Нефть хямралыг давлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Нефть хямралыг давлаа

Дэлхийн нефтийн компаниуд 2011 онд 2008 оныхоо орлогын дээд амжилтыг давтах боломжтой. Оросын нефтьчид хямралын шархаа өнгөрсөн жилд нөхсөн бөгөөд 2011 оны эхний улиралд нэг баррель бүрээс ашиг орлогоо 30 хувиар нэмж чадлаа. Жилийн эцсийн дүнгээр орлого дунджаар 40 хувь хүртэл өсч магадгүй аж.

Нэгээс гуравдугаар сард түүхий нефтийн дундаж үнэ нь нэг баррельд 100 ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 хувиар нэмэгдсэн байна. Үнэ нь нэмэгдсээр байна. Одоо Нью-Йоркийн бирж дээр нэг баррель түүхий нефть 112 ам.доллараар, Лондоны бирж дээр 124 ам.доллараар зарагдаж байна. Европчууд түүхий нефть, шахмал хийг Африк, Ойрхи Дорнод ба Азиас авч байгаа учраас эдгээр бүс нутгийн үймээн самуун нефтийн үнийн хөөрөгдлийг өдөөж буй.

«Нефтийн үндсэн гол компаниуд бүтэн хүчин чадлаараа ажиллаж байна. Тэдний орлого энэ оны эхний улиралд жилийн өмнөхөөсөө хол давна” гэж Oppenheimer & Co компанийн шинжээч Фодель Гейтийн хэлснийг The Wall Street Journal иш татан бичсэн байна.

Exxon Mobile-ийн орлого жилийн эцэст ойролцоогоор 50 хувиар, Chevron Corp ба ConocoPhillips компанийнх өнгөрсөн жилтэй харьцуулахад 33 хувиар нэмэгдэхээр байна. Хэрэв энэ хандлага хадгалагдан үлдвэл нефтийн компаниудын орлого наад зах нь 2008 оны үзүүлэлттэй тэнцэх аж. Тэр үед нэг баррель нефть 147 ам.доллар хүрч байхад Америкийн тэр компани түүхэндээ хамгийн өндөр буюу 45,2 тэрбумын орлоготой байлаа. Компанийн орлогыг бууруулахад гурван жилийн өмнөхөөс өөрчлөгдсөн байгалийн хийн үнэ нөлөөлөх магадлалтай. Учир нь Exxon Mobile өнгөрсөн жилд АНУ-ын байгалийн хийн томоохон үйлдвэрлэгч болсон билээ. Компани 25 тэрбумаар байгалийн хийн XTO Energy Inc-ийг авсан юм.

«Түүхий нефтийн үнэ 2008 оны төвшинд очсон ч байгалийн хийн үнэ бага хэвээр байгаа” гэж Monness, Crespi, Hardt & Co компанийн шинжээч Сал Илакуа тайлбарлав. Эрэлт их байгаагаас байгалийн хийн нэг сая британи термийн нэгж нь (байгалийн хийн нэг шоо метр нь 35,8 сая британи термийн нэгж болдог) 4,10 ам.доллараар зарагдсан байна. Тэр нь жилийн өмнөх үзүүлэлтээс 22 хувиар доогуур байна.

Оросын нефтийн компаниуд хямралын хохирлоо бараг нөхөөд байгаа. Өнгөрсөн жилд нефтийн нэг баррелийн үнэ 70-75 ам.доллараас 100 хүртэл өссөн юм. Роснефтийн орлого 35 хувиар өсч 63 тэрбум ам.доллар болсон нь 10,7 тэрбумын цэвэр ашиг өгчээ. ЛУКойл олборлолтоо хоногт 96 мянган баррель хүртэл бууруулсан ч үнийн өсөлт нь 29,4 хувиар ихэсч, 104,956 тэрбум ам.доллар хүрчээ. Цэвэр орлого нь 9,006 тэрбум байв. Өсөлтийн хамгийн их эрчмийг “Башнефть” үзүүллээ. Түүний орлого 2009 оныхтой харьцуулахад 96,9 хувиар нэмэгдэн 13,341 тэрбум болсноос цэвэр орлого нь 240,2 хувиар өсч 1,429 тэрбум ам.доллар болжээ. 2008 онд нефтийн үнэ хамгийн өндөр байхад Роснефтийн цэвэр орлого  11,12 тэрбум ам.доллар, ЛУКойлийнх  9,144 тэрбум ам.доллар тус тус хүрсэн байжээ. Энэ жилийн эхний улиралд Оросын компаниуд нэг баррель бүрээс зургаан ам.долларын орлого нэмэн олж байна гэж Москвагийн банкны шинжээч Денис Борисов хэлж байна. Энэ жилд нэг баррель түүхий нефтийн үнэ 100 эвсэл 120 ам.долларын хэмжээнд байна гэсэн тооцоог шинжээчид хийж байгаа. Ийм нөхцөлд тэдний орлого бараг 50 хувиар нэмэгдэх бололтой. Орлогын өсөлт нь түүхий эдийн үнийн өсөлтөөс хоцорч байна. Үнэтэй нефть байх тусам татвар нь ихэсч буйгаас тэр нь үүдэлтэй.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж