Хулгайч нарыг давруулж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

Хулгайч нарыг давруулж байна

Хуруу, хумс урттай хулгайч гэх нөхдүүд зургаан настай хүүгийн гар утаснаас эхлээд наян настай эмээгийн тэтгэврийг хоослон ажилтай хүнээс ч илүү баян тансаг амьдардаг гэхээр дэн­дүү шударга бус байгаа биз. Гэвч энэ гаж үзэгдэлд хууль хяналтынхан, нийгэм тэр чигээрээ нүд дассан ч юм шиг. Хүний юм бол хүний юм, хүний юмыг зөвшөөрөлгүй авсан л бол гэмт хэрэг үйлдсэнд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээ­дэг  зарчим дэлхийн улсуудад бий. Гэтэл манайд эсрэгээрээ. Хөдөлмөрийн хөлс­ний доод хэмжээнээс доош өртөг бүхий эд зүйл хулгайлсан бол 20 мянган төгрөгөөр торгоод л болоо. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108 мянган төгрөг байсныг сая 30 хувиар нэмж, 140.400 төгрөг болголоо. Үүнийг дагаад хулгайч нарын хулгайлж болох зүйлийн хэмжээ дагаад өсч байгаа хэрэг.

Хуулийн зохицуулалт талаас нь авч үзье. Эрүү­гийн хуульд торгох ял, гэмт хэргийн ангилал, хулгайн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэх хохирлын хэмжээ зэрэг нь  хөдөлмөрийн хөлсний доод хэм­жээ­нээс шууд хамааралтай. Эрүүгийн хуульд ийм заалт оруулсан нь хулгайч нарыг өөгшүүлж,  хулгайн гэмт хэрэг өсөх шалтгаан болсоор байна. Өөрөөр хэлбэл  140.400 төгрөгөөс доош үнэ бүхий эд зүйл хулгайлсан бол эрүүгийн хэрэг үүсгэхгүй, захиргааны арга хэмжээ аваад өнгөрнө. Тэгэхээр малын, халаасны, орон байрны хулгайч нарт эд зүйлээ алдсан иргэд хохироод үлдэж байгаа юм. Нөгөө талаас торгох ялын хэрэгжилт тун тааруу байдаг аж. Гэмт хэрэг үйлдэгсэд гурван жилийн хугацаанд иргэнд үзүүлсэн хохирлоо төлөх торгох ялаар шийтгүүлдэг ч  хохирлыг нь барагдуулсан тохиолдол ховор. Торгох ял нэрий­д­лээр гэмт хэрэгтнүүдэд ял завших бас нэг боломжийг хөдөлмөрийн хөлсний доод хэм­жээ гэгч олгож буй. Түүнчлэн гэмт хэргийн анги­лал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хамааралтай байгаа нь хулгайчдад завшаан болсоор.

Улсын хэмжээнд өнгөрсөн онд 5777 хулгайн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 9.4 хувиар өсчээ. Үүнээс хувийн өмч хулгайлах хэрэг өндөр хувийг эзэлж байв. Энэ оны эхний гурван сарын бай­длаар хулгайн гэмт хэрэг 1418 бүртгэгдсэн нь өмнөх өны мөн үеийнхээс 10.1 хувиар, хувийн өмч хулгайлах хэрэг 34.6 хувиар, малын хулгайн хэрэг 99.9 хувиар, тээврийн хэрэгс­лийн хулгай 42.1 хувиар, халаасны хулгай хоёр дахин өсчээ. Энэ бол зөвхөн цагдаагийн бай­гууллагад бүртгэгдсэн хэргийн тоо. Үүний цаа­на цагдаагийн байгууллагад хандаагүй урт хумст­нуудад эд зүйлээ алдсан иргэд захаас аваад бий. Цагдаагийн  байгууллагад хандлаа гээд хүлээлгэх хариуцлага нь өчүүхэн бага учир тэгэсгээд орхидог нь үнэн. Дээрх олон мянган хулгайн хэрэг үйлдэгсдийн хэдэд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг вэ.

Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн тоогоор 2009 онд 1349 , 2010 онд 1235 хулгайн хэргийг эцэслэн ший­дсэн байна. Тэгэхээр жилд бүртгэгдэж буй 5000 гаруй хулгайн хэргийн дөнгөж 1000 гаруйг нь шүүхээр шийдсэн гэсэн үг. Үлдсэн 4000 нь 20 мянган төгрөгөөр торгуулаад, дахин хулгайгаа хийж яваа. Эрүүгийн хуульд хулгайн хэргийг давтан үйлдсэн, бүлэглэн үйлдсэн бол хорих ялаар шийтгэнэ. Хулгайн хэрэг өсч байхад хулгайн хэргээр ял шийтгүүлэгчдийн тоо буурсан үзүүлэлт ч харагдаж байв. Тухайлбал 2009 онд 2195 хүн шүүхээр ял шийтгүүлсэн бол өнгөрсөн онд 1903 болж 13.3 хувиар буурчээ. Хулгайн гэмт хэргийн гаралт жилээс жилд өсч байхад шүүхээр шийтгүүлэгсдийн тоо буурч байгаа нь Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалттай холбоотой. Тиймээс хулгайн хэрэг үйлдсэн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хамаарахгүй эрүүгийн хариуц­лага хүлээлгэдэг болмоор байна.

Дэлхийн бусад улсуудад иргэдийн хувийн өмчийг төр дээд зэргээр хамгаалдаг, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн орлогод дүйцүүлэн  торгох ял оноодог тогтолцоо бий. Энэ тогтолцоо руу ойрын хугацаанд орж чадахгүй юмаа гэхэд  бусдын эд зүйлийг шунахайн сэдэлтээр хулгайлсан этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгая. Бүтэн сар хүлээсэн өвөө, эмээгийн тэтгэвэр,  ээж ааваасаа аминчлан гуйж авахуулсан бяцхан  хүүгийн гар утас  юу ч биш юм уу…

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж