Энэ нөхрийг хятадын цагаан хэрэм давуулаад шидчих юмсан

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Энэ нөхрийг хятадын цагаан хэрэм давуулаад шидчих юмсан

Зүлгэн дээр гэрийг нь барьж өгөөд амар сайхан жаргаая гэхээр жаргаж өгдөггүй нэг нөхөр байна аа. Монголын ард түмэн “Одоо болно. Та минь сайхан амар. Бидний төлөө “их” зүтгэсэнд баярлалаа” гээд чөлөөлчихөөд байхад “Үгүй ээ, би  та нарын төлөө заавал зүтгэнэ”  гээд амар заяа үзүүлдэггүй.  Ингэхэд ер нь түүнд  Монголын төлөө зүтгэх эрхийг хэн өгсөн хэрэг вэ.  Уг нь ард түмэн өөрийнхөө  тө­лөө зүтгэх хүнийг  өөрсдөө сон­годог. Андуураагүй бол түү­нийг сонгоогүй шиг  санах  юм. 

Аль насандаа хийсэн үйлийн үр юм бэ, хөөрхий тэр жаргаж чаддаггүй нөхөр 15 олигархийг   нэрлэжээ.  Юун ч цөөхөн юм бэ. Түүний буруу гараар хийсэн булхай бүхнийг нь илчилж дургүйг нь хүргэж  байгаа хүний тоо 15-аар дуусмааргүй юм.  Гайхмаар. Орчуулагч хүн бо­­ло­хоороо тоонд муу байх нь.  Анзаарагдахгүй  бай­сан сул тал нь  байж. Горь­кийн сургуулийн орчуулагчийн ангийг төгс­сөн, дараа нь Лийдсийн их сургуулийн англи хэлний ангийг дүүргэсэн гэхэд олигархи гэдэг үгийн утгыг бас л буруу ойлгочихож.   Мань эр   өөртөө таалагдаагүй  хүнийг олигархи гэж нэрлэж болно гээд бодчихсон тууж явна. Эсвэл баян хөрөнгөтэй хү­нийг тэгж хэлээд  байхаар цаа­заар… авчихдаг гэж арай…  Ин­гэж бодох үндэслэл бай­на. Учир нь тэр саяхан ху­вийн шүүх байгууллаа гэж зар­­ласан. Мэр­гэжлийнхээ хувьд ямар­хуу орчуулагч вэ гэ­дэг нь танигдаад ирэх  үетэй давх­цаад  сэтгэлгээний хоц­­рог­дол нь санаа зовоож ор­­хилоо. Төрд олон жил ажил­лаж, гайхмаар улс төр хийж явсан гэхэд итгэмээргүй.  Хө­рөнгөтэй, мөнгөтэй хү­нийг үзэн яддаг пролетари сэтгэхүй нь инээдтэй биш аймшигтай байна.  Ардчилсан хувьс­галын он тоолол эх­лэхэд   гарааны зурхайгаас бүгд  адил тэгш эргэсэн биш үү. Хэн хөдөлмөрлөж овс­гоотой байж чадсан нь  тэр­бумтан болж өнөөдөр нийг­мээ араасаа чирч яваа.  Аль л өөдрөг өнгөтэй яваадаа зүүгдэж тэднийгээ мөлжиж амьдардаг нь хүний нийгмийн бичигдээгүй хууль. Хоёр сая 700 мянган хүн амтай манайх шиг улсад баячууд нэмэгдэх  тусмаа сайн. Сингапурт 10 хүн тутмын нэг нь долларын саятан байдаг. Бид тэр зүгт тэмүүлж, тэрбумтанаасаа зүүг­дэж амьдрах нь хамгийн ой­рын гарц.

Сайхан машин унаж тансаг харшид амьдарч  хэдэн арваар тоологдох охин компани  байгуулан тэрбум, тэрбумаар мөнгө эргэл­дүүлж байгаа  хүмүүсийн хөрөнгийг хураан, алж  хядах  биш тэдний үйлд­вэрт ажиллан цалин авч амьдралаа залгуулах  ёстой биш гэж үү. Том хөрөнгөтнүүдийг дагаж жи­жиг хөрөнгөтнүүд мэндэлдэг жам­­тай. Баячуудад зарагдаж ядуус өөдөлдөг түүхтэй.  Хүн тө­рөлх­­­­төний хэдэн мянган жилээр туулж амьдарсан энэ эгэл түүхээс мон­­голчууд бид хаашаа ч оргож ча­­дахгүй.  Харин хийж бүтээж яваа үндэсний хөрөнгөтнүүдээ үзэн ядаж, хөрөнгийг нь хурааж тэг­шитгэхийг хүсэх хэдхэн хүн бий болж.  Тэд нэгэн цагийн  ёстой жин­хэнэ олигархиараа удирдуулан бусдад хорсч байна.  Орох оронгүй, оочих аягагүй бас дээрээс нь өнчин ишигний ч орлогогүй байж төрийн эрх мэдлээрээ далимдуулан хагартлаа баяжсан түүх хэнийх гэдгийг санах хэрэгтэй.  Дээр өгүүл­­сэн 15-хан нөхрийн дотор ийм түүх­тэй хүн харагдахгүй бай­гаа уч­раас үүнийг бичиж байна.  Сү.Батболд, Г.Бат­хүү нар бусдаасаа арай хөрөн­гөлөг нь үнэн. Гэхдээ тэд тө­рийн ажилд ирэхээсээ өмнө сэл­гэж унах морь­той, сольж өмсөх хув­цас­тай байсныг бүгд мэднэ. Араас нь  залгах Э.Бат-Үүл, Ц.Нямдорж нар үнэм­шил төрүүлэхгүй байна. 30-аад жи­лийн өмнө хадмындаа хүргэн орсон Э.Бат-Үүл байраа сольчихож чадахгүй яваадаа олигархи гэгдэх үү.  Хууль засахаас өөр эрдэмгүй Ц.Нямдоржийн хөрөнгө орлогын мэ­дүүлэг  даанч ичмээр дамшиг. Ка­бинд нь дуу орсон хөгшин “па­жеро”-гоо сольж чадахгүй яваа  Д.Зоригт сайд хэдий завандаа оли­гар­хи болчихов.  Харин хэ­дэн зуун хүнийг Сүхбаатарын тал­байд цуглуулж, морь хөл­сөлж, цус нулимс өөд турхирч бай­гаа энэ нөхөр өөрөө хаанаас мөн­гө олоод байна вэ. Ажилгүй  атлаа  ийм хэмжээний мөнгийг яаж олж байгаа нь сонирхолтой хэрэг шүү. Сүхбаатарын талбайн хажуу дахь хэвлэх үйлдвэрийг луйвардаж, ОХУ-д төлсөн их өрөөс хумсалсан болохоороо  өл залгуулаад байгаа биз дээ.   Нэгэн цагт Монгол Ул­сын Ерөнхий сайд байж, эдийн засгийн зоригтой алхам хийж явсан Мэндсайханы Энхсайхан  хөрөн­гөтнүүдийн хөрөнгийг шатаах тухай уриалж зогсохдоо юу бодож байсан бол.

Амар гэхээр амарч чадахгүй, зүгээр бай гэхээр зүү шиг үгээр сүвээнээс хатгаад байгаа тэр нөхрийг яах вэ.  Ард түмэн өөрийнхөө тө­лөө зүтгүүлэхгүй гээд байхад “зүт­гэнэ” гээд зөрж хашгираад байгаа тэрнээс салмаар байна.  Энэ нөх­рийг  ер нь Хятадын цагаан хэрэм давуулаад  шидчих юмсан. Эсвэл  нэгийг авахаар нөгөөг нь үнэгүй өгдөг  дэлгүүрийн бараа шиг   өгөөд явуулчихмаар.  Залхаж байна түү­нээс. Залхана гэдэгт бас хязгаар бай­даг бололтой юм.

Л.МӨНХБАЯСГАЛАН


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж