Хогийн цэг үү, хотын гол уу…

Хуучирсан мэдээ: 2011.05.03-нд нийтлэгдсэн

Хогийн цэг үү, хотын гол уу…

Дөрвөн уулын дунд Туул, Сэлбэ, Дунд гол урссан учраас Алтан дэвшийн хөндий хэмээн нийслэл хотын байршлыг анх сонгосон нь гэдэг. Гэтэл 20, 30-хан жилийн өмнө цэлэлзэн урсдаг байсан Туул арайхийн амь гуйн урсаж байгаа бол Дунд гол дуунд л мөнхөрч дээ. Үлдсэн Сэлбэ, хатан Туул гол нийслэлчүүдийн бохир хог хаягдал, хир буртагт хүчин мөхөсдөж, урсгал ус нь тасарч, үгүй болох аюул тулгарчээ. Их, Бага Баян уулнаас эх аван 12-хон километрийг туулан урсахдаа Сэлбэ гол хүний хэлээр ярьдагсан бол нэлээдгүй зовлон тоочиж, бишгүй ихийг өгүүлэх байсан даа. Түм түжигнэж, бум бужигнасан их хотын төвийг чимэглэн урсдаг эл гол өдгөө барилгын хог, уут сав, хог новш, үнс нурам, мал, амьтны сэг зэм гээд хүний амьдралын явцад бий болсон бүхий л хогоор дүүрэн, заримдаа тамир нь тасалдаж урсгал нь боогдож, хаагдаж байх шиг. Энэхүү нүд халтирам дүр зургийг харсан хэн боловч шүүрс алдмаар…
Саяхан даа,  саяхан. Нийслэлээс тэрбум гаруй төгрөг зарцуулан байж бүх нийтийн цэвэрлэгээг өрнүүлсэн. Энэ үеэр Сэлбийг хогноос салгалаа, амь орууллаа гэж ярьж, хэлж байсан санагдана. Гэтэл долоо хоног хүрэхгүй хугацаанд өнөө Сэлбэ чинь өнгө, өнгийн гялгар цаасаар чимэглэсэн “замаг”-тай болжээ.
           
Хог новшоор баялаг Сэлбэ гол

Эрт дээр үеэс урсгал усанд дусал сүү дусаахыг ч цээрлэдэг уламжлалтай ард түмэн юмсан. Гэ­тэл  өдгөө соёлжсон нийгмийн улаанбаатарчууд, тэр дундаа хавь ойрын оршин суугчид нь голыг хогийн сав мэтээр ойлгож байгаа гэвэл үнэнээс хол зөрөхгүй биз. Худлаа гэвэл Сэлбэ голын дагаад яваад үзээрэй. Бүр хэд хэдэн машинаар асгасан барилгын хог энд тэндгүй овоолсон нь нотлоод өгнө. Түүнээс гадна СБД-ийн баруун эргийн далан дагуух оршин суугчид, БЗД-ийн 21, 28 дугаар хорооны Сэлбэ голын зүүн эргийн далан дагаж суурьшсан иргэд өвлийн туршид “үйлдвэрлэсэн” үнс нурмаа далан давуулаад хаячихсан нь гэрчилнэ гайгүй. Хүүгээ дагуулаад хог түүж яваа эмэгтэйтэй тааралдлаа. Тэрбээр “Байнга энэ хавиар явж барилгын хог асгасан газраас галд түлэх бага сага зүйл цуглуулдаг. Улаанчулуутын цэгээс Сэлбэ хавьд хог түүх нь зарим үед илүү олзтой байдаг. Далан дагасан айлууд их хогоо асгана. Заримдаа жижиг машинтай хятадууд дүпү, хугацаа хэтэрсэн ногоо авчирч, Дамбадаржаагийн эцэс хавьд хаядаг” гэж байв. Магадгүй Хөвсгөл далайг хамгаалагч Далай ээжийн домгийн бодит биелэл нь тэр байж болох юм.
          
Хүнсэндээ юуны мах хэрэглээд байна вэ?

Хогон дунд нохойн хувхай яс, зарим хэсгийг нь шатаасан байхтай таарлаа. Малын яснаас шал өөр байх нь хэний ч нүдэнд өртмөөр. Өнгөрсөн өвөл яг энэ газраар зам товчлон явж байх үест нэлээд олноор нь шулсан яс байхтай таарч байсан юм. Тэр үед зэвүүцээд өнгөрч байлаа. Бас тэр хавьд оршин суугч Г.Цэгмид гуайн хэлж буйгаар энэ газарт хэдэн хоногийн өмнө шуудайгаар нь өөх авчирч хаясан байсан гэнэ. Шиншлэн гүйлдэх золбин ноход огт тоохгүй байсан гэхээр сэртхиймээр байгаа биз. Малын мах, өөх байсан бол золбин ноход яасан их олзуурхах бол. Нохойн махыг шулж, машиндаад хоолны газруудаар зарж байгаа ч бил үү, бид яаж мэдэх билээ. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт зарим нэг хүмүүс тарган нохойг мянган төгрөгөөр худалдаж авдаг гэсэн яриа урьд өмнө нь чих дэлсэж байсан удаатай. Энэ мэт эл хуль эзгүй газар хаясан нохойн яс хэний хүнсний хэрэглээд хангаж байгаа бол.

Барилгын хогоор газар тэгшлэн амьдрагсад
          
Сэлбэ голын эрэг дагаад суурьшсан иргэдийг яалтай билээ. Амьдрах газар олдохгүй байгаа нь тэр үү, барилгын хогийг нуруулдан, газар тэгшилж буусан айлууд тэр хавьд бишгүй олон. Зарим нэг нь хашаа байшин бариад төвхнөсөн нэгэн ч байна. Гэр барих газраа тэгшлээд, нэмж барилгын хог асгасан харагдах н.Гончигжав гуайгаас голын эрэгт газар тэгшлэх нь эрсдэл ихтэйг сануулахад ихэд ундууцсан байдлаар өөр надад амьдрах газар алга гээд өөрийг хэлэхийг хүссэнгүй. Маш том том барилгын хогийг гараар тэгшлэх гэж хөлсөө цутгуулан зүтгэх түүнд үүнээс өөр арга олдоогүй гэх үнэн хийж буй ажлын хүнд хүчрээс мэдрэгдэж байв. Гэрээс гарч харагдсан эмэгтэй эрээн алаг хогоор чимэглэсэн зүлэг бүхий Сэлбийн голоос ус авч байх юм. Тэд энэ голоос ундны усаа хангаж байна. Хэрвээ Сэлбэ гол руу үерийн ус ороод ирвэл ядарсан, ядсан алин гэхгүй л хуу хамна гэдгийг тэд мэдэж л баймаарсан.

Зам хаавал Сэлбэ мартагдсан дууль болох нь
        
Хайрга, тоосго ачсан ачааны машин Сэлбэ гол даган зөрж өнгөрнө. Замын бөглөрөл тооцсон уу, эсвэл хууль бус тээврийн хэрэгсэлтэйгээс тэр үү, төмөр хөлөгтнүүд энд хаа сайгүй холхино. Өнгөрсөн сард шөнө дунд зам хааж, засварын ажил эхлэх үед Сэлбэ даван хотын төвийг зорих гэсэн автомашины урсгал хэд хэдээрээ шаварт хоносон удаатай. Удахгүй Сансрын колонкийн уулзвараас Дамбадаржаа хүртэлх замыг энэ сарын 22-ноос хааж, зам засварын ажил эхэлнэ. Энэ үест БЗД-ийн 21, 28 дугаар хорооны автомашин хөлөглөгсөд Сэлбэ голыг хөндлөн гулд туучих нь мэдээж. Тухайн нутаг дэвсэрт амьдарч буйгаас хойш өөр яалтай билээ. Энэ мэтээр бүтэн зуны турш Сэлбэ гол хогондоо түүртэхээс гадна автомашины хөлд хөрсөө зумлуулах цаг ирэх вий дээ.
Хэчнээн тэрбумаар цэвэрлэсэн газарт хэдхэн хоногт эргээд хогийн цэг болон хувирч байна. Хэн нэгний хийсэн ажлыг үр дүнгүй болгож буй хүмүүстэй эргээд хариуцлага тооцох, байнгын эргүүл хамгаалалт нэвтрүүлэхгүйгээр Сэлбийг цэвэрхэн болгоно гэдэг “зангууны үлгэр” бололтой. Гэр хорооллын иргэд соёл­той, барилгын компаниуд ухамсартай болж гэмээнэ Сэлбийн эрэг хавьд сэрүүцэх цаг ирэх байх даа.

Д.ДОЛГОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж