Хуучирсан мэдээ: 2011.05.03-нд нийтлэгдсэн

Баасан гаригийн үдэш  шатахууны үнэ өссөн талаарх мэдээлэл бямба гаригт
цацагдлаа. Яагаад, ямар учраас гэдгээ харин импортлогчид
тайлбарласангүй. Тэгэхээр Монголын газрын тосны зах зээл дэх үнэ сургаар хэлбэздэг гэхэд төдийлөн буруудахгүй нь бололтой.

Өмнөх өдөр нь буюу өнгөрсөн пүрэв гаригт ОХУ-аас тавдугаар сарын 1-нээс газрын тосны экспортдоо хязгаарлалт тавьу буйгаа зарласан нь импортлогчдод гоё өгөөш болжээ. Далим л гарвал шатахууныхаа үнийг өсгөх дуртай импортлогчид оросуудын дараагийн мэдэгдлийг сонсоогүй өнгөрсөн нь санамсаргүй хэрэг үү эсвэл санаатай явдал уу байв уу.
ОХУ дотоодын зах зээлд үүссэн газрын тосны зарим бүтээгдэхүүний хомсдолыг арилгах зорилгоор экспортдоо хориг тавихдаа  Дундад азийн орнууд болоод, ялангуяа Монгол дахь нийлүүлэлтээ зогсоохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн бий.  Роснефтийн хэвлэлийн төлөөлөгч, мөн тус компанийн экспорт хариуцсан захирал С.А.Андронов нар  дээрх мэдээллийг Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон Газрын тосны газарт ирүүлсэн бөгөөд чингэхдээ евростандартын бензин нийлүүлдэг орнуудад нийлүүлэлт хэвээрээ байх болно, үнэд ч өөрчлөлт орохгүй гэдгийг онцолсон байна. Энэ нь тавдугаар сард Монгол Улс хуучин үнээрээ, авдаг хэмжээгээрээ ОХУ-аас шатахуун импортлож болно гэсэн үг. Оросууд хүртэл Монголын дотоодын зах зээлийг хямралаас сэргийлж, онцгой халамж үзүүлж байхад  импортлогчид ямар  ч мэдэгдэл, тайлбар, шалтгаангүйгээр шатахууны үнийг өсгөснийг шалтаг гэхээс өөрөөр дүгнэж чадахгүй нь. Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон Газрын тосны газраас шатахууны үнэ өсөхгүй хэмээн том дуугаар мэдэгдсээр атал  импортлогчид дуу нэгтэйгээр бензиний үнийг 80 төгрөгөөр нэмсэн нь хэрэглэгчдээр хэн нь тоглож, хэн нь шоглоод байгаа нь ойлгомжгүй байна.

Дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурч, ОХУ-д газрын тосны үнэ хямдрах мэдээллийг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг Монголын импортлогчид үнийн өсөлтийг жигтэйхэн соргогоор хүлээж авдаг нь соньхон. Тэдний хувьд энэ нь гэм биш зан болсон.  
Монголын дотоодын зах зээлд зарж буй шатахууны жижиглэнгийн үнэ өнөөдрийн байдлаар литр тутамдаа 80 төгрөгөөр өсч, АИ-80 1220, АИ-92 1380, дизель түлш 1470, АИ-95 1450 төгрөгийн үнэтэй байна.  Энэ нь  он гарсаар Монгол Улсын дотоодын зах зээлд борлуулж буй шатахууны үнийг импортлогчид хоёр дахь удаагаа  өсгөсөн гэсэн үг.

ОХУ-ын Роснефть компаниас өнгөрсөн хоёрдугаар сард Монголд нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний импортын үнийг тодорхой хэмжээгээр нэмснээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, АИ 80 автобензин тонн тутамд 72, АИ-92 автобензин 21, дизелийн түлш 78 ам. долларын нэмэгдэлтэйгээр  Монгол Улсад нийлүүлэх болсон ОХУ-ын шийдвэрийн дагуу  Засгийн газар хуралдаж, онцгой албан татварыг бууруулсан бий. Гэсэн хэдий ч импортлогчид өнгөрсөн хоёрдугаар сард шатахууны үнийг 30-120 төгрөгөөр нэмж  АИ-80 авто бензинийг 1190 төгрөгөөр, 1320 төгрөг байсан дизель түлшийг 120 төгрөгөөр нэмж, 1440 төгрөгөөр борлуулж эхэлсэн юм.

Шатахууны үнийн өсөлт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд сөргөөр нөлөөлдөг бичигдээгүй хууль Монголд бий. Тиймээс олон нийтийн зүгээс энэ удаагийн өсөлт хэр бодитой вэ гэдэгт хариулт авахыг хүсч буй нь мэдээж. Муу л бол захын хар овоохой гэгчээр юм л бол оросууд руу буруугаа чихдэг импортлогчид  шатахууны үнийг өсгөсөн шалтгаанаа өнөө хэр тайлбарлаж чадахгүй байгаагаас харахад  үгсэн хувалдаж, үнийн хөөрөгдөл үүсгэсэн бололтой. Тэгэхээр санаатайгаар үнийн хөөрөгдөл үүсгэж, хэрэглэгчдийн хэтэвч рүү хууль бусаар гараа дүрсэн импортлогчдод энэ удаад  хэн ямар хариуцлага тооцохыг харж л суухаас.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж