С.Лавров: АНУ Ливид жүжиг тавих хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

С.Лавров: АНУ Ливид жүжиг тавих хэрэгтэй

“Улс төр гэдэг үг хүн бүрийн бодол санаанд анх орох үед “бүх зүйл зэрэг бодогддог” хэмээн нэгэн гүн ухаантан хэлсэн байх юм.  Аливаа улс орны эрх ашигт хоёрдогч  гүрний нөлөө заавал  байдаг гэх дүгнэлт ч бас бий. Аль, аль нь үнэн. Тэгэхээр дэлхийн томоохон гүрнүүд эсрэг тэсрэг байр суурь баримтлах болсон энэ үед  аль хүчтэй,  овсгоотой, бас хөрөнгө мөнгөтэй нь ноёрхлоо хүс­сэн газраа тогтоож чаддаг нь  зүй ёсны үзэгдэл.  Үүний нэг хэлбэр нь “энхийг сахиулах” ажиллагаа  юм. 

Нэгэн үе ОХУ тэргүүтэй гэж яригддаг байсан улс гүрнүүд өнөө цагт Хятад тэргүүтэй болж “малгай”-гаа сольсон хэмээн зарим ажиглагч дүгнэж  байна.

Сонирхолтой дүгнэлт биш гэж үү. Хэдэн мянган жилээр байнга сөргөлдөгч байсаар ирсэн хоёр их гүрнийг дагаж хуваагдах, тэднээс дэмжлэг эрэх улс мундахгүй олон. Тухайлбал, Казахстан, Бразил, Куба, цаашлаад Ливи  гээд өчнөөн орон Хятад,  Орос хоёрыг өнөө цагт түшиглэсэн хэвээр.  Үүнд Монгол ч бас орно.  Харин АНУ тэргүүтэй Европын холбоотнууд,  тэр дундаа Англи, Франц, Герман зэрэг орон нөлөө бүхий нэгдэл болчихож.  АНУ-аар имижээ хийсэн  эдгээр  орныг “Агаарын хүчин сайтай” хэмээн шинжээчид дүгнэдэг бол Хятад тэргүүтэй ОХУ зэргийг “Газарт хөл сайтай.  Цөмийн зэвсэгийн асар  их хүчтэй” хэмээн дүгнэж байгаа.  Гэвч  эдийн засгийн хувьд сүүлийн үед хүчээ авч байгаа Хятад АНУ-ыг бараг гүйцэж түрүүлсэн нь дээрх холбоотнуудыг задрахад нөлөөлж болох юм. Учир нь Япон бараг тоглоомоос гарлаа.  Тийм болохоор АНУ ба Хятад гэсэн хоёр том хуваагдал дэлхийг  зад татах магадлалтай. Гэвч бас орос Ивануудыг мартаж болохгүй. Тэд хүчирхэг хэвээр  байгаа. 

 Дэлхий нийтийн  анхаарлын төвд байгаа Арабын ертөнцийн хувьсгалын гол гацаа нь Ливийн удирдагч М.Каддафи болчихоод байна.  Түүнд АНУ тэргүүтэй барууныхан агаараар  болон хуурай замаар хүчтэй цохилт өгсөөр байгаа.  Сүүлдээ НҮБ биш, АНУ ажиллагааг удирдаж байгаа нь  ч олны өмнө ил болсон.  Тэд Ливийн хар алт болон  газарзүйн ашигтай байрлалын төлөө улайран  дайрсаар байгааг хүн төрөлхтөн харж байна.  Африкийн холбооноос М.Каддафийг галаа зогсоох гэрээнд гарын үсэг зурж, Ливийн ард түмнийг   хуурсан  гэсэн дүгнэлт сүүлийн үед газар авах хандлагатай боллоо.   “Энэ бол зүгээр  л түр зуурын амьсгаа авч байгаа явдал” хэмээн ярьж байсан нь ч үнэний ортой байж таарах нь.   АНУ,  Ливийн удирдагч М.Каддафи хоёрын тэмцэл М.Каддафийн ялагдлаар төгсөх нь тодорхой.  Учир нь АНУ заавал ялж байж салдаг эзэрхэг гүрэн учраас дайны төгсгөл ойлгомжтой.  Харин энэ үеэр  Ливийн агаараас эсэргүүцэх зэвсгүүд олныг алмайруулсан.   Учир нь АНУ,  НҮБ-ын зүгээс  хуурай замаар том оврын байлдааны танкууд болон цэргүүд давшилтад  орж байсан бол одоо АНУ-ын байлдааны шинэлэг технологи болох нисгэгчгүй байлдааны онгоцууд довтолгоонд орж эхэлжээ.  Гэтэл  энэ сарын 22-нд  АНУ-ын хиймэл дагуулаас ОХУ-аас Ливийн удирдагч М.Каддафид зэвсэг нийлүүлж байна” гэсэн цоо шинэ мэдэгдэл хийсэн. Энэ бол үнэхээр сонирхолтой үйл явдал байсан юм.  Үүнийг ч ОХУ-ын эрх баригчид нуухыг хүссэнгүй.  ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Бид Ливид энхийг сахиулахыг  дэмжиж байна. Энд АНУ мэтийн гуравдагч орон жүжиг тавих хэрэггүй” гэжээ.  Мөн “Бид НҮБ болон Африкийн холбоотой хамтран энхийг сахиулах шинэ төлөвлөгөө гаргах болно. Энэ нь Ливи болон  лалын орнуудад  тус дэм болох төлөвлөгөө байх болно” гэжээ. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Москвад айлчилж, Ойрхи Дорнодын талаар Д.Медведевтэй ярилцсан. Уулзалтын үеэр ОХУ-ын зүгээс “Ливид явуулж байгаа харгис хүчирхийллээ зогсоо” хэмээн хатуу анхааруулсан билээ.  Мөн ОХУ-ын ажиглагчид АНУ-д хандан “АНУ Ливийн ард түмнийг хамгаалж байгаа  дүр үзүүлж байна. АНУ Арабын ертөнцтэй хэзээ хамтардаг болчихсон юм бэ. Жорж Буш 2001 онд “Лалын шашинтай орнуудыг терроризмаас цэвэрлэнэ” хэмээн мэдэгдэж  байсан. Тэгэхээр Барак Обама шинээр сонгогдсон даруйдаа Арабын орнуудыг ойлгодог, хамгаалж өмгөөлдөг, зэр зэвсгээр хангадаг мэт харагдуулах нь инээдтэй хэрэг. АНУ Ливид чөлөөтэй нэвтрэх “мандат”-ыг НҮБ  олгосон хэрэг үү” гэжээ.  Ливиэс гадна Арабын орнуудын Ерөнхийлөгч нарыг тойрсон сонирхолтой мэдээллүүд ч бас бий.  

Нигер улсын ард иргэд  НҮБ-аас  тусламж гуйсан билээ. Учир нь Нигер улсын  Ерөнхийлөгчийн сонгуулиар  65 мянган хүний саналын хуудсыг сольсон нь ард иргэдийн дургүйцлийг төрүүлж, тэднийг гудамжны тэмцэл хийхэд хүргэжээ.  Гэвч жагсаал цуглаан хяналтаас гарч 500 гаруй хүн амь үрэгдсэн  талаар эх сурвалжууд мэдээлсэн билээ.  Энэ тухай  НҮБ өчигдөр хуралдана гэсэн боловч нааштай хариу хэлээгүй байна.  Харин Сирийн Ерөнхийлөгчийн аминд хүрэх гэсэн хэсэг залуусыг буудсан талаар BBC-ийн шуур­хай алба өнгөрсөн амралтын өдрүүдэд мэдээлж байсан. Сирийн Ерөнхийлөгч Башар ал Асадийг гудамжинд иргэдтэй уулзалт хийгээд явж байхад халдлага гэнэт болжээ.  Энэ үеэр хамгаалалтын албаны  хоёр ажилтан шархдаж,  Ерөнхийлөгч рүү дайрсан  залуусаас есөн хүн амь үрэгдсэн байна.  Сирийн босогчид энэ явдлын дараа жагсаал хийж “Сири улс удаан орших болтугай.  Башар тун удахгүй нуран унах болтугай”  гэсэн уриа лоозон барьсан нь сэтгүүлчдийн камерт өртжээ. Хоёрхон өдрийн дотор 120 хүн амиа алдаад байгаа бол 20 хоногийн дотор юу болох бол гэсэн айдас сиричүүдийн өмнө тулгараад байгаа юм.

Йемений Ерөнхийлөгч сарын дотор огцрох талаар өчигдөр мэдэгдсэн. Түүний бүрэн эрхийн хугацаа дуусах болоогүй ч ард түмнийхээ  шаардлагын дагуу  сайн дураараа албан тушаалаасаа огцорч байгаа аж.  Өөрөө огцрох тушаалд гарын үсэг зурсан болохоор ямар ч ял шийтгэл оноохгүй бөгөөд дархан эрхтэй үлдэж байгаа нь түүнд мэдээж ашигтай.  Энэ мэтээр  Африк, Арабын орнуудын  Ерөнхийлөгч нар ээлж дараалан огцроод байх юм бол  үймээн самуун газар авч зэвсэгт мөргөлдөөн хаа  сайгүй нүүрлэх аюултай.  Мэдээж нөгөө талаас нь тайлбарлах гэж оролдох л байх. Дарангуйлагч нар зайгаа тавьж өгөөд л явж байгаа дүр зургийг тодотгох хэрэгтэй биз. Гэвч аливаа юманд цаг хугацаа хэрэгтэй.  Африк,  Арабын орнууд “Цаашид яах бол” гэсэн бодол хүн бүхний анхаарлын төвд байсаар байна. Араб, Африкийн орнуудын  хувьсгалаар далимдуулан хүний эрхийг зөрчиж, өрөөл бусдын орон руу өөрсдийн эрх ашгаараа түрээ барих хандлага ихэсч байгаа нь л гачлантай.

Б.БААТАР


Зохиогчийн эрх:

"Улс
төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж