Орбитын ”48”-ынхан бохирын ”Сүрчигнээс” залхжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Орбитын ”48”-ынхан бохирын ”Сүрчигнээс” залхжээ

Цагийн аясаар наашилж буй дэлгэр зуны улирлыг хэн бүхэн хүсэн хүлээж буй ч хүсэхгүй хүмүүс бас байна. Урин цаг гэхээс илүүтэй өмхий орчинд амьдрах болсондоо тэр л дээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Хүнс трейд” буюу Орбитын 48-н айлын орон сууцны оршин суугчдад энэ гамшиг нүүрлээд нэлээдгүй хэдэн жилийг ардаа орхижээ. Дээрх байдал ямар шалтгаанаас болж үүссэн талаар оршин суугчидтай уулзаж, учир байдлыг тодруулахаар нийслэлийн баруун хязгаар Орбитыг зорилоо.

Хүнс трейдын автобусны буудал дээр буусан даруйд өмхий ханхалсан үнэрт өөрийн эрхгүй дотор муухайрч, нүднээс нулимс өөрийн мэдэлгүй бөнжигнөнө. Хүний ялгадас, гашилж, муудсан гэмээр өмхий үнэр хамар цоргиж байгаа нь тэр. Харин хажуугаар зөрөх хүмүүс ярвайсан ч шинжгүй алхахыг хараад би гайхаж, тэд “хямсгар” намайг шоолно. “Энэ байтугай үнэрт хэд яваад ирэхээр дасахгүй гээд хаачих вэ дээ. Шинэ дээрээ л ингэж сүржигнэдэг юм” гэсэн үгийг тэдний харц хэлээд ч буй юм шиг. Хүмүүсээс бага зэрэг санаа зовсхийн байж, ахимаг настай нэгэн эмэгтэйгээс 48 айлын орон сууц хаана байгаа талаар сураглахад замаас холгүй байгааг сайн гэгч нь зааж өглөө. Түүнээс өмхий үнэр орон сууцнаас үнэртээд байна уу даа гэхэд бага зэрэг мушийснаа “Өнөөдөр урдаасаа салхитай байгаа болохоор цэвэрлэх байгууламжаас үнэртэж байгаа юм. Баруун хойноос салхилахаар энэ байрны бохирын үнэр энд үнэртдэг, бас зүүн дор гахайн ферм бий. Энэ мэтээр хаанаас ч салхилсан өмхий үнэр энэ хавьд байнгынх шүү дээ” гээд цааш одов. Би ч хамар даран бушуухан хэн нэгний хаалга тогшиж орох санаатай өнөөх орон сууцыг чиглэн гүйлээ.

  Гаднаас нь харвал цагаан, шар өнгөөр алаглан шохойдсон засвар үйлчилгээ саяхан хийгдсэн гэмээр орон сууц. Харин орцонд ороход тийм биш. Орцны шат энд тэндээс эмтрээд уначихсан, шатны хашлага нь гар эсгэчихмээр энд тэндгүй сэрвийж, хана нь зарим газраа ан цав гарч, дусаал гоождог шинжтэй. Гурван ч айлын хаалгыг тогшиж, СӨХ-ны үйл ажиллагаа болон орон сууцны бохир юунаас болоод ийм байдалд хүрсэн талаар сонирхсон боловч ам нээхийг хүссэнгүй. Өмхий үнэрт дотор муухайрч байна гэдэг тоймгүй. Дахиад л хаалга тогшлоо. “Манай СӨХ-ийн дарга энэ талаар биднийг хэлсэн гэх юм бол бараг орон сууцнаас хөөх хэмжээний юм болох биз. Энэ орон сууцны иргэд өдөр бүр гомдол, санал ярьдаг хэрнээ цааш нь холбогдох байгууллагад хэлж чаддаггүй амаа бариулсан улсууд. Гэхдээ энэ орон сууцны талаар хэлэх юм бол их бий” гэх. Түүнээс удаан гуйсны эцэст нэр усаа хэлэхгүй, гэрэл зураг авахуулахгүй, хаягаа хэлэлгүй ярихаар боллоо.Орцны өмхий үнэрт огиж, бөөлжүүлэх намайг үүнээс өөр газарт согтуу эсвэл өвчтэй хүн гэж харах байсан бол эндхийнхэн шинэ хүн хэмээн төвөггүй мэднэ. Өмхий үнэрээс халширсандаа “нууц” хатагтайн гэрт мөргөх нь холгүй орлоо.  Бид хоёр нэлээд ихийг хөөрөлдсөн юм.

1970-аад онд ашиглалтад орсон тус орон сууцны хувьд өнөөдрийг хүртэлх хугацаанд томоохон хэмжээний засвар үйлчилгээ хийгдээгүй бөгөөд жилдээ нэг хана, хаалганд будаг түрхсэн болоод өнгөрдөг гэнэ. Эл орон сууцны хамгийн гол шийдвэрлэх ёстой асуудал бол бохирын шугам хоолой. Тус орон сууцныг анхнааас нь бохирыг төвийн шугам хоолойтой холбоогүй. Орон сууцны  бохир гурван бохирын худагт хуримтлагдаж, түүнээс соруулж зайлуулах зориулалттай баригдсан аж. Гэхдээ эдгээр худаг байнгын бөглөрч, хальж асгарснаас өвөл, зундаа битүү өмхий ногоон усны тогтоол үүсдэг гэнэ. Тэр бүү хэл зарим тохиолдолд нэг давхрын айлуудын ванн руу орж ирдэг гэдгийг нэг хоёр оршин суугчид хэлж байв. Тухайн үед өөрсдөө л бохироо зайлуулна уу гэхээс Сууц өмчлөгчдийн холбооноос ямар нэг арга хэмжээ авч байсан удаагүй гэнэ. Тухайн оршин суугчид сар бүр  халаалт, дулаан, засвар үйлчилгээний төлбөр тооцооноос гадна өрхийнхөө хүний тоогоор бохир зайлуулахад 1000 төгрөг СӨХ-дөө тушаадаг аж. Энэ орон сууц 48 айлынх бөгөөд ойролцоогоор 260 гаруй оршин суугч амьдардаг гэж тооцвол сард 260 мянган төгрөг цулах аж. Харин бохир соруулах нэг удаагийн зардалд 20 мянган төгрөг  зарцуулдаг гэж СӨХ-ийн дарга Д.Раднаа иргэдэд тайлагнадаг. Бохир соруулдаг компанийн жолооч найман мянган төгрөгөөр соруулдаг талаар нэг биш удаа ам алдсан удаатай гэнэ. Найм нь байг гэхэд 20 мянган төгрөгөөр  тооцоход оршин суугчдаасаа хураасан 260 мянган төгрөгөөр сард нэг биш арван удаа соруулсан ч хангалттай хүрэхээр тооцоо байгаа биз. Сүүлийн нэг жилд иргэдээс бохир зайлуулах төлбөрийг сард тогтмол авч байгаа хэдий боловч сардаа нэг, зарим тохиолдолд хоёр сард нэг удаа бохир соруулдаг машины бараа хардаг талаар оршин суугчид гомдолтой байна. Энэ талаар “Бид төрөөс хөрөнгө мөнгө гаргаад асуудлыг зохицуулаад өгөөч гэсэнгүй. Харин бохир зайлуулах мөнгийг зориулалтаар нь зарцуулахгүй байгаа СӨХ-ийн даргад хариуцлага тооцох талаар арга хэмжээ авч өгөхийг холбогдох газруудаас хүсч байна” гэдгийг аминчлан захиж байв.

Бас болоогүй ээ. Цэвэр усны хэрэглээнд СӨХ-ийн дарга хязгаарлалт тавьдаг гэнэ. Учир нь, өнөөх бохир халихаас “урьдчилан сэргийлж” буй нь тэр. Өглөө 07:00-10:00 цаг, орой 19:00-22:00 цагийн хооронд байгаа сав суулгаа усаар дүүргэхгүй л бол тэр өдөртөө “тарвага” болно л гэсэн үг. Энд цонхоо ойлгох талаар бодоод ч хэрэггүй. Дулааны улиралд цонх нээвэл өмхий үнэр, үнэрт башийсан ялаа, батгана зэрэгцээд ороод ирэх болохоор чийг ханхалсан гэртээ нам суухаас өөр аргагүй. Уг нь тус орон сууцны СӨХ-ийн дарга ноён Д.Раднаа орон сууцны өмнөх талбайд хүүхдийн хэдэн тоглоомын талбай байгуулжээ. Гэхдээ өмхий үнэрт хүүхдээ тоглуулах хүн олдоно гэж үү. Тиймээс байнга л эзгүй харагддаг юм билээ. Харин мани Д.Раднаа очсон дарга, даамлуудад түүнийгээ байнга харуулдаг гэж оршин суугчид нь шоолох юм билээ. Жилдээ нэг орцны хаалга солих, хана, хаалганд будаг түрхэх зэргээс өөр ажил хийхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж, СХД-ийн 20 дугаар хорооны Засаг дарга, дүүргийн удирдлагуудад хандсан ч өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ авахгүй байгаа аж.

Эл орон сууцанд хөгшид голдуу, хатуу дарс балгачихдаг цөөнгүй хэдэн хүн амьдардаг болохоор тэр болгон гомдлоо шийдүүлэхээр тууштай явж чаддаггүй гэсэн. Хөгшид СӨХ-ийн даргын хүнсний дэлгүүрээс тэтгэврээ барьцаалан зээл тавих, архичид хямдхан архи авч уух зэргээр СӨХ-ийн даргын “ивээлд багтсан” улсууд. Тиймээс буруутай үйлдлийг нь хэн нэгэнд дэлгэх эрх тэдэнд байхгүй. Хэрэв дэлгэвэл хөгшид тэтгэврээс тэтгэврийн хооронд хоосон хононо, залуус уух эрхээ хасуулна.

Тиймээс эрхэм СӨХ-ийн дарга энэ хавьдаа л вант улсын эзэн суучихаад байна гэсэн үг. Тойргоос сонгогдсон УИХ-ын түшээдийн хандив тусламж, нийслэл болон төсөл хөтөлбөрөөр орон сууцны тохижолтод зарцуулах хөрөнгийг гарын доорх хэдэн архинд дуртай хүмүүсээр хийлгэж, тав гурван төгрөг өгсөн болоод төсвийн мөнгө, оршин суугчдын татвар үр дүнгүй замхардаг талаар оршин суугчид ам уралдан хэлж байв. Үүнийг хянадаг дарга, албан тушаалтан алга.

Эдгээр оршин суугчдын хэлж, ярьсныг сонсоод буцах үед холбогдох газрууд энэ талаар ирээд үзвэл сайнсан гэж байв. Урьд өмнө нь холбогдох газар нь хэлээд үр дүн гарч байгаагүй болохоор Орбитын 48-н  айлын орон сууцны иргэд итгэл муутайхан үлдлээ. Өмхий ханхалсан буюу нутгийн үнэртэй энэ газраар хоёрхон цаг “зочлоод”, олны хөл хөлхсөн хотын төвд орж ирээд, тоостой ч атугай агаарыг цээж дүүрэн амьсгаллаа. Бас дэргэдүүр өнгөрөх хүмүүсээс хоёр цагийн өмнөх өмхий үнэр надаас үнэртэж байхвий гэсэн болгоомжлол төрж байсан юм. Бага гэлтгүй төрийн албан тушаалыг овжин ашиглаж “вант” улс байгуулдаг явдал үүгээр ч тогтохгүй олон биз. Соёлжсон гэх нийгэмд амьдарч буй нийслэлийн захын дүүргийн нэгэн орон сууцны иргэд бохир гэхэд дэндмээр нөхцөлд амьдарч байгааг нэмэр хачиргүй дүрслэхэд нэг иймэрхүү.

Д.ДОЛГОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж