Шагналыг хэнд өгөх вэ?

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Шагналыг хэнд өгөх вэ?


Бин Ладены толгойг “үнэлсэн” шагналыг хэнд өгөх вэ?

“Алан хядагч №1”-ийн толгойд амласан шагналыг 9/11-ний алан хядлагын үеэр  хэлмэгдэгсэдэд өгөх санаачлагыг гаргажээ

“Алан хядагч №1”- Усама бин Ладены тухай мэдээллийг өгсөн хүнд олгохоор АНУ-ын эрх баригчдын амласан шагналыг 2001 оны есдүгээр сарын 11-ний террорт амиа алдагсдын ар гэрийнхэн болон Нью-Йоркийн Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгууд шатан нурж байх үеэр тэнд ажилласан гал сөнөөгчид ба аврагч зэрэг хүмүүст олгох ёстой гэсэн санаачлага гаргажээ. The New York Daily News сонинд бичсэнээр бол Нью-Йоркийн хоёр конгрессмен энэ саналыг дэвшүүлсэн байна.

Санаачлага гаргасан Энтони Вейнер (Anthony Weiner) ба Жеррольд Нэдлер (Jerrold Nadler) хоёр Ардчилсан намаас Нью-Йоркийг төлөөлөн Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон хүмүүс ажээ.
Нээлттэй тараагдсан мэдээллээс хар­вал бин Ладены талаар АНУ-ын тус­гай албаныхан  тагнуулын мэдээгээ бие даан олж мөрдсөн гэж тэр хоёр конгрес­смэн  тэмдэглэн дурджээ. Нэг үгээр хэлбэл “Аль-Каида”-гийн толгой­логчийн талаар хэн нэгэн мэдээлэл өгөөгүй учир шагналын тэр мөнгийг юунд зарцуулахаа эрх баригчид ший­дэх ёстой болж байна. Нью-Йоркийн конгрессменүүд шагналын 50 сая ам.долларыг  9/11-ний террорт хохирогчдод өгөх нь шилдэг шийдвэр болно гэж үзжээ.
Тэд удалгүй үүнтэй холбоотой хуу­лийн төслийг Конгресст өргөн барина гэж мэдэгдсэн байна. Нью-Йорк хотноо хийгдсэн 2001 оны террорыг алан хядагчдын “Аль-Каида” сүлжээ гүйцэтгэж, түүнийг хэрэгжүүлэхэд Усама бин Ладен гол үүрэгтэй байсан гэж АНУ-ын эрх баригчид одоо ч итгэлтэй байна. АНУ-ын Төрийн департамент 2004 онд Бин Ладены байгаа газрын тухай мэдээлэл өгсөн хүнд 25 сая ам.долларын шагнал амласан юм. Дараа нь АНУ-ын гол дайсны тухай мэдээлэлд Конгресс, Нисгэгчдийн эвсэл, АНУ-ын Агаарын тээврийн эвлэл томоохон мөнгө амлан нийт шагналын хэмжээ нь 50 сая ам.долларт хүрсэн байжээ.

Америкийн тусгай хүчнийхэн Пакистаны Абботтабад хотод 2011 оны тавдугаар сарын 2-нд шилжих шөнө тусгай ажиллагаа явуулан Усама бин Ладеныг устгасан юм. Алан хядагчийг устгасан тухай ерөнхийлөгч Барак Обама өөрөө нийтэд зарласан билээ. Мэдээллийн дагуу бин Ладе­ныг мэргэжлийн элчээр дамжин олсон байна. Холбоочин нь өөрөө мэдээлгүйгээр тагнуулчдад өөрийн шефийн байгаа газрыг заан хөтлөжээ. Бин Ладеныг амь үрэгдсэн гэдгийг хэд хоногийн дараа “Аль-Каида” хүлээн зөвшөөрч, өшөө авахаар зарласан юм.

Нью-Йоркийн бас нэг конгрессмен Чарльз Шумер (Charles Schumer), уг мөнгийг бин Ладеныг залгамжлагч гэгдэж байгаа Айман аль-Завахирийг олоход зарцуулах ёстой гэж үзсэн байна.
Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Томас Донилон мэдэгдэл хийхдээ “Аль-Каида”-гийн хоёр дахь хүн Айман аль-Завахири нь алагдсан лидер шигээ нөлөөтэй байхгүй гэж хэлжээ. Айман аль-Завахирийг “Усама бин Ладентай зэрэгцэхээргүй” гэж зөвлөх дүгнэж байна.

Agence France-Presse мэдээлснээр, Бин Ладеныг устгасан нь том ялалт гэхдээ “Аль-Каида” одоогоор “страте­гийн ялагдал” хүлээгээгүй хэмээн Донилон хэлсэн ажээ. NBC телевизийн “Meet The Press” хөтөлбөрт оролцохдоо Барак Обамагийн зөвлөх “Аль-Каида” АНУ-д занал учруулсан хэвээр байгааг онцолжээ.
Мөн Бин Ладеныг устгасан ажил­лагаа­ны үеэр асар их хэмжээний мэдээ­лэл олзолсны дотор шинэ аллагад бэлтгэж байгаа тухай баримт байгаа гэнэ. Тагнуулын төв газрын мэдэгдсэнээр бол олзолсон мэдээлэл нь хэмжээгээрээ “том биш ч коллежийн номын сантай” эн зэрэгцэхээр гэнэ. Донилон CNN телевизийн “State of the Union” хөтөлбөрт бин Ладеныг устгасан ажиллагаа хэрхэн хийгдсэнийг тайлбарлажээ. Пакистаны Абботтабад хотод алан хядагч нуугдан бүгж буй мэдээллийг АНУ авсан боловч тэнд Бин Ладен байгаа гэдэгт бүрэн итгэл байгаагүй ба ажиллагааны амжилтыг 50:50 хувьтай гэж үнэлсэн гэж тэр ярьсан байна.

АНУ-ын Үндэсний аюулгүй байд­лын зөв­лөлийн хуралдаан дээр ажил­ла­гааг явуулах ёстой гэсэн шууд зөв­­лөм­жийг Обама аваагүй бөгөөд хурал­дааны зарим оролцогсод тийм ажил­лагааг явуулахын эсрэг байсан ажээ. Дараагийн өдөр нь ерөнхийлөгч уг ажиллагаа явуулах тушаалын эхийг бэлтгэх үүргийг өгсөн гэнэ.

Бин Ладены байрлаж буй газрыг Пакис­таны хүчнийхний зарим ажилт­нууд мэдэж байснаар барахгүй тусалж байсан гэх ярианд Обамагийн зөвлөх тайлбар хийлээ. “Аль-Каида”-гийн лидер хаана нуугдаж буйг Пакистаны “улс төрийн болон тагнуулын аппара­тын” төлөөлөгчид мэдэж байсан гэх баталгааг олж хараагүй хэмээн Донилон хэлээд Пакистаныг терроризмтай тэмцэх тэмцэлд чухал түнш хэмээн онцол­жээ. Тэрээр хоёр орны хооронд зарим зөрөлдөөн байгааг ч хүлээн зөвшөөрсөн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж