Станкович дахин нэг гайхалтай гоол хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Станкович дахин нэг гайхалтай гоол хийлээ

Италийн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний хагас шигшээ тоглолт эхэллээ. Энэ шатанд таараад байгаа өнгөрсөн жилийн аварга “Интер Милан” болон “Рома” багийн эхний тоглолт Ром хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болсон байна.
Италийн цомын тэмцээнд хамгийн олон буюу есөн удаа түрүүлээд байгаа “Рома” энэ жил ганц цом хүртэх боломжтой байгаа бөгөөд тэр нь энэ тэмцээн. Харин цомоо хамгаалж байгаа “Интер Милан” онолын хувьд хоёр цом хүртэх боломжтой байгаа. Тиймээс хоёр багийн аль аль нь энэ тоглолтод маш их анхаарал хандуулж байсан тоглосон юм. Ингээд Мөнхийн хотын “Стадио Олимпико” цэнгэлдэхэд болсон энэ тоглолтын эхний гоолыг талбайн эзэд оруулах боломжтой байсан ч Мирка Вучинич, Марко Борриеллогийн дамжуулалтаар Хулио Сезарын хаалганд өөрт олдсон 100 хувийн боломжийг ашиглаж чадсангүй. Харин энэ улирал хэд хэдэн гайхалтай гоолыг хийээд байгаа “Интер Милан” гоолын салхийг хагалсан байна. Эхний хагас дуусах мөчид буюу 45 дахь минутад Сербийн шигшээ багийн хагас хамгаалагч Станкович 20 гаруй метрээс нэгэн гайхалтай цохилтоор гоол оруулж, зочин баг тоглолтыг тэргүүлж эхэлжээ. “Рома”-гийн хаалгач Дони түүний цохилтын эсрэг юу ч хийж чадаагүй байна. Ингэснээр эхний хагасыг “Интер Милан” илүүрхсэн байгаа. Хоёрдугаар хагаст хоёр багийн аль аль нь төдийлөн идэвхтэй довтолгооныг хийсэнгүй. 79 дэх минутад Уэсли Снейдерийн сулхан цохилтыг Дони төвөггүйхэн хамгаалж чадсан. Ингээд “Интер Милан” “Рома”-г талбайд нь 1:0 харьцаатай хожиж, өөрийн Жузеппэ Меацца цэнгэлдэхэд хийх тоглолтын өмнө маш чухал хожил байгууллаа. Хариу тоглолт тавдугаар сарын 11-нд болно. Харин нөгөө хагас шигшээд таарсан “АС Милан” болон “Палермо” багийн тоглолт өнөө шөнө Сан Сиро цэнгэлдэхэд болох юм.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж