Л.Тэлмэн дэлхийн дээд амжилтыг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Л.Тэлмэн дэлхийн дээд амжилтыг тогтоожээ

Олон улсын уралдаан, тэмцээнд амжилттай оролцсон сурагчдадаа хүндэтгэл үзүүлэх, алдаршуулах зорилгоор Хөгжим бүжгийн коллежийн удирдлагууд өчигдөр өдөрлөг зохион байгуулжээ.

Учир нь, 2011 оны хичээлийн жилд давхардсан тоогоор тус сургуулийн 60 гаруй сурагчид олон улсын уралдаан, тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.

Саяхан Хятад улсын Ухань хотноо болсон Олон улсын циркчдийн тэмцээнд оролцсон хөгжим бүжгийн коллежийн сурагч Л.Тэлмэн шидэлттэй акробатын төрлөөр тулгууртай сандал дээр гурван эргэлтийг хамгаалалтгүй хийж, дэлхийн дээд амжилтыг тогтоожээ. Тэрээр тус тэмцээний шилдэгээр шалгарсан гэнэ. 

Мөн тус сургуулийн сурагчид “Ф.Шоден ба XXI зуун” олон улсын төгөлдөр хуурчдын уралдаан, Францад болсон Милош Магины нэрэмжит наадам, ОХУ-ын Братск хотод болсон “Сибирские фанфары” олон улсын үлээвэр хөгжимчдийн уралдаанаас тус бүр хос алтан медаль хүртжээ. Тус өдөрлөгийн үеэр Хөгжим бүжгийн коллежийн захирал, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат “Есдүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд тордож ургуулсан ургацаа өнөөдөр хурааж байна.  Олон улсын тэмцээнүүдэд манай сургуулийн хүүхдүүд амжилт гаргаж байгаа нь дэлхийн урлаг, соёлын төвшнөөс хоцрохгүй алхаж явааг харуулж байна” гэдгийг онцолж байв.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж