Залуусаа цэргийн албанд үдлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

Залуусаа цэргийн албанд үдлээ

Булган аймгийн цэрэг татлагын товчоо энэ хаврын ээлжит  татлагад 200 шахам залуучуудыг хамруулан зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэргийн ангиудад хуваарилав.

Уламжлалын дагуу аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабаас цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн урьпчилсан үзлэгийг орон нутагт нь хийсний үндсэн дээр нэгдсэн товчооны үзлэгт оруулсан нь  богино хугацаанд шуурхай зохион байгуулах нөхцөл бүрдүүлжээ. Энэ удаагийн татлагад урд бүсийн сумд болон аймгийн төвиийн залуучуудыг хамрууллаа. Эрүүл мэнд, бие бялдраар тэнцсэн залуучуудыг цэргийн албанд үдэн гаргах ажиллагаа чин ван Ханддоржийн талбайд болов. Үдэлтийн ажиллагаанд оролцсон аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхсайхан “Эр зориг, хувьсгалт дайчин уламжлалаараа бахархдаг халхын цогт хун тайж Чин ван Ханддорж, гарамгай нисэгч Шагдарсүрэн, алга морьт Л.Дандар, залуу жанжин Ж.Лхагвасүрэн, хилчин Ж.Нэхийт, С.Лхагвадорж зэрэг эрэлхэг баатруудынхаа өвийг залуу хойч үеийнхэн залгамжлан эх орноо батлан хамгаалах үүргийг амжилттай хэрэгжүүлж ирсэн түүхтэй. Цэргийн албанд үдүүлж байгаа залуучууд та бүхэн  эр зоригийн эрдэмд шамдан суралцаж, газар газрын аавын хөвгүүд, үе тэнгийнхэнтэй эв найртай байж өргөсөн тангаргаа үнэнчээр сахин хэрэгжүүлж албаа нэр төртэй хаагаад ирэх жилийн өдийд баяр хөөр дүүрэн уулзахын өлзийтэй ерөөл өргөн дэвшүүлье” гэв.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж