Ерөнхийлөгч үү, эсвэл Ерөнхийлөгч үү?

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч үү, эсвэл Ерөнхийлөгч үү?

Ерөнхийлөгч  тун завгүй байна. Сонгогдсон даруйдаа нэг хэсэг гадаад айлчлалын хөтөлбөрт дарагдсан тэрбээр сүүлийн үеэс дотоод үйл явдалд гол анхаарлаа хандуулж эхэллээ. Үүний нэг нь саяхан Төрийн ордонд зохион байгуулсан шүүхийн шинэтгэлийн талаарх үндэсний чуулган. Шүүх, хуулийн байгууллагууд төдийгүй олон нийт, төрийн бус байгууллагууд, иргэдийн төлөөллийг бүгдийг нь нэг дор суулгаж байгаад ярилцсан. Энэ чуулганаар хуулийн байгууллагуудын ажилд гардаг хүнд суртал, ялгаварлан гадуурхалтын талаар хохирогч нарын гомдол, шүүмжлэлээс эхлээд хараат бус хуульчид, олон нийт, төрийн бус байгууллагуудаас явуулсан судалгаа, хөндлөнгийн ажиглагчдын судалгаа, өгсөн дүгнэлт, хууль шүүхийн байгууллагуудад хэрэглэж буй хуулийн хоцрогдол, эрх зүйн орчны зохицуулалт гээд бүхий л талаас нь авч хэлэлцсэн билээ. Энэ нь сүүлийн 20 жилд бараг хөндөгдөөгүй үлдсэн асуудал болох шүүх эрх мэдлийн шинэчлэлийг түргэтгэх, хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх шударга ёсны үзэл хандлага, боловсон хүчний шинэ шаардлагыг энэ салбарт оруулахтай холбоотой асуудал байв. Хэлэлцүүлгээс гарсан үр дүн буюу санал санаачилгыг удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д өргөн барих гэж байгаа Шүүхийн шинэтгэлийн талаарх багц хуулиуд болон хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулдаг бусад хууль тогтоомжид тусгасан тохиолдолд эцсийн үр дүн гарах юм. Гэвч энэ ажил ямархуу урагштай яваа, албан ёсны ажлын хэсгүүд байгуулагдсан эсэх талаар одоогоор мэдээлэл алга. Учир нь манайхан Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн “ярихдаа сайн, ярьсан зүйлээ ажил хэрэг болгохдоо хойргодуухан” улс. 

Ерөнхийлөгчийн санаачилгаар одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийг судлахаар хоёр өдрийн өмнөөс Иргэний танхимд бас нэгэн хэлэлцүүлэг хийж эхэллээ. Ерэн онд зах зээлийн нийгэм рүү гар хоосон, хөл нүцгэн орсон монголчууд 1997 онд баталсан Ашигт малтмалын хуулийн ачаар байгалийнхаа баялгаас эрх биш хувь хүртэхтэй болж, иргэн бүрт лиценз эзэмших тэгш эрх нээгдсэн ч нэг талаар тухайн үед мэдээлэлд ойр байсан хэсэг нь энэ төрлийн лицензийг их хэмжээгээр авч, лицензийн наймаа гэгч зүйлийг цэцэглүүлсэн. Нөгөө талаас хараа хяналтгүй олгогдсон энэ их лицензийн улмаас Монголын газар нутгийн бараг тал хувь нь гадаад, дотоодын компаниудын мэдэлд очиж, төлөвлөлтгүй явуулсан уул уурхайн олборлолтоос үүдсэн байгаль орчны бохирдол өдгөө гамшгийн хэмжээнд тулаад байгаа билээ. Тиймээс Ерөнхийлөгч өөрийн санаачилгаар өнгөрөгч оны арванхоёрдугаар сараас эхлэн АМХЭГ-аас олгодог ашиглалтын болон хайгуулын лицензэд түр хугацаагаар хориг тавьсан. Өнгөрсөн хоёр өдөр Төрийн ордонд үргэлжилсэн хэлэлцүүлгийн үеэр ч тэр хоригийн хугацааг сунгаж, Ашигт малтмалын тухай хуулийг УИХ-аас шинээр батлан гаргах хүртэл үргэлжүүлэхээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, дээр өгүүлсэн шүүх эрх мэдлийн шинэтгэлийн тухай багц хуулиуд болон Ашигт малтмалын хуулийн өөрчлөлтөд төрийн тэргүүн өөрөө гар бие оролцоно гэдгээ зарлалаа.

Үүний өмнө, өнгөрөгч хоёрдугаар сард УИХ Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг ч мөн Ерөнхийлөгчийн шахалтаар баталсан гэж болно. УИХ-ын зарим гишүүдийн санаачилгаар УИХ-д өргөн баригдаад байсан зарим төслийг нэгтгэн өөрийнхөөрөө баяжуулсан дөрвөн бүлэг, 14 зүйл, 70 гаруй заалт бүхий том хуулийн төслийг УИХ-аар батлуулсан.Өөрөөр хэлбэл, Засгийн газраас боловсруулан УИХ-аар
хэлэлцүүлсэн “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөр хэдэн сар сунжирсэн хэлэлцүүлгийн
эцэст агуулга чанараа бүрмөсөн өөрчилж, “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр болж
зүсээ хувиргасны дараа сая гаруй хүн амтай нийслэлийг утаанаас нь хэрхэн салгах тухай
анхны хууль гарсан нь энэ.

Гэвч харамсалтай нь, хууль гарснаас хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад Засгийн газар уг хуулийг хэрэгжүүлэхэд анхаарал тавиагүй хэмээн санаачлага гаргасан гишүүд шаардлага тавьж эхлээд байна.

Энэ бүхний эцэст юу хэлэх гэсэн юм бэ гэвэл Монгол Улсад хууль тогтоох эрх мэдлийг хэн эдэлдэг вэ гэдгийг сануулах гэсэн юм. Сүүлийн үед энэ ажилд идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгаагаас нь харвал манайх Ерөнхийлөгчийн засаглалтай ч болчихсон юм шиг. Өнгөц дүгнэвэл эрхэм Ерөнхийлөгч маань хууль тогтоох, гүйцэтгэх засаглалынхаа урдуур хойгуур гүйж, баахан болох болохгүй бодлого гаргаад, хувийн рейтингээ өсгөөд байгаа ч юм шиг. Гэвч үнэндээ бол энэ бүхний учир шалтгаан Ерөнхийлөгчид биш, харин ч УИХ, Засгийн газарт өөрт нь байгааг хэлэх хэрэгтэй байна.

Ерөнхийлөгч Монгол Улсыг гадаадад төлөөлөх, зэвсэгт хүчнийг командлах, онц байдал зарлах, УИХ-аас баталсан хуульд хориг тавих, хууль санаачлах, мөн уучлал үзүүлэх гээд хуулиар тогтоосон цөөхөн эрх мэдэлтэй. Харин УИХ, Засгийн газарт үлдсэн бүх эрх мэдэл бий. Гэтэл УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж чадаагүй, аль хэдэн жилийн өмнө сонгуулийн өдрүүдэд л амлачихаад мартсан гол бодлого, нийгэмд хуримтлагдаад байгаа шийдэх ёстой асуудлуудыг Ерөнхийлөгч дангаараа сөхөж гаргаж ирснээрээ парламент болоод Засгийн газрыг араасаа чирж байна. Өөлсөн баалсан хүмүүст Ерөнхийлөгч энэ хоёр институцийн үүрэг функц, эрх мэдлийг үгүйсгээд байгаа мэт харагдаж болох ч үүнийг буруутгах шалтаг шалтгаан алга. Харин ч нөгөө хоёр нь “бантсан” царай гарган гайхширч  үл тоох дүр эсгэж суухын оронд тэртэй тэргүй өөрсдийнх нь оролцоогүйгээр нийгэмд өндөр авахуулаад, анхаарлын төвд гаргаад ирсэн энэ асуудлуудыг “чиний, миний” гэлгүйгээр дэмжээд, түрээд урагш алхуулахаас өөр арга зам байхгүй. Ингэвэл аль алиных нь ирээдүйд хор багатай тусах биз.

Учир нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд олонх цөөнхөөрөө зөрчилдөн байнга хэмлэлдэн асуудлыг гацааж, эсвэл бүр эсрэгээрээ олонх цөөнхөө умартан нэг “хөнжилд” ороод таг болчихдог парламентад иргэдийн итгэл алдрахад хүрч, “76 мануухайг тэжээж байхаар ганц сайн хаантай” больё гэх хандлага гарч, улс төрийн нам, хариуцлагын тогтолцоо, хуульт ёс гэх мэт иргэншсэн зүйлээс илүү хувь хүний факторт шүтэж, аврал эрэхэд тулчихаад байна. Тэр талаас нь тархи сайн угаадаг улс ч мэр сэр байгааг хэлэх үү.  Тиймээс манай парламент, Засгийн газар энэ хэвээр хурд багатай ажиллаж, унтаа хэвээр явбал зөвхөн тэнд байгаа хүмүүсийн нэр сэвтээд зогсохгүй төрийн институцуудын хооронд хямрал үүсгэж, алс хойшдоо гай чирч магадгүй. Үгүй ядахдаа л УИХ, Засгийн газарт шаардлага тавиад, жагсч цуглаад байгаа нөхдүүдийн ганц ч гэсэн мөрөөдлийг нь биелүүлээд, нам мамынх нь нэрийг өгчихвөл тэр хүмүүсийн улс төрөө хийх арга ухаан ч гэсэн нэг шат ахих байлгүй дээ.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж