өгөөд сохор улаан зоос ч аваагүй юм шүү гэдгийг албан ёсоор мэдэгдэе. Харин ламтан алд биеэ даавуугаар ороолгоод алдсан, өгсөн юм ихтэй хорвоогоос явсан юм шүү.

-Талийгаач ямар үйл хэргийн төлөө явсан, ямар хүн байсан талаар ярихгүй юу?

-Ламтан шашны дээд суургуулийг онц төгссөн ганц хоёрхон хүний нэг. Ардчиллын салхийг Гандангийн дэнж дээр сэвэлзүүлсэн цорын ганц лам. ОХУ-д Олон улсын харилцааны чиглэлээр сургууль дүүргэж, Монгол­доо төрийн удирдлагын академийг төгссөн өндөр боловсролтой хүн байсан. Есдүгээр богдыг Монголд залахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэж Монголын буддын шашны мандах, ард түмний тахин шүтэх эрх чөлөөг бий болгох,  Гандан хийдээ сэргээхийн төлөө энэ хүн ардчиллыг эхлүүлсэн гэж боддог. Тийм ч учраас устгагдсан 70  гаруй  сүм хийд сэргэж, хурал номоо хурж байна. Төр, сүм хийдийн харилцааны асуудлыг цэгцлэх, мар­гаан­тай асуудлыг шийдвэрлэх ажлыг сэдчихсэн явж байсан. Монголын буд­дын шашны тэргүүн хэн байх тухай есдүгээр богдыг анх зарласан хүн. Үүнээс гадна нийгмийн халамжаас тусгаарлагдсан  лам нар амьдралдаа хүрэхгүй  цалин авч байгаа тухай хөн­дөж үүнийг өөрчлөхийн төлөө эцсийн амьсгалаа хураах хүртлээ тэмцлээ. Харамсалтай нь, энэ бүхнээ гүйцэд хийж чадсангүй.

-Та ханиа олон жил хэлмэгдэж, дарамт шахалтад амьдарсан гэж ярь­даг. Талийгаачийг хавчин гадуур­­­­хах ямар шалтгаан байсан юм бол?

 -Тийм ээ. Дэндүү, дэндүү  үнэн. Хорин жилийн турш хэлмэгдэж, дарам­танд амьдарсаар дууслаа. Ламын  үйл хэрэг, тэмцэл  зарим хүний  атаа хорслыг их төрүүлдэг байсан болов уу. 1990 онд ардчилсан хувьсгалыг хийчихээд одоо буян номоо дагая, түүхээ судлая, номоо бичье гэсэн бодлоор гандан хийддээ очсон юм. Гэтэл хамба лам Д.Чойжамц  шашир, жанчийг нь өгөлгүй, олон хүний өмнө Д.Баасан ламыг “Ардчилагч  лам, нийгмийг үймүүлэгч этгээд ганданд суухгүй” гэж хөөж гаргасан байдаг. Өрөвдмөөр байгаа биз. Энэ цагаас л хэлмэгдүүлэлт, дарамт эхэлсэн. Үүний дараа ламтан  гандандаа буцаж очих өргөдөл бичээд сууж байсныг тод санаж байна. Тэгээд “Би ийм юм бичиж суух  ч гэж дээ. Манай лам нарын амьдрал, гандан хийдийг авч яваа хүмүүсийн үнэн  царай үнэхээр гутмаар байна. Би энэ бүхнийг дэлгэвэл  шашныхаа нэр хүндийг гутаасан даанч муухай  хэрэг болно.  Ард түмэн үнэмшихгүй болов уу. Ер нь больдог юмуу даа. Мөрөөрөө номоо бичээд, буянаа хийгээд явж  байя” гэж ярьж байсан. Ийм тэсвэртэй хүн. Хэтэрхий тэсвэртэй байх дэмий юм  байна  гэдгийг би одоо  л ойлгож байна. Хань маань өөрийгөө умартан бусдын эрх ашгийн төлөө  тэмцсэн. Үүгээрээ энэ хүн сайн явбал явахаар л боллоо. Үгүй юм байна.

-Ганданд суух эрхгүй болоод “Гэсэр” сүмд очсон гэлүү?

-Гандан хийдээс гутамшигтайгаар хөөгдөөд өөрийн гэсэн хурал номын байртай болъё гээд хөөцөлдөж эхэлсэн. Үүнийх нь үр дүнд Нийслэлийн Засаг даргын 2001 оны аравдугаар сарын 3-ны өдөр 148 тоот тогтоолоор хуучин “Гэсэр” сүмийн цогцолборыг ламтанд хүлээлгэж өгсөн юм. Хийдээ хүлээж аваад их баярлаж байсан даа, хөөрхий. Шашны төлөө олон жил гүйснийх ямар ч гэсэн сүмийн мухарт орлоо гэж. Хурал ном нь хураад 21 хонож байхад Гандантэгчинлэн хийдийн санхүү, бусад бүхий л асуудлыг хариуцдаг Хяналтын албаны дарга Гүнчин-Иш буу шийдэмтэй хүмүүс дагуулж ирээд хурлыг нь тарааж,  ном судрыг нь гаргаж чулуу­даад, ­үүд хаалгыг нь түгжсэн. Тэд “Гэсэр” сүмийг булааж авахын тулд  2001 оны аравдугаар сарын 19-нд “Гэсэр” сүмд байрлаж буй хийдүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг Бурхан шашинт­ны төв Гандантэгчинлэн хий­дэд үүрэг болгох тухай бас нэгэн захирамж гэгчийг  гаргуулж авсан юм билээ. Үүгээрээ далайлган хөөж туусан байгаа юм.  Миний хань “Гэсэр” сүмээсээ хөөгдчихөөд гадаа нь гурван цаг чимээгүй суусан, их өрөвдмөөр. Ингээд цөхрөнгөө барахдаа дуганыхаа ардхан талд таван ханатай монгол гэр бариад хурал номоо явуулж байхад байн байн гэрээс нь бурхан тахил, судар номыг нь хулгайлж, арц хүжийг нь гадаа гаргаж хаядаг байсан. Гэрт байсан хосгүй үнэт Лхам бурхан алга болсонд л их харамсаж явдаг. 1800 оны хийц, шүр, номин, алт, мөнгө зэрэг  эрдэнэсийг нухаж, нунтаглаж, будгийн хэлбэрт оруулаад зурж бүтээсэн Монголд цорын ганц байдаг,  хосгүй үнэтэй бурхнаа алдсан.  Хулгай орох болгонд Чингэлтэй дүүргийн цагдаа дуудна. Сүүлдээ танайд зохион байгуулалттай хулгай орж байна гээд  тоохоо больсон.  Бас Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржийн тангараг өргөх ёс­лол 2009 оны зургадугаар сарын 18-ны өдрийн  12.06 цагт болоод ламтан  оролцохоор явсан юм. Энэ хойгуур нь Гүнчин-Иш ламтны гэрийг тойруулаад төмрөөр хашаа хийж, хаалга үүдийг нь хүртэл гагнаад орхисон байсан. Гэртээ орох аргагүй болсон учир сүмийнхээ хашаанд зуны пинд суудаг болсон. Гэтэл бас  л зүгээр байлгахгүй гадуур нь шээнэ, байнга хөөж тууна. Гүнчин-Иш лам хүн  хэрнээ “Би амьдармаар байна, би олон хүүхэдтэй хүн” гэнэ. “Гэсэр” сүмийн өрөөнүүдийг түрээслүүлж, хөзөрчин хүртэл суулгадаг. Үнэн байд­лыг хэлэх юм бол хөөж тууж, зодож нүднэ. Энэ бол өнөөгийн буддын шашны үнэн нүүр царай. Энэ бүхнийг  ламтан мэдэхийн цаагуур мэдэж байсан ч хэзээ нэг өдөр өөрчилнө гэсэн бодлоор чимээгүй явж ирсэн юм. Бузар булай бүхнийг илчлэх цаг нь сая нэг ирсэн боловч, хорлогдчихлоо шүү дээ. Сүм хийд гэдэг цэвэр ариун, ашиг хонжооны төлөө бус, буяны газар байх ёстой гээд төсөл гаргачихсан байсан. Даан ч биелүүлж чадсангүй, эрт явлаа  даа. Энэ бүхнийг хэлмэгдэл гэхгүй өөр юу гэхэв дээ.

-Ламтан нас барахаасаа хэд хоно­­гийн өмнөөс сэтгэл санаа нь тогтворгүй байсан гэсэн. Ийм зүйл болохыг таамаглаж байсан юм болов уу?

-Тийм ээ. Өөрийнхөө үхлийг мэдэж  яваад өнгөрнө гэдэг эгэл бидний хувьд  аймаар зүйл. Харин эгэл бус, төрөл өндөр тэр хүний хувьд өөр байх. Ямар ч гэсэн агуу үүрэг хүлээсээр аяарладаг ийм л хүн юм байна. Би хожим л ойлголоо. Одоо надад алдах юм байхгүй. Яагаад гэвэл би хамгийн эрхэм, нандин хүнээ алдлаа. Би үхлээс ч айхгүй  байна. 

-Та эмч хүн. Ламтны эрүүл мэн­дийн байдлыг хэнээс ч илүү мэдэх байх. Амьсгал хураасны дараа хумс хар­ласан нь ямар учиртай байдаг юм бэ?

-Хумс, шүд тас хар болох цорын ганц шалтгаан  нь хор. Энэ бол дэндүү үнэн дэлхийн практик. Манай хүн ямар ч хууч өвчингүй  байсан. Задлан шинжилгээгээр бүх эрхтэн систем нь эрүүл гэж гарсан шүү дээ. Би 20 гаруй жил эмчээр ажиллаж байна. Эмчийн нүдийг юу ч хуурдаггүй л байхгүй юу. Гэвч би ханийнхаа хордуулсан байсныг мэдэхгүй явсандаа л харамсаад байна. Ний нуугүй хэлэхэд ламтан хор тайлах эмчилгээг өөртөө хийж байсан байна лээ. Үхэхээ ч мэдэж байсан учраас хүмүүст зөндөө юм үлдээсэн. Би шинжээч эмчээс нь “Яах аргагүй хордуулсан учраас үснээс нь заавал дээж  аваарай” гэж гуйсан л даа. Яагаад гэвэл үсний шинжилгээгээр ямар ч хорын хэмжээ, төрөл нь гарч ирдэг. Манайд  энэ чиглэлийн мэргэжилтэн байдаг юм билээ. Харин лаборатори нь ямар болохыг сайн мэдэхгүй юм. Харин тэр эмч “Лам хүн болохоор толгой нь үсгүй байсан” гэсэн байгаа юм. Толгой нь үсгүй байж болно, хоёр суганд нь үс байхгүй гэх анатом ярьдаг эмчийг л гайхаад байна. Аргаа ядсан хүний л хариулт байхгүй юу.

-Та ламтныг хордуулсан хүн нь то­дорхой гэлээ. Яагаад илчлэхгүй байгаа юм бэ?

-Гэрч, нотлох баримтууд байна. Олон хүн илчлэхээс айж байгаа байх. Хуулийнхан ч болгоомжилж байх шиг. Айх хэрэггүй шүү дээ. Саяхан МҮОНТВ-ээр Ерөнхий про­курор Д.Дорлигжав “Хууль эрх зүйн орчинд онцгой өөрчлөлт хийнэ. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийг бүрэн гүйцэтгэдэг механизмийг бий болгоно” гэж ярьж  байна лээ. Тэгэхээр нийгэмд байгаа шударга бус зүйлс зөв голдрилдоо орно гэсэн найдвар тээгээд хүлээж байна.

-Цаашдаа та яах вэ. Үр хүүхдээ бодоод чимээгүй суух уу?

-Би өнөөг хүртэл чимээгүй байгаа­гүй. Холбогдох  хүмүүст баримтуудыг нь өгчихлөө. Хариуг нь хүлээж байна. Тэд ямар арга хэмжээ авахыг харж сууна. Би тэртээ тэргүй өнгөрсөн хүн. Надад үхэхээс айх шалтгаан алга.  Эцэст нь би нэг зүйлийг хэлмээр байна. Монголын нийт лам хуврагууд аа, та бүхнийг  эрүүл мэнд, нийгмийн даатгалтай болгох Д.Баасан ламын  хөөцөлдөөд дуусгаж чадаагүй ажлыг  би гүйцээж  хийнэ. Амин чухал, нийгмээс гадуурхагдсан хувь заяаны чинь төлөө зүтгэнэ. Ламынхаа оюун бодолдоо бясалгаж, хийхийг зорьж байсан ажлуудыг заавал гүйцээх болно гэж амалж байна. Цаашид би лам нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр  үйл ажиллагаа явуулах төрийн бус байгууллага байгуулна. Лам, төр сүм хийдийн харилцааны тухай хууль баталж, лам нарын парламент бий болгоно. Үүнийг хийхгүй бол хэсэг бүлэг нөхөд дур зоргоороо аашилж байна. Бас төр, шашны төлөө бүх насаа зориулсан ханийнхаа хөдөлмөр зүтгэлийг үнэлж “Гэсэр” сүмийг Д.Баасан ламын нэрэмжит болгох бодолтой байгаа. Холбогдох хүмүүст нь энэ талаар хүсэлт гаргасан.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Ярилцлагынхаа төгс­гөлд ламтныхаа хэлсэн үгийг танай сонины уншигчдад дамжуулья. “Монгол бичгээ төрийн бичиг болгож, монгол хүн Монголынхоо түүхийг өөрөө бичих нь Монголын тусгаар тогтнолын  баталгаа болно” /2010-12-01 Д.Баасан/  гэж бичиж үлдээснийг хожим би олж уншлаа. Хань маань үнэхээр оюунлаг, номыг дээдэлдэг  хүн байсан учир  оюуны бүтээлийг нь эмхэтгэн хэвлүүлэхээр ажиллаж байгаа.

С.Отгонсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж