Арилжааны долоо хоногийн тойм

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Арилжааны долоо хоногийн тойм

Монголын хөрөнгийн бирж энэ сарын 4-8-ны хооронд дээр үнэт цаасны арилжааг таван удаа явуулж, 50 ХК-ийн 18.9 сая ширхэг хувьцааг 2.3 тэрбум төгрөгөөр арилжлаа. Топ-20 индекс 24766.57 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 680.03 нэгжээр буюу 2.8 хувиар өсчээ.

Индексийн сагсад багтах Таван толгой /14.9 хувь/, Ээрмэл /12.9 хувь/, Могойн гол /12.5 хувь/, Мах импекс /9.8 хувь/, Ремикон /8.5 хувь/, Шарын гол /7 хувь/, Баянгол ЗБ /3.3 хувь/, Женко тур бюро /3.2 хувь/, БиДиСек /2.5 хувь/, Адуунчулуун /1.9 хувь/ зэрэг компанийн үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөлсөн байна.

Зах зээлийн нийт үнэлгээ 42.4 тэрбум төгрөгөөр буюу 1.7 хувь өсч, хоёр их наяд 525.3 тэрбум төгрөг болсон байна.

Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Хар тарвагатай /32 хувь/, Монгол савхи /18.2 хувь/, Техник импорт /15 хувь/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Монгол нэхмэл /27.7 хувь/, Уран барилга /14.9 хувь/, Сор /14.9 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.

Нийт 50 үнэт цаас арилжигдсанаас 20 үнэт цаасны ханш өсч, 19 үнэт цаасны ханш буурч, 11 үнэт цаасны ханш тогтмол байлаа.

Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Ремикон /9.8 сая ширхэг/, Гермес центр /8.9 сая ширхэг/, Хөх ган /84.7 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна.

Үнийн дүнгээр Ремикон /1.3 тэрбум төгрөг/, Гермес центр /524.2 сая төгрөг/, Багануур /89.3 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.

Б.БЯМБАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж