Д.Зоригтын парадокс үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Д.Зоригтын парадокс үргэлжилж байна

УИХ-ын гишүүн,  Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах асууд­лыг УИХ дахин хэлэлцэх нь.  Монголд  байнгын ажил­лагаатай парламент бий болсон  20 жилийн түү­хэнд анх удаа нэг сайдыг  огц­руулах саналыг хоёр дахиа хэ­лэл­цэхэд хүрч байна. Бүр гуравхан сарын дотор хоёр дахь удаагаа огцруулах хүсэлт  хүлээн авсанаараа ч Д.Зоригт  “хамгийн хамгийн” байж чадлаа. Ёстой л underground алхам биш гэж үү. Харин энэ удаа түүнд улс төрийн хамгаалалт, лидер дагасан дархлаа нь хэрэг болох  болов уу. Одоо Д.Зоригт сайдад суудал дээрээ байх эсэхээ шийдэхэд нь ердөө яг 10 хоног  үлдээд байна.

Монгол Улс түүхэндээ анх удаа  эрдэс баялгаар овоглосон яам буй болгон, хамгийн анхны сайдаар нь Д.Зоригтыг томилсон. Тэрбээр хамгийн анхны том ордуудыг эргэлтэд оруулах гэрээнүүдэд нэгдүгээр гарын үсэг зурсан. Үүгээрээ түүнийг хамгийн азтай, эсвэл азгүй сайд   болон түүхэнд бичигдэнэ гэж тухайн үед хэвлэлүүдэд бичиж байлаа. Дараа нь нам дотроо Намбарын Энхбаяртай нөхөн сонгуульд өрсөлдөж, дуугүй хүний хүчирхэг чанарыг харуулсан. Ялсан. Гэвч одоо түүний “хамгийн, хамгийн” улам эрсдэлтэйгээр үргэлжилж буйг бид харж байна. Тухайлбал одоогийн байдлаар хамтарсан Засгийн газраас Д.Зоригтыг огцруулах саналыг  хамгийн олон  удаа буюу хоёронтоо УИХ-д өргөн бариад байгаа. Саналыг ил  хураах ёстой. Энэ нь эцсийн шийдвэрт бодит байдлаас тэс өөр хариу авчирдгаараа эрсдэлтэй. Д.Зоригт сайдыг огцруулах саналыг тавьж байсан УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг ч үүнийг нот­лон хэлж байсан. Тэрбээр “Нууцаар  санал хураасан бол Д.Зоригтыг суудалд нь үлдээхгүй байсан” хэмээж байсан нь үнэний ортой байж мэдэх л юм. Гэвч нэгэнт УИХ-ын дэгийн тухай хуульд ингэж заасан болохоор яах ч аргагүй.

 Одоогоос дөрвөн сар гаруйн өмнө буюу 2010 оны арванхоёрдугаар сарын 28-нд УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Д.Ганхуяг, Ц.Батбаяр нар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Асуудлыг өргөн барьснаас хойш 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэр гаргах ёстой байсан ч Ерөнхий сайд Арабын орнуудад хийх айлчлалд явах тул “Иртэл хэлэлцүүлэхгүй байгаач” хэ­мээн Ц.Батбаяр гишүүнээс хүссэн учир хойшлуулсан гэдэг.

Ингээд энэ оны нэгдүгээр сарын 19-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хаалттай хэлэлцэн огцруулахгүй байх шийдвэр гаргаж байв. Уг шийдвэр гарснаас хоёр хоногийн дараа буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 21-ний баасан гарагт УИХ хэлэлцээд 42 гишүүний саналаар Д.Зоригтыг сайдын суудалд нь үлдээсэн билээ.

Д.Зоригтыг огцруулах асуудлыг өргөн барьдаг тэр “баг”-ийн бүтэц бас анхаарал татдаг. Эхний шаардлагыг УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Д.Ганхуяг, Ц.Сэдванчиг нар тавьж байсан. Нам нэгт ах нь асуудлыг тавьж байгаа нь сонирхолтой харагдсан. Харин энэ удаа Д.Ганхуяг, Г.Баярсайхан, С.Эрдэнэ гэсэн бүтэцтэйгээр асуудлыг тавьж байна. Энэ удаа Ардчилсан намын гурван гишүүн мөр зэрэгцэн байгаа нь сөрөг хүчин сэрж буйг харуулах, Ардын намын Э.Мөнх-Очирын цөс хөөргөсөн ярианы эсрэг эрслэн босов уу гэлтэй байгаа биз.

Ямартай ч Д.Зоригтыг огцруулах асуудлыг  УИХ-аар хэлэлцсэний дүнд гарах шийдвэр ч мөн “хамгийн, хамгийн” байж мэдэхээр байна. Учир нь УИХ Д.Зоригтыг хоёрдахь удаагаа хамгаалан авч үлдвэл парламентын сүр хүч, нэр төрийг уландаа гишгэсэн хэрэг болно. Харин огцруулбал, Засгийн газар бас л нэгэн “анхны алхам” хийхэд хүрнэ. Магадгүй энэ тохиолдолд Ерөнхий сайд намын нэр хүндээ нэгдүгээрт тавьж, танхимынхаа гишүүдээр өргөдлийг нь өгүүлэн Засгийн газраа татан буулгаж ч болох юм. Түүнд ийм эрсдэл хийх эр зориг, эрч хүч, намаа гэсэн сэтгэл хангалттай бий. Харин энэ үед Ардчилсан нам яах вэ. Э.Мөнх-Очир гишүүн “Ардчилсан намын сайд нар баяртай” гэсэн нь бас л учиртай үг байж.   Харин Ардчиллынхан  Засгаас гарсныхаа дараа   “МАН-ынхан луйварчин, бид харсан” гэж хашгирна биз. Харин тэднийг одоо л сөрөг хүчний үүргээ биелүүлье гээд гараад ирэхэд сонгогчид итгэх болов уу гэдэг нь  эргэлзээтэй.  Ардын намынхны хувьд бүх зүйл ойлгомжтой. Одоо л стандарт Засгийн газраа байгуулъя гээд хоёрдугаар ээлжийнхэн дайрна.

Хэрэв сонгуулийн менежерээр нь ажиллаж байсан залууг зоригтойгоор сайдаар томилсон шигээ, зоригтойгоор авч үлдвэл С.Батболдын өөрийнх нь нэр хүндэд халтай байж мэднэ.   Энэ тохиолдолд Д.Зоригт өөрөө саналаараа огцорчихож болохгүй гэж үү. УИХ-аар түүнийг огцруулах асуудлыг хэлэлцэж байх үед Ц.Даваасүрэн гишүүн тийм “шпиргалка” өгч байсан шүү дээ. “Би таны оронд байсан бол өдийд огцорчих байсан” гэж тэр хэлсэн. Намын ахынхаа хэлснийг өнөөдөр нэг эргэн санахад гэмгүй л болов уу. Сонгуулийн өмнөх энэ жилд хамтарсан Засгийн газраас “тоосго сугалах”  мэхийг хэрэглэхээр улайрч байна.  Харин тэдэнд “тоосго сугалах” боломж олгохын оронд өөр, “шинэлэг” алхам хийж, намаа аварч яагаад болохгүй гэж.

Засгийн газрын асуудал одоо тун эгзэгтэй мөчид тулж ирээд байна. Танхимын өөр нэгэн гишүүний асуудлыг тавьсан бол байдал өөрөөр эргэж болох байв. Гэтэл нэг сайдынх нь асуудал хоёр дахиа тавьж байхад авч үлдэхэд амаргүй. УИХ-аар ил санал хураахад тогтож үлдэх магадлалтай ч энэ нь Засгийн газрын нэр хүндэд аюул учруулна. Тэгэхээр Засгийн газар, эсвэл Ардын намын бүлэг энэ гишүүнээ эрхлүүлэхээ больж, хариуцлага тооцсон нь дээр. Үүнээс өөр зам ч үгүй билээ. Ерөөсөө Д.Зоригтыг огцруулах асуудлыг тавьсан гишүүдийн инээд нь хүрч суугаа. Учир нь тэд Засгийн газрыг огцруулахын дайтай зангатай, зангарагтай шаардлага тавьчихаад байгаа. Энэ удаа Д.Зоригтыг авч үлдвэл хэдэн ч удаа асуудлыг тавьсан тэдний эрх шүү дээ. Тиймээс үүнийг үл тоох аргагүй. Хамтарсан Засгийн газар хэзээ нэгэн цагт танхимынх нь хувь заяаг шийдэн, хоолой дээр нь хутга тавина гэж отгон гишүүнээ хүлээж аваагүй нь лавтай. Гэвч өнөөдөр тэд Д.Зоригтыг золиослоод ч, хамгаалаад ч хүнд байдлаас гарахгүй л болов уу. Өөрөөр хэлбэл, энэ салбар ч, Д.Зоригт өөрөө ч хоёр үзүүртэй сэлэм юмсанж.

У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж