Ажил хэрэгч уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

Ажил хэрэгч уулзалт боллоо

Дорнод аймгийн иргэдтэй хийсэн уулзалт ажил хэрэгч боллоо гэж Ерөнхий сайд үзэж байна.

Иргэд Засгийн газрынхаа тэргүүнд хандаж тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлээ ярих нь зүй ёсны хэрэг. Гэхдээ бид өнгөрсөн 20 жилд хийж бүтээхээсээ илүү ярьж, шүүмжилж, маргалдаж, улс төржиж байсан ч улс орны хөгжилд төдийлөн тус нэмэр болоогүй. Харин одоо ярих биш хамтарч ажиллах цаг болсон. Монгол Улсын Засгийн газар ажилгүйдэл, ядуурал, авлига, хүнд суртал, архидалт гээд тодорхой сэдвүүдийг сонгон авч шийдвэрлэхээр ажиллахдаа сэтгэлийн хөөрөл,

Орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, дүрмийг чанд баримталж байгаа эсэх, хууль нь нийцэж байна уу гэдэгт иргэд ч хяналт тавих ёстой. Засгийн газар ч гэрээнд тодорхой өөрчлөлт оруулж, монголчууддаа илүү ашигтай нөхцөл бий болгохыг чармайж байна. Тухайлбал зээлийн хүүг эрс бууруулж 6,6 хувь болгосон, Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд хувьцаа худалдахгүй байх зэрэг зарчмын томоохон өөрчлөлт хийсэн гэж Ерөнхий сайд хэлэв.

Бидэнд өндөр зэрэглэлийн гагнуурчнаас эхлээд инженер, техникийн мэргэжилтэй ажилчин хангалттай байхгүй учир тэднийг сургаж бэлтгэх хэрэгтэй. Хүнээ бэлтгэсний дараа болно гэвэл орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил энэ хэмжээгээр хойшлох юм. Иймээс Засгийн газар цаг хожих үүднээс гаднаас богино хугацаагаар мэргэжилтэй ажилчдыг оруулж ажиллуулан, энэ хооронд монголчуудаа сургаж бэлтгэхэд анхаарч байна. Тухайлбал Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг өргөтгөх, шинэчлэх зэрэгт Мянганы сорилтын сангаас 60 сая ам.доллар зарцуулж байгаа. Бэлтгэгдсэн боловсон хүчнүүд маань бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд гар бие оролцох юм. Ингэснээр жишээлбэл Оюутолгойн орд газарт нийт ажиллагсдын 95 хувь нь монгол иргэд болно гэдэгт Засгийн газар итгэлтэй байна гэж хэлснийг Дорнодчууд алга ташин хүлээж авав.

Мөн Тавантолгойн орд газрыг ард түмэндээ өмчлүүлэхтэй холбоотой асуудалд Засгийн газрын тэргүүн хариулахдаа “Нүүрсний үнэ хямд байсан үед үндэсний хэдэн компани нэгдэн орд газрыг лицензийг авсан. Эдгээр компаниуд эндээс нэг хүрз нүүрс гаргаж аваагүй ч жил бүр татвараа төлж байгаад ард түмэндээ буцааж өгсөн түүхтэй. Ийм шийдвэр гаргахад багагүй хувь нэмэр оруулсан хүний нэг нь С.Батболд. Гадаадын компанид лицензээ худалдалгүй төрдөө буцааж өгсний дүнд монголчууд маань өнөөдөр энэ орд газраас хувьцаа эзэмших боломжтой болсон юм. Аливаа юм үнэнээрээ байх ёстой. Энэ утгаараа Тавантолгойн төслийг дэлхийн жишигт хүрсэн, өрсөлдөх чадвартай, дараа дараагийн бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд загвар болохуйцаар хэрэгжүүлнэ болно” гэлээ.  

Газрын тосны бүтээгдэхүүнээ гадагш нь гаргах бус дотооддоо боловсруулж хэрэгцээгээ хангах хэрэгтэй байна гэж Дорнод аймгийн цөөнгүй иргэн хэлж байв. Засгийн газар Тамсагбулаг, Зүүнбаянд бага оврын боловсруулах үйлдвэр байгуулахаар судалж байна. Энэ ажлыг ойрын хугацаанд эхлүүлэх ёстой гэж би үздэг гэж Ерөнхий сайд хэллээ. 

Иргэдээс тавьсан асуудлын дийлэнх нь цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамжтай холбоотой байлаа.

Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх, монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг өсгөх нь Засгийн газрын онцгой анхаарлын төвд байдаг. Ингэхдээ тооцоо, судалгаанд үндэслэж, үе шаттай нэмэгдүүлэх чиглэл баримталж байгаа. Засгийн газар өмнө нь цалин, тэтгэвэр тэтгэмжийг 30 хувь нэмж, хөдөлмөрийн доод хэмжээг 140 мянган төгрөг болгосон. Энэ шийдвэр хувийн хэвшлийн нээгж, байгууллагад хүнд тусч байгаа гэсэн яриа гардаг ч ингэж бодохгүй байна. Өнөөдөр зарим аж ахуйн нэгжид ажиллагсдын дундаж цалин 900 мянган төгрөгт хүрсэнтэй Өмнөговь аймагт ажиллах үеэрээ танилцаж байсан. Энэ нь боломж байгааг харуулж байна. Харин иргэд маань зөвхөн, төр засаг гэж дээшээ хандалгүй өөрсдөө хариуцлагатай байж, зах зээлд эрэлттэй, хэрэгцээтэй байгаа мэргэжлээр суралцан, улмаар ажилтай, орлоготой болоход анхаарах хэрэгтэй гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн сануулав.

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” жилийн хүрээнд дотооддоо үйлдвэрлэх боломжтой 38 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг зөвхөн үндэсний аж ахуйн нэгжээс авч байх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Одоо аж ахуйн нэгжүүд чанартай, өрсөлдөх чадвартай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Ноос ноолуурын салбараа дэмжих үүднээс 100 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болсон. Засгийн газраас дэвшүүлэн тавьсан энэ мэт олон ажлын хэрэгжилт ямар байгааг шалгаж, тухайн орон нутгийн удирдлагын ажлыг дүгнэх нэг үзүүлэлт болгоно гэдгийг Засгийн газрын тэргүүн анхааруулав.

Өндөрхаан-Чойбалсан хотыг хатуу хучилттай замаар холбох, Матад сумыг байнгын, найдвартай цахилгаантай болгох, Хүүхдийн парк байгуулахад хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлэх зэрэг хүсэлтийг шийдвэрлэхийн төлөө Засгийн газар ажиллана. Өндөрхаанаас тавих 143 км замын ажил эхэлсэн. Мөн Матад сумыг гэрэлтэй болгоход шаардлагатай 1,5 тэрбум төгрөгийн тодорхой хэсгийг төсвийн тодотголд суулгаж эрчим хүчтэй болгоно гэж Ерөнхий сайд амаллаа.

21 дэх аймагтаа ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ сарын 07-нд Чойбалсан хотноо болсон “Монгол мал үндэсний хөтөлбөр-хөдөөгийн хөгжил” сэдэвт зүүн бүсийн улсын зөвлөгөөнд оролцов.

Зөвлөгөөн нь малчид, аж ахуйн нэгж, төв, орон нутгийн төр, захиргааны байгууллагуудын хамтын идэвхтэй ажиллагаанд тулгуурлан мал аж ахуйн хөгжлийг эрчимжүүлэх, малчдын хөдөөд ая тухтай амьдрах орчин, нөхцлийг бүрдүүлэн, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх, хөдөөгийн хөгжил, улс орны нийгэм, эдийн засагт эерэг үр дүн авчрах зорилготой юм. Зөвлөгөөнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн бүх сумын Засаг дарга, сумдад байгуулагдсан Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, малчдын төлөөлөл болох 200 гаруй хүн оролцож байна.

Б.Мөнгөнтуул

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж