Бин Ладентай хамт байх сайхан байна

Хуучирсан мэдээ: 2011.05.12-нд нийтлэгдсэн

Бин Ладентай хамт байх сайхан байна

Осама Бин Ладен гэрээслэлдээ эхнэрүүдээ Афганистаныг орхин явахыг сануулсан байсан. Харин тэр хамгийн залуу бөгөөд отгон эхнэрээ дэргэдээ үлдэж, өөртэйгээ хамт булшлагдахыг тушаасан байна. Амал одоо 29 настай. Энэ бүсгүй дайралтын үеэр өрөөсөн хөлөндөө буудуулжээ. Одоо тэрбээр охин болоод Бин Ладений өөр хоёр эхнэрийн хамтаар Пакистаны хамгаалалтад байгаа.


Түүний гэр бүлийнхний “АП” агентлагт ярьснаас үзвэл тэд Амалтай 2000 онд, гэрлэснийх нь нэг жилийн дараа ганц удаа уулзжээ. Тэгэхэд шинэхэн эхнэрийн гэр бүлийнхэн Афганистанд нэг сар шахам айлчлан хүргэнтэйгээ танилцаад буцсан байна. “АП”-ийн сурвалжлах баг Иемен дэх тэдний гэрт очиж ярилцлага авчээ.


Амал жирийн л нэг охин байсан боловч их зоригтой, эршүүд байжээ. Шашинд их шүтлэгтэй. Дунд сургууль дүүргэсэн бөгөөд илүү ихийг сурч мэдэх эрмэлзэлтэй. Гэр бүлийнхэн болоод найз нөхдөдөө үргэлж л “Би түүхэнд нэрээ мөнхөлмөөр байна” хэмээн ярьдаг байсан гэнэ. Харин тэр түүхэнд нэрээ мөнхлөх үүд хаалга 1999 онд нээгджээ. Түүний эгчийнх нь нөхөр нь тэдний гэрт ирээд Осама Бин Ладен эхнэр хайж байгаа тухай дуулгав. Хүргэн ах нь Бин Ладентай танилууд байжээ. Амалын аав нь тэр үед Бин Ладенийг Америкчууд Кени болон Танзан дахь АНУ-ын Элчин сайдын яамыг бөмбөгдсөн хэргээр эрэн сурвалжилж байгааг мэдээгүй байсан гэнэ. Тэгээд л охиндоо “Чи өөрөө л мэд. Чиний л ирээдүй” гэсэн байна. Хариуд нь охин нь “Энэ бол бурхнаас илгээж буй хувь заяа. Би дагана аа” хэмээж. Уг нь Иеменд сүй тавихдаа нүүр тулан уулзаж байж, эсвэл ядаж зураг харж байж сонгодог заншилтай. Харин энэ гэрлэлт өөр байлаа. 19 настай бүсгүй Ал-Кайдагийн толгойлогчийг хэзээ ч харж байгаагүй.


Хэдэн долоо хоногийн дараа хүргэн ах нь Амалыг асран хамгаалагчдыг төлөөлөн хуримын гэрээнд гарын үсэг зурснаар хуримын төв тогтлоо. Иемений заншил ёсоор Бин Ладен бүсгүйн гэр бүлд 5000 ам.доллар төлжээ. Хуримын хоёр ч ёслол, үдэшлэг хийсний дараа бүсгүй Дубай, Пакистанаар дайран Афганистан руу эр нөхөртөө очихоор нислээ. Хожим нь Амал охин төрүүлсэн тухай гэрийнхэн нь хүнээс сонсчээ. Тэд охин, зээ хоёроо эргэхээр Афганистан руу явав. Тэгэхдээ Пакистаны нийслэлийн нэгэн зочид буудалд 20 гаруй хоногийг Бин Ладений олон харуулын хамгаалалтан дор өнгөрүүлсэн гэнэ. Харуулуудын зарим нь бүр Иеменээс тэднийг дагаж ирсэн юм. Нэг шөнө машин ирж тэднийг Афганы хил рүү аваачлаа. Тэндээс өөр машинд суугаад 6-7 цаг яваад харуул хамгаалалттай том майханд ирсэн байна. Тэнд буугаад хагас цаг алхаад өөр нэг машинд суун Бин Ладений орогнодог агуйд сая нэг иржээ. Тэнд тэднийг охин нь угтаж авсан байна. Маргааш өглөө нь Бин Ладен бараа бологчдынхоо хамтаар ирэв. Хадмуудаа ирсэнд зориулан баяр тэмдэглэсэн бөгөөд 21 удаа ёслолын буудлага хийжээ. Тэгээд тун олон хүн оролцсон үдийн зоог барьсан байна. Хадам аавынх нь хэлж буйгаар Ал-Кайдагийн удирдагч их найрсаг, даруухан, дөлгөөн хүн байсан гэнэ. Тэднийг Пакистаны буудалд олон хонуулсандаа уучлалт хүсээд аюулгүй байдлыг хангах үүднээс зарим нэг арга хэмжээг авах гэж удсан хэмээн тайлбарлажээ. Тэднийг буцах болсонд Бин Ладен Амал болоод өөр нэг эхнэр Сири бүсгүйг эндээ үлдэлгүй гэртээ буцаад харьсан ч болон хэмээн хэлсэн ч Амал татгалзжээ.


“Агуй дамжин амьдрах хүсмээр зүйл биш ч Бин Ладентай хамт байхад сайхан байдаг” хэмээн Амал аавдаа хэлсэн байна. Харин хадмуудаа айлчилж байх үеэр Бин Ладен “Удахгүй дэлхийд маш том үйл явдал болно” хэмээн сануулж байжээ. Үнэхээр ч удалгүй есдүгээр сарын 11-ний халдлага болж дэлхий даяараа Осама Бин Ладен гэдэг энэ эрхэмтэй танилцсан билээ.


Амал хоёр өндрийг сүйрүүлсэн халдлагын дараа Афганистанаас хэрхэн зугтан гарсан тухайгаа Саудын эмэгтэйчүүдийн сэтгүүл “Ал Мажалла” сэтгүүлд 2002 онд ярьжээ. “Америкчуудыг бөмбөгдөж эхэлмэгц бид хүүхдүүдээ аваад уулаар зугтан явж, нэг агуйд хоёр сар бүгсэн. Дараа нь Бин Ладений нэг хүү ирж биднийг Пакистанд авчирсан” хэмээн ярьсан билээ. Зарим эх сурвалж түүний энэ ярилцлага Америкийн тагнуулын албанд Бин Ладений хаана байгааг олж мэдэхэд тус хүргэсэн гэж үздэг. Гэвч энэ сарын 2-нд Америкчууд бөмбөгдөж эхэлмэгц Амал Бин Ладений унтлагын өрөө рүү гүйн орж ирээд хөлөндөө шархадсан байна. Гэвч түүнийг ирэхэд нөхөр нь хэдийнэ нас барсан байлаа. Ал-Кайдагийн удирдагчийн тав дахь эхнэрийн хувь заяа хаашаа эргэх нь тодорхойгүй байна. Түүнийг Иемен рүү гэрт нь буцаах үгүйгээ Пакистаны тал мэдэгдээгүй байгаа билээ. Тэд Амал болон Бин Ладений өөр хоёр эхнэрээс байцаалт авахаар төлөвлөж байгааг эх сурвалжууд мэдээлж байна.


 


 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж