Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Шинжлэх ухаан

Ангарагт хийгдэх аянууд
Mars Reconnaissance Orbiter хиймэл дагуул 2005 оны наймдугаар сард Ангарагийн замдаа дэлхийгээс гарлаа

2005 оны намар АНУ Mars Reconnaissance Orbiter (“Ангарагийн тойрог замын эрэлч”) нэртэй дагуулийг хөөргөсөн билээ. Тэр Ангарагт ирээдүйд сансрын хөлөг бууж, дэлхийтэй холбоо барихад тохиромжтой бүсүүдийг судалсан байна.

2007 онд Европын NetLander  гэх дөрвөн автомат станц Улаан гаригийн цаг агаарын ба геофизикийн судалгааг хийлээ. Тэдний ажиллагаа нь 2009 он хүртэл хоёр жилийн хугацаатай байсан бөгөөд Ангарагт газар хөдлөлт болдог эсэхийг тогтоохоор оролдлоо. Судалгаан дээр нь эрдэмтэд ажиллаж байна. Дөрвөн жижиг автомат станцуудыг тойрог замд оруулан сүлжээ байгуулаад тэд ангарагийн янз бүрийн цэгээс сеймо долгионыг бүртгэн гаригийн хэвлийн үзэгдлийг судалж байна.

NASA 2007 онд бага төсөвтэй Skout хөтөлбөрийн анхны Phoenix (“Феникс”) автомат станцыг хөөргөв. Тэр нь Ангарагийн туйлын бүсэд бууж өнгөрсөн цаг агаарт нь ус хэрхэн нөлөөтэйг мөн “биологийн идэвхтэй гадаргад” амьдрал үүсэх нөхцлийг судалсан юм. 2009 онд NASA Mars Science Laboratory  гэх том оврын өөрөө явагчийг гаригт илгээсэн ба тэр нь 2010 онд Ангарагт газардан дэлхийнхээр хоёр, Ангарагийнхаар нэг жил ажиллах юм. Түүний эрчим хүчний хангамж нь нарны зай биш изотопын плутонийн генератор байх учир уг аппарат өдөржин шөнөжин ажиллах болно. Түүнд нарны зайн дэлгэцэд буун ажиллагааг нь сулруулах Ангарагийн тоос ч аюултай биш. Орос, Канад, Герман, Испанийн мэргэжилтнүүд түүний төхөөрөмжийг бэлтгэжээ.

Европын сансрын агентлаг  Их Британи Beagle-2 гэсэн автомат станцаа 2009 онд Ангарагт илгээсэн байна. Оросууд энэ жил “ФобосГадарга” гэсэн станцыг Ангарагийн дагуул Фобос дээр буулган гадаргын дээж авчрах төлөвлөгөөтэй байв. Нислэгийг гурван жилийн хугацаатай төлөвлөжээ. Японы JAXA сансрын агентлаг Оросын пуужингаар ойрын 10 жилийн дотор Ангарагийн хиймэл дагуулыг хөөргөх хэлцлийг хийж байна. Мөн Деймос гэх жижиг дагуулаас нь гадаргын дээжис авчрах гэнэ. Түүнийг Америкийн Gulliver станц хийх юм. Английн зохиолч Жонатан Свифтийн романд Лапуте гэх хиймэл оронд ажилладаг эрдэмтэд Ангарагийн хоёр дагуулыг нээсэн тухай өгүүлдэг. Сонирхолтой нь Фобос, Деймос хоёр дагуулийг нь нээхээс 151 жилийн өмнө 1726 онд Свифт “Гулливерийн аялал” номоо бичсэн байлаа. Америкчууд 10 кг дээжис авчирна гэж төлөвлөжээ.

Ангарагийн аюул

Opportunity өөрөө явагчийн илрүүлсэн 25 см-ын хэмжээтэй төмрийн солир

Европын сансрын агентлаг ойрын хэдэн жилийн дотор Марсийн гадаргын дээжээс авчрах төсөл дээр ажиллаж байна. Mars Sample Return аяныг хоёр шатаар явуулна. Эхлээд 2011 онд Ангарагт дэлхийд буцах капсултай автомат станцыг илгээнэ. Тэр нь Ангарагийн хиймэл дагуул болох ба хоёр жилийн дараа нь Ангарагт өөрөө явагчтай автомат станц газардана. Агаарын болон газрын дээжийг хоёр метрийн гүнээс авсны дараа өөрөө явагч тэднийг жижиг пуужинд хийгээд Ангарагаас хөөргөнө. Тэр пуужин дэлхийд буцах капсултай тойрог замд залгагдсаны дараа капсул нь дээжисийг дэлхийд авчрах юм. Эрдэмтэд дээжисийг судлан Ангарагт амьрал байгаа эсэхийг тогтоох болно. Одоо хэн ч Ангарагаас дэлхийнхтэй төстэй амьдралыг олно гэж найдахгүй байгаа ба харин ус байгаа газраас нян эсвэл бичил организмыг олж болох юм. Тиймээс дэлхийн биологийн хамгаалалтын онцгой арга хэмжээг авах ёстой болж байна. Саяхан америкчууд оросуудын хамт Ангарагт нисэх боломжийг ярилцаж эхэлжээ. Үүнд Оросын сансрын нисгэгчдийн урт хугацааны нислэгийн туршлага хэрэгтэй. Constellation  төслийн дагуу NASA дэлхий орчмын тойрог замаас гадна сар ба ангарагт нисэх шинэ хөлгийг бүтээх юм. Экс Ерөнхийлөгч Жорж Бушийн гаргасан  хөтөлбөрөөр 2020 он гэхэд саран дээр дахин хүн буулгаж, тэнд байнгын ажиллагаатай станц байгуулна. Сарны станц нь Ангарагт хийх нислэгийн дамжлага болох ёстой. Ангарагт хүн нисэх хугацааг ойролцоогоор 2030 он гэж төлөвлөжээ.

Төмөр сувд

Opportunity Меридианы тэгш өндөрлөгөөр явж байхдаа ер бусын геологийн бүтэцтэй тааралдлаа. Таван миллиметрийн голчтой бараг зэв хэлбэрийн бөмбөлгүүдээс тэр нь бүтсэн ба эргэн тойрноосоо бүдэг өнгөтэй байна. Зурагт тэд нь Ангарагийн гадарга шиг хүрэн улаан өнгөтэй дээр нь сулхан хөх туяатай байлаа. Үүнээс нь болон  түүнийг нэрс гэж нэрлэсэн ба цугларсан газрыг нь нэрсний талбай гэжээ. Химийн судалгаагаар бараг 70 хувийн төмөртэй геатит гэх эрдэс байв. Төмрийн  саарал талст маягаар ийм бодис дэлхийд тааралддаг. Ангарагийн тэр бөмбөлгүүд нь усан орчинд удаан ургасан эрдэсийн ургац юм. Сувд ургаж байгаа мэт. Ангарагийн эртний зурагт Меридианы ойролцоо Сувдан булан гэсэн нэр тааралдана. Скиапарелли дурангаараа “төмөр сувдыг” хараагүй ч түүний өгсөн нэр нь зөнч гэмээр. Гематитийн цугларал нь эрт дээр цагт Меридианы тэгш өндөрлөг ус ба хүчил төрөгчөөр баян байсны илэрхийлэл юм.
Өөр нэг төмөр эрдэс гетитийг Spirit олсон юм. Германы яруу найрагч Гётегийн нэрээр нэрлэгдсэн энэ бодис нь төмрийн усан исэлдээнээс үүсдэг. Ингээд Гусевын тогоонд ус байсан гэдгийг бас тогтоосон байна. Хоорондоо хол зайтай газруудаас төмрийн усан ислээс үүссэн эрдэс олдсон нь өнгөрсөн үед Ангараг гаригт ус элбэг байсны илрэл юм. Геологийн түүхэнд нь амьдрал хөгжих таатай үе байсныг заасан энэ нээлт нь Ангарагт амьдрал байна уу гэсэн асуудтад хариулт өгөөгүй байгаа юм.

Ангарагийн долоон гайхамшиг

Эвдэрч сүйрсэн сансрын хөлгийн үлдэгдлүүд аажмаар Улаан гаригийн гадаргыг бохирдуулахын эсрэг Британийн антарктидын албаны Чарлз Коккел, Германы Кельн дахь нисэхийн болон сансрын төвийн Герда Хорнек нар Ангараг гариг дээр дархан газруудын сүлжээг бий болгох санааг анх 2004 онд гаргасан байна. Ангарагийн онгон байгалийг тэр чигээр нь хадгалахын тулд тэд “гаригийн цэцэрлэгүүдийг” байгуулан дэлхийд авч байгаа арга хэмжээ шигээ хатуу журам тогтоох хэрэгтэй гэв. “Гаригийн цэцэрлэгүүдийг” геологийн ер бусын бүтэц ба байгалийн гоо үзэсгэлэнгийн дагуу байгуулах ёстой болж байна. Хэрэв Ангарагт амьдралын ямар нэгэн хэлбэр илэрвэл дархан газруудыг байгуулах бас чухал шалтаг гарч ирэх ёстой.

Гаригийн экологийн асуудал бараг бидний нүдэн дээр үүссэн юм. Сүүлийн 30 жилийн дотор тэнд Зөвлөлтийн “Марс-2”, “Марс-6”, Америкийн  Mars Polar Lander, Европын Beagle2 станцууд сүйрлээ. Мөн буугч аппаратуудын хамгаалалт ба шүхэр гэх мэтийн хаягдал ч их болсон юм. Хүний үйл ажиллагааны эдгээр ул мөрийг Антарктид тивтэй адилтгаж болно. Тэнд хаягдал нь мөсөн цөлийг бүрхээгүй ч одооноос түгшүүр төрүүлэх болсон билээ. Ангарагийн байгал ер бусын долоон бүсийг хамгаалалтад авах хэрэгтэй болж байна. “Туйлийн цэцэрлэг” нь Хойд туйл орчмыг, “Олимпийн цэцэрлэг” нь ирээдүйн дэлхийн уулчдаас нарны аймгийн томоохон галт уул Олимпийг дэлхийн Эврест шиг болгохгүйн тулд хамгаална.  “Маринер” паркт Маринерийн хөндийн тектоникийн хавцлуудыг, Элладад гаригийн хамгийн нам дор газар Элладагийн хөндийг, “Өмнөд”-д солирийн уналтаас үүссэн томоохон тогоонуудтай өмнөд туйлийн хэсгийг, “Цөлийн” паркт нь гаригийн экваторын бүсийн Их Сирт гэх нутгийн манхнуудыг тус тус хамгаалах юм. “Долоо дахь” гэх дархан газар нь Крисийн тэгш газрын голуудын хуурай гольдролыг хамгаалахаас гадна Viking-1 станц 1976 онд судалгаа хийсэн дурсгалын цогцолбор болох ёстой аж. Тэр бол Ангарагт ажилласан дэлхийн анхны робот билээ. Мөн тэнд 1997 онд амжилттай ажилласан Sojourner гэх өөрөө явагч буусан юм. Эрдэмтдийн гаргасан санаачлагаар эдгээр долоон дархан газарт судалгаа хийж болох авч тэр нь хатуу хязгаарлалтай байх ёстой аж. Тэнд сансрын хөлгийн эд ангийг үлдээж болохгүй ба хөдөлгөөнийг зөвхөн гаргасан замаар хийх болно. Мөн Ангарагийн “гаригйин дархан цэцэрлэгүүдийг”  НҮБ ивээлдээ авах ёстой гэсэн санаа ч гарч байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж