Тэнд нүүрс шатаж, энд үнэ өсөв

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Тэнд нүүрс шатаж, энд үнэ өсөв

Хавсрагатай, шороон шуургатай ч ээвэр газраар үндэс хөөж нялх ногоо цухуйсан хаврын нэгэн долоо хоног ард хоцорлоо. Морьтой жагсагчид Сүхийн талбайд тухалж, Тавантолгойгоос урд хөрш рүү нүүрс тээвэрлэхийг түр зогсоож, эрчим хүчний үнэ нэмэх сургаар бараа, үйлчилгээний өртөг дээшилж, ардчиллын алтан хараацай С.Зориг агсны мэндэлсэн өдрийг тэмдэглэж, АНУ-аас хатагтай М.Олбрайт айлчилж, 60 гаруй жилийн дараа Монголын төмөр зам анх удаа салаалж, басхүү зүг зүгээс ирсэн 800 гаруй төлөөлөгч Их хуралдайд чуулсан нь өнгөрсөн долоо хоногийн гол үйл явдлууд байлаа.

Сургаар өссөн үнэ
Эрчим хүчний зохицуулах газар цахилгаан, дулааны үнэ нэмэх санал дэвшүүлснийг Засгийн газрын хуралдаанаар дэмжив.  Ингэснээр тавдугаар сарын 1-нээс айл өрхүүдийн нэг квт цахилгааны үнэ дөрвөн төгрөгөөр нэмэгдэхээр болжээ. Арай ахиухан хэрэглээтэй айл сардаа өмнөхөөсөө 600 төгрөг, 50 квт орчим цахилгаан хэрэглэдэг өрхүүд 200 төгрөг илүү төлөх “цээж”тооцоо гараад буй. Айлуудын хувьд ийм бол уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нэг квт цахилгаанд 100 орчим төгрөг төлдөг болно. Бусад аж ахуйн нэгжүүд 80 төгрөг төлдөг байсан нь 88 болж нэмэгджээ.  Борчуудын хөл дүүжилдэг цахилгаан тээврийн үнийг нэмэлгүй орхисны дээр айл өрхийн шөнийн цахилгааны үнийг хуучнаар нь үлдээе гэжээ. Харин аж ахуйн нэгжүүдийн дулааны үнийг нэмэхгүй гэдгийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт мэдэгдэв. Гэтэл “Чоно борооноор” гэгчээр цахилгааны үнэ өсөх сургаар бараа, үйлчилгээний өртөг ханш өөдөө яваад өгөв. Уг нь дээд дарга нар цахилгааны үнийн өсөлт юмны үнэд нөлөөлөхгүй гэж байсан юм. Гэвч нэмэх гэж байна гэж нэг, нэмчихлээ гэж дахиад нэг үнээ өсгөдөг нь манайхны гэм биш зан юм хойно. Энэ хаврын туршид хонины махны үнэ 2600-2800 төгрөг, үхрийн махных 3700-3800 төгрөгт эргэлдэж, нөөцийн махны үнээс зоориных хямд талдаа тусч байтал цахилгааны үнийн сургаар 200-300 төгрөгөөр дээшилж орхив. Ногоо цагаа, будаа, гурилын үнэ бүгдээрээ бага багаар өсөх янзтай. Сургаар өссөн үнэд нэрвэгдсэн ядруу олон хүний хөгжлийн 21 мянган төгрөгөө авахаар үүрийн гэгээнээс үдшийн бүрий тасартал банкны гадаа дугаарласан нь өнгөрсөн долоо хоногийн эгэл амьдралын нэг дүр зураг байв.

Тавантолгойгоос нүүрс тээвэрлэхийг зогсоов
Тэнгэрт хадсан их шороон дунд үлэмж биет амьтан мөлхөн урагшлах мэт Тавантолгойгоос нүүрс ачсан хүнд даацын машинууд ховил татсан элсэн дундуур гэлдрэх нь гэлдэрч, хөрвөх нь хөрвөсөөр цөөнгүй жилийг үджээ. Монголын бахархал элсэн шаргал говийн хөрс зохицуулалтгүй нүүрс тээвэрлэлтийн уршгаар цөлжиж, элсэн түйрэнгийн эх болоод байсан юм. Тэгвэл стандартын замтай болтол, ирэх наймдугаар сар хүртэл Тавантолгойгоос шороон замаар нүүрс тээвэрлэхийг түр зогсоолоо. Тавантолгойн нэг гамшиг гэвэл урагш нүүрс гаргахдаа коксжих нүүрсийг сорчлон ачиж, эрчим хүчний эх үүсвэрийг тэтгэдэг хэсгийг шороон дээр овоолон хаяснаас эзгүй талд шатаж байгаа явдал. Тэнд эрчим хүчний эх үүсвэр хий дүрэлзэн шатаж байхад энд цахилгааны үнэ өссөн нь зохицуулалтгүйн хар гай гэхээс өөр юу гэлтэй.
Баруун-Урт, Тавантолгой тийш Монголын төмөр замыг сунгахаар болж Сайншандаас салаа татсан нь УБТЗ-ын 60 гаруй жилийн түүхэнд тохиосон нэгэн тэмдэглэлт үйл явдал боллоо. Монголын хээр тал дундуур ган зам мөчирлөн зурайх эхлэл энэ болов. Сайншанд-Баруун-Урт, Сайншанд-Даланзадгадын хооронд галт тэрэг хурдалж, Монголын говь аж үйлдвэрийн том цогцолбор босох ирээдүйн эхний шанг ингэж татсан нь долоо хоногийн байтугай энэ зууны эхний содон үйл явдлын нэг юм.

С.Зоригийн төрсөн өдрийг тэмдэглэв
Ардчиллын алтан хараацайн нэг, УИХ, Засгийн газрын гишүүн С.Зориг агсны 49 дэх төрсөн өдөр өнгөрсөн долоо хоногт тохиолоо. Төрсөн дүү, хамаатан саднууд, найз нөхөд нь, Иргэний зориг-Ногоон намын удирдлага хөшөөнд цэцэг өргөж, С.Зориг агсныг хөнөөгчдийг илрүүлж чадалгүй өнгөрөөсөн 13 жилийг нэхэл болгон дурсацгаав. Түүний хөшөөнд  Ерөнхий сайд С.Батболдын урилгаар Монголд айлчилсан  АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан, Үндэсний ардчиллын хүрээлэнгийн захирлуудын зөв­лөлийн дарга хатагтай Мадлен Олбрайт ч цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэв. Ирэх долдугаар сард Ардчиллын хамтын нийгэмлэгийн хуралдааныг хийж, түүнийг Монгол Улс даргалах юм. Энэ байгууллагыг хатагтай Мадлен Олбрайт  анх санаачлан байгуулсан хүн. Тэгээд ч хурлын “оршил” болгон хатагтай Монголд айлчилсан нь энэ. Хатагтай М.Олбрайт Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад бараалхаж, ардчиллын салхийг түүчээлэгсдийн байгууллага Ардчилсан намд зочилсон юм.

Морьтой, морьгүй жагсаал
Хаврын хаварт улс төрийн синдром үүсдэг. УИХ-ын сонгуулийн өмнөх жилийн хавар тэр хууч илүү хурцаар сэдэрч байна. “Гал үндэстэн” холбооны орон нутгийн дэмжигчид эрх баригчидтайгаа заргалдахаар морио унаж, гэрээ ачиж, нохойгоо дагуулсаар нийслэлийн төв талбайд ирж төвхнөв. Тэртээ цагт засаг ноёдтойгоо тэрсэлдэхээр Ард Аюуш тэргүүтэй Цэцэг нуурын дугуйлангийнхан иймэрхүү янзтай явцгааж байсан байх. Сүхийн талбайг өвсний хог, адууны хомоолоор дүүргэлээ гэж адлагсад байхад, цагдаа нар морьдод өгөх ус оруулахгүй гэж үзэлцэв. Харин хотын багачууд үнэгүй амьтны хүрээлэн үзэж, амьд морьдыг ойроос харж “танин мэдэхүй”-гээ баяжуулж байна.
Монголд айлчилсан хатагтай М.Олбрайтыг ГХЯ-нд лекц уншихаар ирэхэд хэсэг залуус мөн л лоозон барьж, жагсаалаар угтлаа. Тэд “Монголд ардчилал байхгүй”, “Монголын төр авилгад идэгдсэн”, “Авлига ардчиллыг булшилдаг”, “Ардчилалгүй Монгол”, “Та Чингис хааны нутгийг битгий бизнестээ ашигла”, “Цөмийн хаягдлыг Монголд булшлуулахгүй” зэрэг англи, монгол хэл дээрх лоозон барьсан харагдав. Хатагтай М.Олбрайт монголчуудын морьтой, морьгүй жагсаалыг харж ардчиллын төвшинд дүгнэлт өгсөн биз ээ.

Долоо хоногийн сүүлээр “Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” хөдөлгөөнөөс хоёр өдөр Их хуралдай хуралдуулав. Аймаг, орон нутаг, нийслэлийн дүүрэг болгоноос төлөөлж ирсэн 800 хүн төр, засгаа шүүмжилж хужирхайгаа тэнийтэл яриад зогссонгүй, энэ даваа гаригаас Сүхбаатарын талбай дээр жагсаал цуглаан хийж, хувьсгал өрнүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Ирэх сонгуулийг угтсан их бужигнаан ийнхүү мориндоо “дөрөөлөв” өө.

                            Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж