Задлан шинжилгээний хуурамч тэмдэглэл үйлдэн хахууль авчээ

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

Задлан шинжилгээний хуурамч тэмдэглэл үйлдэн хахууль авчээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Орхон аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн даргад гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах чиглэлээр мөрдөн байцаагчийн мэдэгдэл хүргүүлсэн байна.

Тус төвийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, эмгэг судлаач их эмч Ц нь албан тушаалаа урвуулан 2010 оны наймдугаар сарын 7-нд нас барсан иргэн Д-д задлан шинжилгээ хийгээгүй атлаа хийсэн мэтээр хуурамч тэмдэглэл үйлдэн өгч, иргэн О-гоос хээл хахууль авсныг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж тогтоон, хэргийг Орхон аймгийн прокурорын газарт шилжүүлсэн аж.

Энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн хэд хэдэн нөхцөл, шалтгаан байна хэмээн Авлигатай тэмцэх газар үзжээ. Тухайлбал, Орхон аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн дотоодын үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо алдагдсан, задлан шинжилгээ хийсэн талаарх тэмдэглэлтэй удирдах албан тушаалтан нь танилцдаггүй, түүнд дугаар тавих, баталгаажуулах болон бүртгэх ажил хийддэггүй нь шууд нөлөөлжээ хэмээн үзсэн байна. Тиймээс дээрх шалтгаан, нөхцөлүүдийг арилгах чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ авч, эргэн хариу мэдэгдэхийг Авлигатай тэмцэх газраас шаардсан байна.

Мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр Орхон аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн захирал М.Баттүвшингээс ирүүлсэн хариу албан бичигт “Эмчилгээ чанарын хяналтын комиссын хурлаас зарим задлан шинжилгээний тэмдэглэлд төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал, чанарын менежер нар гарын үсэг зурж баталгаажуулж байхаар журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд дотоодын сахилга, хариуцлагыг сайжруулах, хяналтын механизмыг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа” тухайгаа мэдэгджээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж