Бин Ладенийг хэрхэн “оршуулав”

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

Бин Ладенийг хэрхэн “оршуулав”

АНУ-ын цэргийнхний баталж бай­га­а­гаар бол Осама бин Ладе­нийн цогцсыг хүний ёсоор хандан далайд “оршуулсан” гэж хэлж байгаа аж. Гэвч зарим лалын шашинтны төлөөллийн хэлж бай­гаагаас харахад АНУ-ын алба­ны хүмүүс түүний цогцсыг га­зарт хөдөөлүүлэхэд ямар ч саад байгаагүй гэж мэдэгдсэн байна. Лалын зан үйлээр бол нас барсан хүний шарилыг тэр доор нь хөдөөлүүлдэг бөгөөд харин задлан хийх шаардлагатай болсон тохиолдолд л энэ ёсыг зөрчих болдог аж.

АНУ-ын албаныхны тайлбарлас­наар бол тэд лалын энэ ёс жаягийг даган Осама бин Ладенийн цогцсыг алагдсанаас нь хойш хэдхэн цагийн дотор шаардагдах бүх зан үйлийг нь гүйцэтгэн далайд оршуулсан гэж байгаа аж. Бин Ладенийн оршуулах энэхүү зан үйл АНУ-ын байлдааны нисэх онгоц тээвэрлэгч “Карл Винсон” хөлгийн тавцан дээр хийжээ. Түүний цогцсыг цагаан өнгийн эдээр ороон хүнд зүйл хийсэн шуудайд хийн мо­дон тавцан дээр байрлуулсны дараа Арабын тэнгисийн ус руу уна­га­жээ. Албаны мэдээнээс үзэхэд энэ үйл­дэл Гринвичийн цагаар тавдугаар сарын 2-ны  өглөөний зургадугаар цагийн орчимд буюу түүнийг алагдсанаас хойш 12 цагийн дараа болсон байна.

АНУ-ын тусгай хүчнийхэн Бин Ладенийг хоёр ч удаа буудсан бөгөөд эхний сум нь үхлийх байсан ч дахин нэг хяналтын буудлага хий­сэн байна. Осама бин Ладенийн цогцсыг нуугдаж байсан газраас нь буюу Пакистанаас Афганистан руу шуу­рхай ажиллагаа явуулсны дараахан нь шууд шилжүүлэн тэн­дээ таних ажиллагаа гүйцэт­гэ­­сэн байна. Цогцосноос нь ав­сан ДНК-ийн шинжилгээг Бин Ладенийн хамаатнуудыхтай тулган үзэхэд таарч байсан гэнэ. Мөн технологийн нарийн аргаар нүүр царайг нь таних ажиллагааг явуул­сан гэх мэдээлэл ч байгаа юм.

Лалын шашны ёсоор бол нас барагс­­дын цогцсыг угааж, даа­вуунд ороон сүүлчийн замд нь үдэх мөргөлийг унших зэрэг бүх зан үйлийг зөвхөн лалын шашинт хүн гүйцэтгэх ёстой байдаг бөгөөд хэ­рэв америкийн цэргийнхэн үнэ­хээр лалын шашны үйлийг ёсоор нь явуулсан л юм бол “Карл Винсон” цэргийн хөлөг онгоцон дээр ийм зүйлийн мэдлэгтэй хэн нэгэн байсан болж таарч байна. Гэвч лалын шашны төлөөллүүд үүнд эргэлзэж байгаа аж. Британид амьдардаг лалын шашны имам Абдулжалил Сажид хэлэхдээ да­лайд аялж яваа нөхцөлд л усанд цогц­сыг живүүлэхээс өөр аргагүй болохоос өөр тохиолдолд лалын шашинт хүнийг ингэж хойд насанд нь илгээх шаардлага байхгүй гэсэн байна.

Харин Иорданийн их сургуулийн шашны эрхийн судлаач профессор Кудах хэлэхдээ хэрэв ойр орчимд нь лалын шашны үйлийг мэдэх хүн байхгүй бол далайн усанд оршуулах ийм ёсон бий гэж хэлсэн гэнэ.

Ер нь Бин Ладенийг ингэж оршуулах болсон бодит хоёр ч шаардлага байсан гэж ажиглагчид үзэж байгаа гэнэ. Нэгдүгээрт, энэ нь “номер нэг террористийн” шарил цагийн уртад шашин мөргөлийн шүтээн болохыг зөвшөөрөхгүй байс­наас, хоёрдугаарт, Осама бин Ладенийн цогцсыг оршуулах газрыг бусад улс орнуудтай ярьж тохирч байх цаг зав байхгүй байсных болов уу гэж тэд үзэж байгаа юм. Америкийн телевизийн СВS сувгийн мэдээлснийг үзэхэд  Саудын Араб улс Осама бин Ладенийн цогцсыг нутаг орондоо оршуулахыг зөвшөөрөөгүй гэх мэдээлэл байгаа гэнэ. Эндээс харвал АНУ бусад лалын орнуудтай Осама бин Ладенийн цогцсыг оршуулах газар хайж яриа хэлэлцээ хийхийг оролдсон болох нь нотлогдож байгаа юм.

  М.НАСТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж