Сайд Д.Зоригтыг огцруулах асуудлыг тавив

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

Сайд Д.Зоригтыг огцруулах асуудлыг тавив

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Ганхуяг, С.Эрдэнэ нар дөнгөж сая Эрдэс
баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг албан тушаалаас нь огцруулах
асуудлыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн мэдүүллээ. Тэд долоон
үндэслэлийг гаргаж тавьсан байна. Тухайлбал, УИХ-аас баталсан 57 дугаар
тогтоолыг хэрэгжүүлээгүй гэж үзжээ. Энэ нь Оюутолгойн ордод Монголын тал
хөрөнгө оруулалтаа нөхсөн даруйд төрийн эзэмшлийн хувь хэмжээг 50 хувьд
хүргэх асуудлыг хөрөнгө оруулагч талтай хэлэлцэн шийдвэрлэх асуудлыг 
өнөөдрийг хүртэл биелүүлж чадаагүй, 30 жилийн дараа Монгол Улс
Оюутолгойн 34 хувиа 50 хувьд хүргэхээр байгаа нь УИХ-ын 57 дугаар
тогтоол биелэгдээгүйг харуулна гэж үзжээ.

Мөн тавдугаар цахилгаан станц байгуулах шийдвэрийг 2008 онд УИХ-аас
гаргасан ч өнөөдөр энэ ажил биеллээ олоогүй цаасан дээр л зурагдсан
төсөл хөтөлбөрийн шатанд яваа. Үүнээс болж  Улаанбаатар хотын агаарын
бохирдол дээд хэмжээнээс давсан.

Налайхын уурхайд өнөөдрийн байдлаар 46 иргэн амиа алдсан боловч,
салбарын яамны зүгээс ямар ч албан тушаалтанд хариуцлага тооцоогүй нь
сайд Д.Зоригтыг огцруулах үндсэн шалтгаан болно гэжээ. Түүнчлэн энэхүү
үндэслэлд Тавантолгойн асуудлыг ч багтаагаад байна.

Хуульд зааснаар энэ асуудлыг УИХ 14 хоногийн дотор багтаан, шийдвэрлэх
ёстой аж. Тодруулбал, асуудлыг өргөн мэдүүлсэн өдрөөс тооцон байнгын
хороо нь долоо хоногийн дотор хэлэлцэн, шийдвэрээ гаргаж, УИХ-д оруулна.
УИХ нь мөн долоо хоногийн дотор багтаан асуудлыг хэлэлцэн шийдвэрээ
гаргах ёстой юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж