Шатахууны хомсдлыг шийдэх арга байна уу

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

Шатахууны хомсдлыг шийдэх арга байна уу

Нийслэлчүүд явгарахад ойрт­жээ. Энэ хэвээр түлшний хомсдолд үргэлжлэх юм бол 13 хоногийн дараа автобуснууд зогсоход хүрэх юм. Учир нь шатахуун түгээх стан­цууд  дизель түлш ховордоод дөрөв хонож буй бөгөөд Монгол Улс өчигдрийн байдлаар 13 хоногийн нөөцтэй бай­гаа гэнэ.

Иргэдэд түгшүүр төрүүлж буй шатахууны асуудлаар Эрдэс бая­лаг, эрчим хүчний яам, Газрын тосны газар юу хийгээд байгаа нь тодорхойгүй байна. Монголд үүсээд байгаа энэ асуудалд то­дор­­хой, тоймтой хариулт өгөх ал­баны хүмүүс ч алга бололтой. Им­портлогчдын хэлснээр энэхүү хомс­дол өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэлтэй гэнэ.  ОХУ-аас Мон­­­голд өнгөрсөн дөрөвдүгээр сард 74 мянган тонн дизель түлш нийлүүлэхээс 35 мянган тонныг нь нийлүүлсэн байна. Тэгвэл энэ сард 84 мянган тонн дизель түлш ний­­лүүлэхээс “Роснефть”-ээс  34 мян­­ган тонныг нийлүүлсэн бай­на. Харин ОХУ Засгийн газар нэмж 10 мянган тонн  дизель түл­­шийг Монголд нийлүүлэхийг “Рос­­нефть”-д үүрэгдсэн гэх. Тус ул­сын дотоо­дын зах зээлд дизель түлш­ний хомсдол нүүрлэж байгаа нь Мон­голд нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүндээ хязгаарлалт хийхэд хүргэсэн гэх яриа бий.

Уг нь энэ асуудлыг хариуцаж зохицуулах эрх мэдэл  Газрын тос­ны газарт бий. Ердөө арваадхан хоногийн өмнө Монголд шатахууны хомсдол нүүрлэхгүй хэмээн том дуугаар мэдэгдэж байсан холбог­дох яам болоод Газрын тосны газрын дарга нар өнөөдөр амаа таглуулсан аятай чимээгүй байна. Ша­тахууны үнэ нэмэгдэхгүй, оросууд монголчуудыг харж үзсэн гэх маягийн үгийг амнаасаа унагаж суусан эрхэм дарга нар энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй сан­дарч байгаа юм болов уу.

Уул уурхайн салбар эрчимтэй хөгжихийн хэрээр Монголын до­тоо­­дын зах зээлийн шатахууны хэрэглээ эрчтэй өссөн. Он гарсаар Монгол Улс нийтдээ 186.4 мянган тонн автобензин, дизель түлш импортлосон нь  өнгөрсөн оны мөн үеийнхээс 10,7 хувиар өссөн байна. Нийт авто бензин, дизель түлшний 99 хувийг ОХУ-аас, харин үлдсэн нэг хувийг Казакстанаас импортлодог ажээ.  Тэгвэл Газрын тосны гаргасан мэдээгээр Монгол Улсын газрын хэвлий дор 1,6 тэрбум тонн газрын тосны нөөц бий юм байна. Энэ тоон үзүүлэлтээрээ  Монгол газрын тос олборлогч 100 гаруй орноос 33 дугаарт жагсдаг гэнэ.

Одоогоор  Монголд 13 ком­па­ни газрын тосны хайгуул хийж байгаагаас Тамсагийн сав газарт 119,2 сая тонн түүхий тосны нөөц­тэйг  тогтоогоод байгаа юм байна.
Энэ нь монголчуудын 40,50 жилийн хэрэгцээг хангах газрын тос­ны нөөц ийнхүү илрээд байна.  Монгол Улс бүтээгдхүүн хуваах гэ­рээ байгуулсан 18 талбайд гадаад дотоодын 13 компани газрын тостой холбоотой үйл ажиллагаа явуулж байгаагаас 33 хувь нь  Монгол Улсынх бол, 39 хувь нь БНХАУ, үлдсэн 28 хувь нь бусад орны харъяалалтай байна. Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хэрэгжиж эхэлсэн 1993 оноос өнөөг хүртэл газрын тосны хайгуулын ажилд 1.5 сая ам.долларын  хөрөнгө оруулалт хийгдсэн гэнэ.  Монгол Улс 1998 оноос газрын тосны туршилтын олборлолт явуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт нэг сая  тонн газрын тос олборлон БНХАУ-д экспортложээ. 

Өөрийнхөө газрын тосыг 100 хувь Хятад руу экспортлож, харин өөрсдөө 100 хувь Оросоос нефть импортлодог Монгол Улс хэзээ шата­хуун үйлдвэрлэх бол. Хэлж өгөөч дарга нараа.  Улс төрийнхөө хэрүүл мар­гааныг хойш тавиад улс оронд нүүрлээд байгаа шатахууны хомсдолд санаа тавимаар юм.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж