Зууны шилдэг роман тайзнаа амиллаа

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Зууны шилдэг роман тайзнаа амиллаа


Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнгөрсөн бямба гаригт анх удаа “Тунгалаг тамир” мюзикл үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэхүү мюзиклыг Төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” романаас сэдэвлэсэн бүтээсэн юм. Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж агсны мэндэлсний 60 насны ойг тохиолдуулан энэхүү мюзиклыг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид, театрын шилдэг тенор, Гавьяат жүжигчин Д.Ганхуяг найруулан тавьж байгаа аж. Ц.Нацагдорж агсан “Тунгалаг тамир” романыг мюзикл болгох ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ үйл хэргийг нь ийнхүү түүний шавь нар үргэлжлүүлж, тайзнаа амилууллаа. Монголын театрын түүхнээ урьд өмнө төдийлөн гарч байгаагүй шинэ төрөл жанрыг сонгон улмаар Монголын ард түмний хайртай романаас сэдэвлэн бүтээсэн мюзиклын хөгжмийг Төрийн шагналт нэрт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж туурвин, цомнолыг Төрийн шагналт Соёлын Гавъяат зүтгэлтэн Т.Төрбат, яруу найрагч Т.Зөнбилэг нар хамтран бүтээжээ. Гурван бүлэг таван үзэгдэл бүхий энэ мюзиклын гол дүрүүдэд УДБЭТ-ын найрал дуучид тоглож байгаа гэдгээрээ онцлог болов.

Гавьяат жүжигчин Д.Ганхуягын найруулан тавьж буй “Тунгалаг тамир” мюзиклын Эрдэнэ-Б.Баатархүү, Итгэлт- Д.Ганхуяг МУГЖ, Д.Шагдарсүрэн, Долгор- Ж.Иймаа, Ц.Алтантуяа, Дулмаа- Б.Урангоо, Б.Уранчимэг, Төмөр- О.Батбаатар, А.Анар-Эрдэнэ, Түгжил- Б.Мөнхтөр, Бадарч тахар- Х.Тамир, Галсан-С.Баттулга, Д.Шагдарсүрэн, Довчин бэйс- Б.Энхсайхан, Гэрэл-Д.Цэрмаа, Б.Нямсүрэн, Хятад тогооч- С.Баттулга, М.Даваадорж, Бат Эрдэнийн хүүхэд – Б.Ганцогт, Хонгор- Д.Эрдэнэ-Очир, Гэрийн эзэн- О.Анхбаяр нар тус тус тоглосон.  
Мөн энэхүү мюзиклын ерөнхий зураачаар соёлын тэргүүний ажилтан Г.Ганбаатар, хормейстер соёлын тэргүүний ажилтан Н.Дашбямба, хөгжмийн найруулагчаар Б.Алтанхуяг, туслах хормейстер Д.Отгонбаатар, туслах найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Е.Сарантуяа, бүжиг дэглээчээр Н.Чинзориг нар ажиллажээ. Зууны шилдэг романаар сэдэвлэсэн энэхүү мюзиклыг энэ сарын 23-нд дахин нэг удаа тоглоно гэдгийг сануулья.

М.Дөл  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж