Ц.Даваасүрэн гишүүн гимнастикчдад заналхийв үү

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

Ц.Даваасүрэн гишүүн гимнастикчдад заналхийв үү

Хүн бүхний мэдэх Спортын төв ордны ард байрладаг Спортын гимнастикийн төвийн спорт танхимын орчим дахь газартай холбоотой маргаан үүсээд байна. Уг барилгын ар талд шахаж, барилга барихаар газар шорооных нь ажил эхэлжээ. Газар дээр нь очиход гимнастикийн танхимын ар хананаас ганцхан метр зай үлдээн суурийг нь ухаж дуусгажээ. Уг газарт 12 давхар барилга барих болсон бөгөөд энэ нь гимнастикийн танхим бүхий барилгыг нурах эрсдэлд оруулсан аж. Барилга баригдвал СТО-ны өргөтгөл 43 дугаар байрны зарим айлын цонхыг халхалж мэдэхээр болжээ.

Гимнастикийн спортын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Алтантөгсөөс зарим зүйлийг тодрууллаа.

-Энэхүү барилгыг бариад хэдэн жил болж байгаа вэ?
-30-40 жил болсон. Энэ жил урсгал засвар хийхээр төлөвлөөд тендер зарласан юм.  Гэтэл амралтын өдрүүдээр ийм болгочихсон байсан. Гол нь барилга барихдаа биш, манай спорт танхим руу шахаж сууриа ухсан нь асуудал үүсгэлээ. Өдөрт энд 200 хүүхэд ирж бэлтгэл хийдэг. Нийт 500-600 хүний амьдралтай холбоотой газар. Гимнастикийн холбоо 30 жил энэ танхимд бэлтгэл хийсэн.  Ер нь спорт танхим гэдэг чинь орон сууц шиг багана, хана гэх юмгүй хөндий байшин болохоор нэг л юм болохгүй бол нураад унана шүү дээ. Газар ухаж байсан эксковатор нь нэг шүргэхэд л нурах аюултай.

-Танайхан энэ газраа авчихаж болоогүй юм уу?
-Дүүргийн газрын албанд хандаж үзсэн. Бидэнд ерөөсөө олгохгүй байсан юм. Бид өргөтгөх байсан бол танхимынхаа өндөртэй адилхан л барилга барих байсан. Тийм болохоор 12 давхар байшин барих зөвшөөрлийг их л эрх дархтай хүн авч дээ гэж бодоход хүргэж байна.

-Барилга захиалагч эзнийг нь тогтоосон уу?
-Баттай мэдээлэл биш ч Ц.Даваасүрэн гишүүн энэ газрыг өөрийн нэр дээр аваад дараа нь барилгын компанид шилжүүлсэн юм шиг байгаа юм.

-Үүнийг хаанаас мэдсэн юм бэ?

-Ерөнхий нарийн бичгийн дарга маань энэ асуудлаар нэлээд хөөцөлдсөний эцэст л мэдсэн юм билээ.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ


Зохиогчийн эрх:

"Улс төрйин тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж