”СТАН”-ууд үймээнээс болгоомжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

”СТАН”-ууд үймээнээс болгоомжилж байна

Ойрхи Дорнод, хойд Африкийн орнуудад ядуурал, хээл хахууль, ажилгүйдэл газар авч, шинэ залуу үеийнхэнд нь байр сууриа олж, хөл дээрээ зогсох боломж хомсодсноос болж өнөөдөр улс төрийн үймээн самуун хүчээ авч, төрийн эргэлт хийх оролдлого олширсон билээ. Хэдийгээр энэ бүхний цаана газрын тосонд нь шунасан гадныхны сонирхол, бүс нутаг дахь хүч нөлөөгөө нэмэгдүүлэх гэсэн оролдлого бий гэж тайлбарлаж байгаа боловч ард иргэдийнх нь аж амьдрал өдөр ирэх бүр хэцүү болж байгаатай хэн ч маргаж чадахгүй байна.

Арабын хаврын шуурга зөвхөн түүгээр тойрч өнгөрсөнгүй. Үүгээр ч бас дайрах бололтой. Арабын орнуудтай адил “зовлон”-той ард иргэд нь хэзээ мөдгүй босоод ирэх вий хэмээн төв Азийн орнуудын Засгийн газар хэдийнэ болгоомжилж эхэлжээ. Тажикстаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон өнгөрсөн сарын 20-нд парламентын хуралдаанаа нээж хэлсэн үгэндээ “Ойрхи Дорнодод болж буй үймээн төв Азид давтагдана гэх яриа их гарч байна” гэжээ. Мөн тэрбээр “Би энх тайван, амар амгалан байдлын үнэ цэнийг мэддэг Тажикстаны ухаалаг ард иргэдээ хүндэтгэж байна. Бид иргэний дайны хор хөнөөлийг биеэр туулсан. Зэвсэг хэрэглэнэ гэдэг асуудлыг шийдвэрлэх гарц биш гэдгийг сайн мэднэ” хэмээн онцолсон байна.

Төв Ази дахь “СТАН”-ны таван орноос хамгийн ядуу нь найман сая гаруй хүн амтай, далайд гарцгүй Тажикистан юм. Тус улсын нийслэл Душанбе хотын төв талбайд өнгөрсөн сард 30 гаруй хүн цугларч, Засгийн газрынхаа үйл ажиллагааг эсэргүүцэн жагсчээ. Хэдийгээр жаг­саалд оролцсон  хүний тоо цөө­­хөн байгаа боловч тэднийг “Facebook” сайт ашиглан тэмцэлд уриалан дуудсаныг эх сурвалжууд онцолж байна. Гэхдээ Ерөнхийлөгч нь бол­гоомжилж, парламентын ху­рал­дааныхаа нээлтийн үеэр энэ та­лаар анхааруулж байгаа нь эсэр­гүүцэгчдийн тэмцэл төдий л намжмал биш гэдгийг нотолж байх шиг.

Узбекстаны нийслэл Ташкентад мөн үүнтэй төстэй жагсаал зохион байгуулах гэж байгаа гэх яриа гарчээ. Ард иргэдийг Ташкентын төв хэсэг болох Тусгаар тогтнолын талбайд ирэх долдугаар сарын 1-нд ирж, тэмцэлд нэгдэхийг уриалсан үгс цахим хуудсаар дамжин хэдийнэ тархсан байна. Энэхүү эсэргүүцлийн жагсаал хэдэн ч хоногоор үргэлжилж магадгүй тул оролцогчдыг хангалттай хоол хүнс, унтах майхантайгаа ирэхийг хүсчээ. Узбекистаны шинжээч, ЗХУ-ын үеийн дипломатч Ташпулат Ёлдашев ийнхүү эсэргүүцлийн жагсаалд бэлдэж байгаа тухай мэдээлэл үнэн гэдгийг нотолсон байна. Гэхдээ тэрбээр бүх зүйл хуулийн хүрээнд хийгдэх болно гэдгийг сануулжээ. Т.Ёлдашев сүүлийн үед Узбекистаны эрх баригчдын эсрэг маш их шүүмжлэл гарч байгаагаас энэ нь сөрөг хүчнийнхний хувьд тэмцлийн арай өөр хэлбэр сонгоход хүргэснийг онцолсон байна. Укбекистаны эрх баригчдын зүгээс сүүлийн үед Ойрхи Дорнодтой холбоотой мэдээлэлд цензурь тавьж, Исламын шашинт  нэртэй хэд хэдэн эрдэмтнийг удирдах албан тушаалаас нь чөлөөлжээ.

Туркменистаны Засгийн газар ч хэдийнэ болгоомжилж эхэл­жээ. Тус улсын Ерөнхийлөгч Гур­бангали Бердимухаммедов Ара­бын үймээнтэй холбоотой мэ­дээлэлд хориг тавьж, төрийн мэдлийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр Туркменистаны Засгийн газар Оросын “МТС” компанитай хийсэн гэрээгээ цуцалж байгаа талаарх мэдээллийг аль болох бага дамжуулахыг оролдох болов. Тус улсын иргэдийн 80 гаруй хувь нь “МТС”-ын сүлжээг ашиглаж гар утас хэрэглэн, интернэтэд холбогддог аж. Түүнчлэн Туркменистанд үйл ажиллагаа явуулдаг Олон улсын хүний эрхийн байгууллагын шин­жээчдийн тэмдэглэснээр сүүлийн нэг сар орчмын хугацаанд тус улсын эрх баригчид дөрвөн хүнийг улс төрийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж, хорьжээ. Одоогийн байдлаар Туркменистаны оюутнууд энд тэнд олноороо цуглахыг хориглож, тэдний үйл хөдлөлийг хянах нь ихэссэн байна.

“Стан”-ы орнуудын нэг бо­лох Казахстанд нөхцөл байдал харьцангуй тайван байгаа юм. Төв Азийн бусад оронтой харьцуулахад эдийн засгийн хувьд харьцангуй тогтвортой улс бол Казахтсан. Тус улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев сонгуулийн товоо нааш­луулж, хугацаанаас нь өмнө Ерөн­хийлөгчийн сонгууль зарласан. Олон улсын ажиглагчдын зүгэээс түүний энэ үйлдэл нь казахууд дунд үймээн самуун гарч, Ойрхи Дорнодын үйл явдлыг давтах вий гэж болгоомжилсонтой холбоотой хэмээн тайлбарлажээ. Ерөнхийлөгчийн сон­гуулийн дүнгээр Н.Назарбаев илт давуу санал авч, ялсан явдал нь угаа­саа анхнаасаа төлөвлөгдсөн зүйл байсантай холбоотой ч байж болох юм. Ямартай ч Казахстанд нөхцөл байдал харьцангуй тогтвортой байна.

Киргизэд Узбекстантай нэг адил цөөн хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болжээ. Тиймээс үүнтэй холбоотой асуудлаар эрх баригчид нь арга хэмжээ авч, тус улсын Ерөнхийлөгч Каримов удирдах албан тушаалын хүмүүс дундаа халаа, сэлгээ хийх болсон байна.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж