”Алтан Дорнод Монгол”-ын өр барагдуулалтыг түдгэлзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

”Алтан Дорнод Монгол”-ын өр барагдуулалтыг түдгэлзүүлжээ

Монгол Улсын Засгийн газрыг Арбитрийн шүүхэд өгч ялагдал хүлээсэн “Алтан дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.В.Паушокийг манай улсад төлөх 127 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэгт яллагдагчаар татан шалгаж буй.  Өр барагдуулах ажил  хэр зэрэг ахицтай явж буй талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-ын дэд дарга Улсын ерөнхий гүйцэтгэгч  хурандаа Т.Батболдоос тодрууллаа.

-“Алтан дорнод Монгол” компаниас өр барагдуулах ажил ямар шатандаа явж байна вэ?
-“Алтан дорнод Монгол” ХХК-тай холбогдох нийт 16.2 тэрбум төгрөгийн  төлбөртэй  24 шүүхийн шийдвэр ирсэн. Үүнээс  таван гүйцэтгэх баримт бичгийн  513 сая төгрөгийн  төлбөрийг нөхөн  төлүүлсэн.   Одоогоор шийдвэр гүйцэтгэх манай албанд  19   гүйцэтгэх баримт бичгийн   15.6 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Шүүхийн шийдвэр гарснаас хойш тус компанийн эд хөрөнгө,  банк дахь харилцах данс, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийг битүүмжилсэн. Тус компанийн кассинд үзлэг хийж өнгөрсөн хугацаанд 5.9  сая төгрөгийг гарган авч 33 мянган ам.доллар болон  албаны хэрэгцээний компьютер, принтер зэргийг хураан авсан байна. Уг компанийн ашиглалтын болон хайгуулын лиценз Анод, Зоос банкинд барьцаалагдсан болох нь тогтоогдсон байгаа.

-Санхүүгийн тайлан тооцооны баримт бүхий компьютерийг нь хураан авсан уу, зохих журмын дагуу шалгасан уу?
-Уг компанийн тайлан тооцоо бүхий толгой компьютерийг хураан авч, цагдаагийн байгууллагатай  хамтран үзлэг шинжилгээ  хийсэн. Мөн Төв аймгийн Заамар, Өгөөмөр зэрэг сумын нутаг дэвсгэрт байрлах тус компанийн үйлдвэрийн хэсэгт  үзлэг хийж хоёр кг алт, дөрвөн кг алттай шороог хураан авч худалдан 106 сая төгрөгийн төлбөр гаргуулж нэр бүхий төлбөр авагчдад хувь тэнцүүлэн олгосон.  Үүнээс гадна  Баянгол дүүргийн 2008 оны шүүгчийн захирамжаар битүүмжилсэн  нэг бүр нь 227.5 сая төгрөгийн  үнэтэй гурван автомашинийг хураан авсан байгаа.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг  “Алтан дорнод Монгол” компани шүүхэд өгсөн гэж сонссон?
-“Алтан дорнол Монгол” компанийн санхүүгийн компьютерийг битүүмжилсэн асуудлаар тус компанийнхан Сүхбаатар дүүргийн  шүүхэд гомдол гаргасан.  Одоогоор өр барагдуулах ажлыг түр хугацаагаар түтгэлзүүлсэн шүүхийн шийдвэр гарсан байгаа. Хэрэв  шүүхээс “Алтан дорнод Монгол” компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гарвал цаашид бид ажлаа үргэлжлүүлнэ.

-Өр барагдуулах ажил хэдийд дуусгавар болох вэ?
-Хугацаа хэлж мэдэхгүй байна.  Өр барагдуулах ажлыг түтгэлзүүлэхээс татгалзсан тохиолдолд дуудлага худалдаа явуулах, үнийн санал гаргах гэх мэт ажлууд байгаа. Түүнээс гадна  төлбөр төлөх этгээдээс гомдол ч гарч болно.  Тиймээс хугацаа хэлэх боломжгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны зүгээс аль болох богино хугацаанд өр барагдуулах ажлыг гүйцэтгэнэ.

Н.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж