Сонгуулийн холимог тогтолцоон дээр нэгдсэн

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Сонгуулийн холимог тогтолцоон дээр нэгдсэн

С.Бямбацогт: Манай нам сонгуулийг холимог тогтолцоогоор явуулъя гэдэг дээр санал нэгдсэн


УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Ард түмний их хуралдайг УИХ-ын зарим гишүүн дэмжиж байгаа гэсэн. Харин та дэмжиж байна уу?

-Тэдний тавьж байгаа шаардлагыг нь бүгдийг нь зөв гэж хэлж чадахгүй. Гэхдээ авах ч юм байна. Хаях ч юм бий. УИХ тарах хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьж байгаа юм билээ. Хэн нэгэн, хэсэг бүлэг хүмүүсийн шаардснаар УИХ тарчихдаг юм биш. Бид албан ёсоор сонгууль явуулан ард түмнээс сонгогдсон төлөөлөл. “Тар” гэснийх нь дагуу тараад байвал Монгол төрийн дархлаа, бие даасан байдал алдагдана. Мөн Засгийн газрыг огцруулна гэж” байгаа. Чухам ямар үндэслэлээр огцруулах гэж байгаагаа тодорхой болгох хэрэгтэй. Засгийн газрыг огц­руулах хэмжээний нотлох ба­римт, үндэслэл байгаа бол бид огцруулах талаар ярьж болно. Оюутолгойн гэ­рээг хүчингүй болгох тухай шаардсан. Оюутолгойн гэ­рээнд зайлшгүй сайжруулах шаардлагатай зүйл, заалт бий. УИХ-аас Оюутолгойн гэрээтэй холбогдуулан УИХ-ын 57 дугаар тогтоол болон Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх зэрэг гэрээг сайжруулах талаар Засгийн газарт чиглэл өгсөн. Нэгэнт шийдээд явж байгаа асуудлыг хойш нь ухрааж, хүчингүй болго гээд байгаа нь буруу гэж үзэж байна.

-Их хуралдайг зохион байгуулагчид “УИХ, Зас­гийн газар шаардлагыг биелүүлэхгүй бол МҮОНРТ-ийг эзэлнэ” хэмээсэн. Ингэж болдог юм уу?

-Шаардлага тавьж байгаа болон хүлээн авч байгаа талууд уулзан зөвшилцөх, ойлголцох хэрэгтэй. Иргэдийн үзэл бод­лоо илэрхийлэх, нэгдэх, жаг­сахыг нь хориглохгүй. Тэд­ний эрхийг хорьж, хааж байгаа зүйл байхгүй. Шаардлага нь зөв ч бай, буруу ч бай шаардлагадаа хүрэхийн тулд хүч хэрэглэх арга нь буруу гэж үзэж байна.

Хүч хэрэглэхгүйгээр асуудлыг шийдэх боломжтой. Үүнийг хуу­лиар зохицуулаад өгчихсөн юм. Зас­гийн газар ч үүнд анхаарч хүч хэрэглүүлэхгүйгээр хуулийг хэрэг­жүүлж, хөдөлгөөнийхөнтэй учир зүйгээ олох хэрэгтэй болов уу. Ер нь аль, аль талаасаа буулт хийгээсэй гэсэн бодолтой байна. Харин хоёр тийшээ зүтгэвэл хэн ч хожихгүй.

-Н.Энхбаяр төрийн тэргүүн байхдаа олигархи нэртэй байсан хэрнээ одоо 15 олигархийг зарлалаа. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?

-Хүүхдийг “Ий хадны мангаа” гэж айлгадаг шиг олигархийг ийм байдлаар төсөөлдөг. Ингэж ч ярьдаг. Харин тэр 15 олигархи гэгдсэн хүмүүс дотор хэм хэмжээндээ байдаггүй ганц нэг хүн харагдаж байна лээ. Миний хувьд олигархиудаа оновчтой олж харсан юм болов уу даа гэж бодсон.

-Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар намын бүлгүүд санал зөрөлдөж байгаа. Харин таныхаар сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах нь зүйтэй юм бол?

-Мажоритар, пропорциональ, холимог системийн энэ нь сайн, тэр нь байвал зүгээр гэж иргэд ярихгүй байна. Сонгогчид сонгуулийн тогтолцооноосоо илүү сонгууль шударга болохыг, хэрэв шударга бус боллоо гэж үзвэл шалгаж, тогтоох, санал өгсөн хүмүүсийн үр дүн нь тэр хэвээрээ гардаг байгаасай гэдгийг л ярьж байгаа юм. Өөрөөр хэлбэл, санал давхар өгөх гэж оролдох, саналын хуудас будлиантуулсан этгээдэд эрүүгийн хариуцлага хү­лээл­гэдэг байх ёстой. Хэрэв сонгууль будлиантай боллоо гэж үзвэл өрсөлдөгчид буюу ялагдсан тал нь гомдол гаргаж, саналыг дахин тоолдог болох зэргээр сонгуулийн зохион байгуулалтад өөрчлөлт хийх хэрэгтэй. Ямар ч систем байсан сонгуулийг шударга явуулах үйл явцыг нь зохицуулж өгөх ёстой юм. Миний хувьд сонгуулийн аль систем нь надад ашигтай байх вэ гэдэг үүднээс асуудалд хандахгүй байгаа. Хүн бүр өөртөө ашигтай байлгах гээд сонгуулийн систем ийм байх нь зүйтэй гэж ярих хэрэггүй. Харин Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүний хувьд хэлэхэд манай нам сонгуулийг холимог тогтолцоогоор явуулъя гэдэг дээр санал нэгдчихсэн.

-Парламентад суудалтай бусад намын тухайд пропорциональ тогтолцоог илүүд үзэж байгаа шүү дээ?

-Пропорциональ тогтолцоо гэж нэг тийшээгээ хэлбийх шаардлагагүй гэж үзэж байна. Энэ тогтолцоогоор явбал эдийн засаг, нийгмийн хувьд сул хөгжилтэй бүс нутаг орхигдчих вий гэдгийг л анхаарах хэрэгтэй. Түүнээс биш пропорционалиас айгаад байгаа зүйл байхгүй.

-Парламентын тогтолцоогоо шинэчлээд хоёр танхимтай болс­ноор УИХ-ын гишүүдийн хариуц­лагыг нэмэгдүүлэх болов уу?

-Сайн хэлж мэдэхгүй юм. Хуучин Ардын их хурал, бага хурал гэж байсан. Энэ тогтолцооруугаа явах нь зөв гэж хэсэг нь ярьж байна. Тэр үеийн Ардын их хурал Үндсэн хуулийг сайн баталсан юм байна гэж боддог. Үндсэн хуульд “Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ л мөн. УИХ-ын өмнө Ерөнхий сайд, Засгийн газар хуулийг хэрэгжүүлэх үүргийг бүрэн хариуцна” гэж заасан байдаг. Хуулийг хэрэгжүүлэх энэ үүргээ л гүйцэтгэх засаглал муу хийж байна. Үүнээс болж төр засагт итгэх иргэдийн итгэл суларч байгаа юм. Төрийн албан хаагчдад итгэхээ болилоо. Хэрэв гүйцэтгэх засаглал үүргээ сайн биелүүлсэн бол парламентын тогтолцоогоо өөрчлөх шаардлагатай гэж ярихгүй байсан.

-Тэгвэл таныхаар Гүйцэтгэх засаглал хэлснээр муу ажиллаж байгаагийн гол шалтгаан нь сөрөг хүчингүй байсных уу?

-Ер нь 2008 оноос хойш сөрөг хүчингүй байлаа. Энэ хугацаанд тодорхой хэмжээгээр сөрөг хүчний дуу хоолой үгүйлэгддэг. Хамтарсан Засгийн газар хүссэн зүйлээ маш хурдан хэрэгжүүлдэг. Харин хүсээгүй бол удаан, хойрго явуулдаг. УИХ-ын гишүүний тухайд чуулганы нэгдсэн хуралдаан дээр үг хэлж, хашгирахаас өөр яаж ч чаддаггүй. Хийх ёстой хүмүүс нь л гүйцэтгэх засаглал байна. Нийлээд олонхи болсны сул тал нь энэ юм болов уу гэж бодож байна.

-Тэгэхээр Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах ёстой юу?

-Сонгуулиар хоёр намын өгсөн амлалт болон хамтарсан Засгийн газрын дэвшүүлсэн мөрийн хөтөл­бөрийн төлөө ажиллавал дэмжинэ. Засгийн газарт хамтарсны давуу тал ч бий.  Дандаа сул тал байсан гэж ойлгож болохгүй. Харин мөрийн хөтөлбөрөө биелүүлэх бус хэсэг хүмүүс толгойд нь гарчихаад өөрсдийгөө тойрон хүрээлэгч бий болгоод зөвхөн тэднийхээ эрх ашгийг хангаж, ая тал засахын төлөө ажилладаг. Иймэрхүү байдал харагдаад байх юм бол дэмжихгүй. Нэг ийм байдал ч анзаарагддаг. Хэсэг бүлэг хүмүүсийг тойрсон хүн ажилтай, албан тушаалтай болоод явж байх жишээтэй. Засгийн газрын ажиллаж байгаа байдлыг УИХ-ын гишүүд анхааралтай ажиглаж байгаа. Засгийн газар хэр сайн ажиллаж, мөрийн хөтөлбөр нь биелсэн болон Монгол Улсын 2010 оны үндсэн чиглэлийн биелэлтийг ярьж байна. Үүнээс л хамтарсан Засгийн газар хэр ажилласныг нь  дүгнэж болно. 
 
-Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төсөл Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /өчигд­рийн/ хуралдаанаар дэмжлээ. Хуу­лийн төслийн гол агуулга нь юу вэ?

-УИХ-ын нэр бүхий долоон гишүүн энэхүү хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн барьсан. Өнөөгийн нийгэмд зайлшгүй шаард­лагатай хууль хэмээн Засгийн газраас дэмжсэн юм. Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хөрөнгө оруулалт  орж ирвэл түүнийг дотоодын хөрөнгө оруулалттай компаниас илүүд үзэн дэмжсэн. Жишээ нь эхний хоёр жилд нь татвараас чөлөөлж, гурав дахь жилд нь татвараас хөнгөлөх бодлого барьж ирсэн. Сүүлийн үед гадны хөрөнгө оруулалтын хэмжээ ихэсч байна. Үүнийгээ дагаад үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах хэмжээнд ч хүрч болзошгүй. Тиймээс л гадны хөрөнгө оруулалтыг зохи­цуулах шаардлагатай байна.

-Жишээ нь ямар салбарт га­даадын хөрөнгө оруулалтыг зохи­цуулахаар тусгасан бэ?

-Үндэсний аюулгүй байдлыг хангах стратегийн ач холбогдол бүхий салбарт гэж байгаа. Тухайлбал төмөр зам, банк, санхүү, харилцаа холбоо, уул уурхай, агаарын тээвэр, батлан хамгаалах зэрэг 19 салбар бий. Эдгээр салбардуудад гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулж байхгүй бол тодорхой хэмжээгээр монополь байдал үүсвэл эргээд үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж мэдэх юм. Энэ утгаар нь гадны хөрөнгө оруулалтыг зохи­цуулна. Гэхдээ зохицуулна гэдэг нь хөрөнгө оруулалтыг хориглох бус хэм хэмжээнд нь байлгая гэж байгаа юм. Дээрх салбаруудад гадаадын хөрөнгө оруулалт орж ирвэл Монгол Улсын төрд бүртгүүлдэг, оруулах гэж байгаа хувь хэмжээгээ холбогдох байгууллагатай нь тохирдог, дахин хөрөнгө оруулахаар бол мэдэгдэж зөвшөөрөл авдаг байх юм. Мөн хуулийн төсөлд үндэсний эрх ашгаа нэгдүгээрт, дараа нь эдийн засгийн үр ашигтай байхаа тавина. Харин монголчууд өөрсдөө хийж чадах салбартаа гадны хөрөнгө оруулалтыг дэмжихгүйгээр харин хүч хүрэхгүй байгаа салбарууддаа дэмжлэг авч, хөрөнгө оруулалтыг урамшуулъя гэдэг бодлогыг баримталж байна. Эдгээр салбарууддаа гадаадын хө­рөн­гө оруулалтыг тодорхой хэм­жээгээр зохицуулъя. Хяналттай байл­гая гэж байгаа юм. Түүнээс бус бусад салбарт гадны хөрөнгө оруулалтыг хориглоно гэсэн үг биш.

-Хөрөнгө оруулалтад хяналт тавиад зохицуулаад ирэхээр гадны хөрөнгө оруулалт багасах сөрөг үр дагавар үүсэх үү?

-Нэг үеэ бодвол олон улсын хөрөнгө оруулагчид манай улсад хандах хандлага нь өөр болжээ. Гадаадынхан нэг салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулдаг. Үүгээрээ давуу байдал бий болгож, хэт их ашиг олсны дараа бусад салбарт ордог л доо. Энэ нь яваандаа дотоодын компаниудыг сөхрүүлж, дампууруулах нөхцөлд болдог. Цаашилбал хэт давуу байдлыг бий болгосноор үндэсний аюулгүй байдалд харшлах бодлого явуулж байхыг үгүйсгэхгүй. Ер нь улс орнууд ямарваа нэг улсыг эдийн засаг, улс төрийнх нь хувьд хараат байлгахын төлөө ажилладаг болсон. Энэ нь ч нууц биш. Бид үүнийг л эртнээс хязгаарлаж, сэргийлэхгүй бол манай улсад ийм аюул тулгарахад ойрхон байна.

Ц.ЭНХЦЭЦЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж