Шатахууны үнэ нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.30-нд нийтлэгдсэн

Шатахууны үнэ нэмэгдлээ

ОХУ дотоодын зах зээлдээ үүсээд буй бензиний хомсдлын улмаас тавдугаар сарын 1-нээс эхлэн тодорхойгүй хугацаагаар нефтийн бүтээгдэхүүний экспортоо зогсоох шийдвэр гаргасан билээ.

Монгол Улс дотоодынхоо шатахууны хэрэгцээг 100 хувь ОХУ-аас хангадаг тул монголчуудад энэ шийдвэр сөргөөр нөлөөлж, бензиний нэмэгдэж магадгүй гэсэн болгоомжлол иргэдийн дунд үүсээд байлаа.

Гэхдээ Газрын тосны газрын холбогдох албаны хүмүүс болон Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Түлшний бодлогын газрын орлогч дарга Н.Болдхүү нар “ОХУ-ын Эрчим хүчний яам тус улсын Засгийн газрын шийдвэр болох газрын тосны бүтээгдэхүүний экспортыг зогсоох нь Монгол Улсад хамаарахгүй гэж албан ёсоор мэдээлсэн. Тиймээс манай улс өмнөхийн адил тус улсаас шатахууны хэрэгцээгээ хангах боломжтой” хэмээн мэдэгдэж байсан ч Монголын нефть импортлогч компаниуд өчигдөр оройн 22.30 цагийн үед бүх төрлийн шатахуун, түлшний үнийг 80 төгрөгөөр нэмээд байна.

ОХУ-ын энэхүү шийдвэртэй холбоотойгоор өчигдөр ҮАБЗ хуралдаж, Монгол Улсын хувьд шатахууны нөөц хэр байгаа асуудлыг болон дээрх шийдвэр манай улсад хэрхэн нөлөөлөх талаар хэлэлцсэн байгаа. Гэхдээ ҮАБЗ-ийн хурлаар яригдсан зүйлсийн мэдээллийг хараахан албан ёсоор танилцуулаагүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж