Хавдрын эсрэг үндэсний аян Дархан-Уул аймагт үргэлжиллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.21-нд нийтлэгдсэн

Хавдрын эсрэг үндэсний аян Дархан-Уул аймагт үргэлжиллээ

Хавдрын эсрэг үндэсний аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн хавдрын нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн баг Дархан-Уул аймагт ажиллаж байна. Тэд хавдраас хэрхэн сэргийлэх талаарх мэдээллийг үндэсний болон орон нутгийн хэвлэл мэдээллийг хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэхийн дээр хавдраас сэргийлэх мэдээллийг иргэдэд түгээх сайн дурын ажилтнуудыг бэлтгэх, эмч мэргэжилтнүүдэд хавдраас сэргийлэх, эрт илрүүлэлт, оношилгоо эмчилгээний талаар сургалт зохион байгуулна. Мөн хүн амын хорт хавдрын эрсдэлтэй бүлгийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, хавдрын хяналтанд байгаа өвчтөнийг үзэж, зөвлөгөө өгнө гэлээ.

Дэлхий дахинд жил бүр 12 сая хүн хорт хавдраар шинээр оношлуулж, 7,6 сая хүн нь нас барж байна гэсэн статистик судалгаа бий. Харин манай улсын хувьд жилд дунджаар 4200 тохиолдлоор нэмэгдэж, жилд 3000 гаруй хүн нас барж байна. Нас баралтын хоёр дахь шалтгаан болсон хавдраас сэргийлэх үндэсний аяныг Хавдар судлалын үндэсний төв, ХААН банк, МҮОНРТ хамтран эхлүүлжээ. Шинээр оношлогдсон хавдрын 75 хувь нь 3,4 дэх үедээ буюу төгс эмчилгээ хийх боломжгүй шатандаа эмнэлэгт хандаж, оношоо тодруулж байгаа хандлагыг өөрчлөх, хавдраас сэргийлэх, эрт оношлох зэргийг үндэсний аян зорилгоо болгосон аж.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж