Байт харваачид медалийн хур буулгав

Хуучирсан мэдээ: 2011.05.03-нд нийтлэгдсэн

Байт харваачид медалийн хур буулгав

Монголын байт харвааны шигшээ багийн тамирчид дөрөвдүгээр сарын 21-27-нд Лаос улсад болсон Asian Archery Grand Prix-2 тэмцээнд оролцож, шигшээ харваанд эмэгтэй баг алт, холимог баг мөнгөн медаль хүртжээ. Түүнчлэн хувийн амжилтаар А.Энхтуяа шагналт дөрөвдүгээр байрт шалгарсан байна. Тэмцээнд Ази тивийн есөн орны баг тамирчид оролцсон юм. Тус тэмцээнд мөн урьдчилсан харвааны дүнгээр баг тамирчдыг байр эзлүүлж, медаль гардуулсан бөгөөд үүнд хувийн амжилтаар эмэгтэйчүүдийн харваанд Ч.Оюунсүрэн алт, эрэгтэйчүүдийн төрөлд Ж.Гантөгс хүрэл, мөн эмэгтэйчүүд багаараа алт, эрэгтэйчүүдийн баг мөнгө, холимог баг хүрэл медалийн эзэд болжээ.

Байт харвааны шигшээ багийн тамирчид дөрөвдүгээр сарын 28-нд ирсэн бөгөөд эх орондоо хоёр хоног саатаад Хорватын Пореч хотноо өнөөдөр эхлэх байт харвааны “Дэлхийн цом”-ын тэмцээний 2011 оны эхний цувралд онч мэргэнээ сорихоор 30-нд хилийн дээс алхжээ. Тэмцээний аваргууд энэ сарын 7-нд тодорно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж