Адуу анархизмыг сурталчлав

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Адуу анархизмыг сурталчлав

Морьд бухимдав. Учир нь Ард түмний их хуралдайг зохион байгуулагч зарим хүн сэлэм эргүүлэнгээ “Сүх­баа­тарын талбайд эхний ээл­­жинд 11 морь авчирсан. Да­раа нь 150 морьтой болсон. Ха­рин дараагийн цугларалт дээр 1000 морьтой ирнэ” гэ­лээ. Харин улстөрч морьд энэ­хүү ташаа мэдээллийг зал­руулахаар хэвлэлийн бага ху­рал хийв. “Бидний хэсэг морьд эв санаа нэгдэн нэгэн зорил­гоор Сүхбаатарын талбайд цуг­ларцгаасан. Уг­таа энэ бол Ард түмний их хуралдай биш, адуун сүргийн их хуралдай. УИХ 2008 онд цөлжилтийн автор ямаанд 30 тэрбум төгрөг төсөвлөсөн нь ариун явдал уу. Тэгж ярих юм бол адуу ч бэлчээр талхалдаг. Таван хошуу малаа таван янзаар алаг үзэж болох уу, та минь ээ” хэмээн сүргийн манлай хэлэхэд бусад нь гийнгоолон дэмжицгээв. Тэд УИХ, Засгийн газар огцрохыг шаардаад зогсохгүй Төрийн ордон дахь есөн хөлт цагаан тугийг буулгахыг шаардав. Адуунд амлалт өгдөггүй улс­төрчдөд дэл, сүүлнээсээ дахиж өгөхгүй гэв. Ноолуурын сезон орчихоод байгаа энэ үед адууны шир, дэл, сүүлний үнийг хөөрөгдөхөө мэдэгдэв. Хор­жоонтой үгтэй улстөрч морь “УИХ-ын гишүүд морь унан дуу дуулж, клип хийл­гэдэг болсон байна лээ. Тийм л сүрхий юм бол ямаагаа унаад клип хийлгэх нь яалаа” хэмээн хажуудахаа нударч байх юм. Хэвлэлийн бага хурал зо­хион байгуулсан морьд их хуралдайгаас гаргасан тог­тоолоо УИХ-ын гишүүд, сайд нарт өнөө, маргаашгүй гар­дуулах гэнэ.

Морьд эздээ шоглож бай­на. “Энэ муусайнууд бид­ний хөлс хүчийг урсгаж нийс­лэлд ирчихээд ганцхан литр ус өгч байгаа юм уу. За, гайгүй дээ. Та нар их хуралдай, энэ тэр гэж хөөрцөглөцгөөж л байг. Ихээхэн дургүй хүр­гэ­вэл ганцхан булгиад л уна­гачих юм чинь” гэж. Ха­рин Төрийн ордон тийш харж, чихээ хулмалзуулснаа “Хү­мүүс их тэнэг юм. Ийшээ өн­дөг, улаан лооль шидэж, мөн­гөө үрж яана. Хэрэв улс­төрчид шаардлагыг маань бие­лүүлэхгүй бол Төрийн ордон руу дайрч, тэднийг ганц, ганц тангарчихад л хан­галттай” хэмээн анархизмд ил тод турхирлаа. Гэвч эр хү­ний хань эмээлт хурдан хүлэг эзэн рүүгээ харснаа ийн үүрсэх нь сонсогдов. “Морин дэл дээрээс дэлхийг эзлэх амар­хан. Мориноосоо буугаад тө­рийг төвхнүүлэх хэцүү” гэж… Ингэхэд улстөрчид өө, мо­рийг яах гэж гомдоосон юм бэ дээ. Энэ мөчөөс эхлэн бие биенээ “Ээ, муу морь оо” гэж шоглодгоо болиорой. Тэгээд ч Ард түмний их хуралдайн үеэр Чингисийн хөшөөний дэр­гэдэх хоёр морьтон амилж, сэлэм эргүүлээгүй нь их юм гэж бод.

С.БАТТУЛГА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж