Шатахууны хомсдол уу, шантааж уу?

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Шатахууны хомсдол уу, шантааж уу?

Монгол Улсад шатахууны хомс­­дол нүүрлэсэн бололтой. Энэ­хүү хомсдолоос болоод  мон­гол­чууд явгарч магадгүй шинжтэй байна.

“Петровис”, “Жаст Ойл” ком­паниуд өнгөрсөн баасан гаригаас эхлээд дизель түлшнийхээ худал­даанд хязгаарлалт хийлээ.   Дээрх компаниуд үүнийгээ нөөц дууссан гэх үгээр тайлбарлаж буй.  Харин Эрдэс баялаг, эрчим хүчний яам,  Газрын тосны газраас шатахууны хомсдол нүүрлэхгүй хэмээн удаа дараа мэдэгдээд байгаа.  Энэ бүх­­нээс үзэхэд албаны нөхдүүд худлаа ярив уу, аль эсвэл импортлогчид шантаажлав уу.

 Монголын газрын тосны салбарт өрнөж буй өнөөдрийн үйл явдал ОХУ-аас  гаргасан шийдвэрээс эхлэлтэй. ОХУ газ­рын тосны экспортоо тавдугаар сарын 1-нээс зогсоох шийдвэрийг гаргасан бөгөөд дээрх  мэдэг­дэл  тус улсаас газрын тос импортлодог компаниудыг цо­чоо­сон нь лавтай.  Ялангуяа ша­тахууны хувьд ОХУ-аас зуун хувь хараат Монгол Улсын хувьд хойд хөршийн  шийдвэр багагүй түгшүүр төрүүлсэн биз. Гэхдээ тус  улс дотоодын зах зээлд үүссэн газрын тосны зарим бүтээгдэхүүний хомсдолыг арилгах зорилгоор экспортдоо хориг тавихдаа  Дундад азийн орнууд болоод ялангуяа Монгол дахь нийлүүлэлтээ зогсоохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.  Роснефтийн хэвлэлийн төлөөлөгч, мөн тус компанийн экспорт хариуцсан захирал С.А.Андронов нар  дээрх мэдээллийг Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон Газрын тосны газарт ирүүлсэн бөгөөд чингэхдээ евростандартын бензин нийлүүлдэг орнуудад нийлүүлэлтийн хэмжээ хэвээрээ байх болно, үнэд ч өөрчлөлт орохгүй гэдгийг онцолсон байна. Тиймээс Эрдэс баялаг, эрчим хүч­ний яамнаас энэ тавдугаар сард Монгол Улс хуучин үнээрээ, авдаг хэмжээгээрээ ОХУ-аас шата­хуун импорлох болсноо зар­лаж, хэрэглэгчдийг тайван бай­хыг ч сануулсаар байгаа. Гэтэл импортлогчид шатахууны үнийг 80 төгрөгөөр өсгөсөн бөгөөд сал­ба­рын сайдаас нь тусгай зөв­шөөрөлтэй нь  ярих хүртэл арга хэмжээ авна хэмээн хатуухан анхааруулга өгсөн.  Тусгай зөв­шөөрлөө хураалгахгүйн тулд өнгөр­сөн долоо хоногоос импортлогчид бензиний үнийг 30 төгрөгөөр бууруулсан ч ди­зель түлшнийхээ худалдааг хязгаар­лаад байгаа.

Албаны хүмүүсээс  ОХУ-аас урьд өмнөх хэмжээгээрээ шата­хуун нийлүүлэхээ амласан гэсээр байтал импортлогчид нөөц дууссан гэх шалтгаанаар дизель түлшнийхээ худалдааг зогсоож, нийгэмд хямрал үүсгэж буйгаас харахад үүнийг шантааж хэмээн тайлбарлахаас өөр аргагүй нь. Учир нь 80 төгрөгийн нэмэгдэлтэйгээр  зарж байхдаа дизель түлшний худалдаагаа зог­соогоогүй хэрнээ 30 төгрөгөөр бууруулангуут  нөөц дууссан хэ­мээн гэдийх импортлогчдын энэ шийдвэр шатахууны үнийг өсгөх гэсэн бас нэг шалтаг байж болох талтай.

Хэрвээ импортлогчдийн хэлс­нээр Монголд дизель түлшний хомсдол нүүрлэж буй бол Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Газрын тосны газар яагаад гараа хумхиад чимээгүй суугаад байна вэ. Улс орны эдийн засгийн амин чухал асуудлын нэг болох шатахууны хомсдолын эсрэг салбарын яам, газраас нь ямар арга хэмжээ авч байна вэ.

 Асуудал энэ хэвээр үргэл­жил­бэл автобус унаа зогсч, ард иргэд явган алхахад хүрнэ гэд­гийг эрх баригчид мэдэж байгаа биз. Тэр тусмаа газар тариалангийн  нөр их ажил эхлэх цагаар дизель түлшний хомсдол нүүрлэж бай­гаад хэн хариуцлага хүлээх вэ.  Нөөц дууссан хэмээн гэдийх им­порт­логчид уу, эсвэл эрх бариг­­чид уу.

Хүнс хөдөө аж ахуй, хөн­гөн үйлдвэрийн газраас гаргасан төлөвлөгөө ёсоор бол өнөөдрөөс газар тариалангийн нөр их ажил эхлэх ёстой.  Үүнтэй зэрэгцэн  Монгол Улсад шата­хууны хомсдол нүүрлэж буй нь  газар тариаланчдад бага­гүй бэрхшээл авчрах нь дамжиг­гүй.  Импортлогчид энэ хэ­вээр гүрий­сээр байвал газар тариалангийн нөр ажил зогсоход хүрнэ. Энэ тохиолдолд Монгол Улс  хүнсний бүтээгдэхүүний хомсдолд орж магадгүй юм.

Он гарсаар импортлогчид хоёр, гурван ч удаа шатахууны үнэд өөрчлөлт оруулаад байгаа. Өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ-аас Монголд нийлүүлэх газрын тосны экспортын үнийг өсгөсөн нь  дизель  түлшний үнийг 120 төгрөгөөр нэмэгдүүлэх шалтгаан болсон. Өнөөдрийн байдлаар ди­зель түлшний үнэ 1440-1470 төгрөгийн үнэтэй байна.

Сайдын анхааруулгаас болж шал­­­таггүйгээр өсгөсөн шатахууны үнийг бууруулахад хүрсэн  импортлогчид эргээд хэрэглэгчдийг шантаажилж эхэл­лээ. Монголын газрын тосны салбарт дураараа тонгочих болсон  “монополь”-уудын  давилуун занг да­рахгүй бол  эргээд эдийн засгийн засгийн хямрал нүүрлэж болзошгүй байна. Эцэст нь хэлэхэд Монгол Улс хэзээ газрын тосоо боловсруулж эхлэх вэ. Хэзээ хэрэглэгчид хэн нэгний шантаажийг амсахгүй байх вэ.

Ж.ЭРХЭС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж