Говийн бүсэд оношлогооны төв байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Говийн бүсэд оношлогооны төв байгуулна

Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх Бүсийн оношлогоо, эмчилгээний нэгдсэн төвийг Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлгийн хүний нөөц, материаллаг баазад тулгуурлан Даланзадгад суманд байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэжээ. Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд төвийн зургийн даалгаврыг боловсруулан зураг, төсөл гаргаж,  барилгыг засварлах болон шинээр барих, тоног төхөөрөмжөөр хангах зардлыг ирэх оны төсөвт тусгахыг Эрүүл мэндийн болон Сангийн сайдад үүрэг болгосон байна.

Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд шаардлагатай хүний нөөцийн хэрэгцээг тооцож, эмч, сувилагч, мэргэжилтнээр хангах, тэднийг давтан сургах, мэргэшүүлэхийг салбарын сайд, аймгийн Засаг дарга нарт даалгажээ.

Статистикийн тоо баримтаас харахад говийн бүс нутагт шилжин ирэх хүний тоо тогтмол өсч байгаатай уялдан өвчлөл ч нэмэгдэж байна. Өргөн уудам нутаг дэвсгэртэй учир зарим газар эрүүл мэндийн үйлчилгээ хүргэх гэж талдаа 200 гаруй км явдаг зэрэг хүндрэл бэрхшээл ч багагүй байна. Энэ нь хугацаа алдах, тухайн хүний өвчин хүндэрч дараагийн шатандаа орох зэрэг сөрөг үр дагавартай тул Засгийн газар бүс нутагт төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг цогцоор нь үзүүлдэг оношлогоо, эмчилгээний төв байгуулах шийдвэр гаргажээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж