Маргаашнаас баруун аймгуудын нутгаар цаг агаар муудна

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

Маргаашнаас баруун аймгуудын нутгаар цаг агаар муудна

Өнгөрсөн хоногт Сэлэнгэ, Дархан, Төв, Дорнод аймгийн зүүн хагас, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дарьганга, Завхан аймгийн Отгон сумдаар хур тунадас оржээ. Өнөөдрийн байдлаар нийт нутгаар хур тунадас орохгүй, салхи шуургагүй,  цаг агаар тогтуун байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ. Харин энэ сарын 7-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 8-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 9-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 10-нд нутгийн баруун хагаст хур тунадас орно. Салхи 9-нд Алтайн уулархаг нутгаар, 10-нд зарим газраар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Цаашид дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгаар  шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байх төлөвтэй байгаа аж.
 Баруун ба төвийн аймгуудын нутгаар энэ сарын 3-наас эхлэн цасан болон шороон шуурга шуурч, Булган аймагт 250, Сэлэнгэ аймагт 2500 гаруй мал хорогдоод байгаа аж. Харин өчигдөр зүүн аймгуудын нутгаар нойтон цас үргэлжилэн орж, зарим газраар салхи секундэд 18-22 метр хүрч ширүүссэн байна. Говийн аймгуудын нутгаар энэ өдрүүдэд хур тунадас ороогүй бөгөөд хүчтэй шороон шуургатай байв. Өнөөдөр баруун аймгуудын нутгаар бага зэргийн хур тунадас орно. Энэ сарын 10-ныг хүртэлх хугацаанд цаг агаар тогтворгүй байх тул малчид, ард иргэд анхаарал болгоомжтой байхыг холбогдох газраас анхааруулж байна.

Энэ долоо хоногт нийт нутгийг хамарсан цасан болон шороон шуурганы улмаас Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын малчин малдаа яваад сураггүй болсныг нэг хоногийн дараа буюу өчигдөр эсэн мэнд олсон байна. Дархан, Сэлэнгийн чиглэлийн зам, Хустайн даваа, Налайх, Багануурын чиглэлийн зам цасанд боогдож, автомашин олноор саатсныг харьяа орон нутгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид очиж ажилласан байна. Мөн энэ үеэр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт энэ сарын 4-ны 17:00 цагийн орчимд малаа хариулж явсан 26 настай, эмэгтэй аянганд цохиулж, нас барсан байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж