Аж ахуйн нэгжийн тооллого эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Аж ахуйн нэгжийн тооллого эхэллээ

Монгол Улсын хэмжээнд энэ сарын 15-аас ирэх сарын 15-ны  хугацаанд аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг зохион байгуулж байна. Тооллогод Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулахаар бүртгэгдсэн өмчийн бүх хэлбэр /компани, нөхөрлөл, хоршоо, гадаадын хөрөнгө оруулалттай компани, төрийн өмчит үйлдвэрийн газар, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төсөвт болон төрийн бус байгууллага олон нийтийн байгууллага/-ийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулах юм.

Аж ахуйн нэгж, байгууллагын тоо хэмжээ, байршил, бүтцийг үнэн зөв тодорхойлж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд тэдний оруулж буй хувь нэмрийг тооцох, удирдлагын шийдвэр гаргахад шаардлагатай тоон мэдээллийг бүрдүүлэх болон судалгаа шинжилгээ хийх, хөгжлийн төлөвлөлт хийхэд аж ахуйн нэгж, байгууллагын тооллогын дүнг үндэслэн мэдээлэлийн сан бүрдүүлдэг. Нөгөө талаар манай улс аж ахуйн нэгж, иргэддээ байгалийн баялгийнхаа хувь хишгийг хувьцаа өгөх болон худалдах хэлбэрээр хүртээх гэж байгаа тул  аж ахуйн нэгж байгууллагын тооллогын дүн мэдээ маш чухал ач холбогдолтой болно.

Үндэсний статистикийн хороо ААНБ-ын тооллогыг 1991 онд, удаах тооллогуудыг 1994, 1998, 2006 онуудад явуулж үр дүнг нэгтгэн гаргасан. 2006 онд явуулсан тооллогоор Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэвшлийн 34.8 мянган аж ахуйн нэгж, төсөвт болон төрийн бус байгууллагаас гадна 52.9 мянган хувиараа аж ахуй эрхлэгчдийг хамруулж мэдээллийн санг бүрдүүлсэн дүн мэдээ гарсан байна. Сүүлийн тооллогоос хойшхи таван жилийн хугацаанд аж ахуйн нэгж, байгууллагын бүтэц, цар хэмжээ, үйл ажиллагааны чиглэлд ихээхэн өөрчлөлтүүд гарсаар байна.

Тооллого зохион байгуулж явуулах тухай Монгол Улсын засгийн газрын 2011 оны 61 дүгээр тогтоолын дагуу тооллогын бэлтгэл, зохион байгуулалт бүх шатны засаг захиргааны байгууллагад хангагдаад байна. Бэлтгэгдсэн тоологчид аж ахуйн нэгж, байгууллага бүрт очиж, тооллогын асуулгыг танилцуулж, байгууллагын удирдлага бусад холбогдох ажиллагчидтай хамтран улсын бүртгэлийн гэрчилгээ, тайлан тэнцлийг үндэслэн зааврын дагуу тооллогын асуулгад үнэн зөв мэдээллийг авч гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулан тооллогод хамрагдсан тухай гэрчилгээ олгох юм.

Б.Батчимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж