Зургаан настнуудыг улсын сургуульд шалгалтгүй элсүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Зургаан настнуудыг улсын сургуульд шалгалтгүй элсүүлнэ

Зургаан настнуудаар зарим сургуулийн захирлууд мөнгө олох уран санаа сэтгэж амжжээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн XIII хорооны 14 дүгээр сургуулийн бага сургуульд энэ жил шинээр 180 гаруй элсэгч авах ёстой гэнэ. Уг нь шинээр элсч буй хүүхдийг тухайн харъяа газар нь шууд бүртгэж, сургуульд элсүүлэх журамтай. Гэтэл тус сургуулийн захиргаа энэ сарын 7-ны өдрийн 10.00 цагт сургуульд элсэх 320 зургаан настанг бүртгэж, хүүхэд бүрээс 4500 төгрөг хурааж авсан гэнэ. Үүнийхээ дараа “320 хүүхдээс зөвхөн 60 хүүхдийг шалгаж авах бөгөөд энэ сарын 14-ний өдөр тэнцсэн сурагчдын нэрсийг мэдэгдэнэ”  гэж зарлажээ. Дээр нь шалгалтанд бэлтгэх 3500 төгрөгийн үнэ бүхий ном “шахжээ”. Бүртгэлийн хураамж нэрийдлээр 1000 төгрөг авчээ. Ингээд Боловсролын яамнаас гаргасан журмыг зөрчиж нэг хүүхдээс дунджаар 4500 төгрөг татсан аж.
Нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн бага сургуулийн сургалтын менежер Р.Амгалан хэлэхдээ “Манай хорооны 180 гаруй зургаан настнууд  энэ жил сургуульд элсэн орно. Мөн түүнээс гадна манай сургуульд хүүхдээ өгөх хүсэлтэй ч харьяалал нь өөр олон эцэг эх байсан. Бид эцэг эхийн хүсэлтийг харгалзан нэмж хоёр ангид хаяг хамаарахгүй бүртгэж авсан. Үүнд нийт 320 хүүхэд бүртгүүлсэн. Эдгээр хүүхдүүдийг энэ тэр гэж ялгаж болохгүй байсан учраас эцэг эхээс нь зөвшөөрөл авч сэтгэхүйн  шалгалт авсан. Шалгалтанд зургаан настай хүүхдийн мэдлэгийн төвшинд тохирох материалаар шалгалт авсан. Бүгдийг нь авах боломжгүй байсан учраас шалгалт авсан юм” гэж тайлбарлалаа.
Харин Боловсрол соёл шинжлэх ухааны яамны мэргэжилтэн Ч.Ганцэцэг “Улсын сургууль шинээр элсч буй  зургаан настай хүүхдээс шалгалт авч, мөнгө хурааж болохгүй. Шинээр элсэн орж байгаа хүүхдүүдээс мөнгө хураах эрх байхгүй. Хэрвээ мөнгө авсан тохиолдолд энэ нь хууль зөрчсөн үйлдэл болно” гэлээ. Гэтэл 14 дүгээр сургуулийн сургалтын менежер хурааж авсан мөнгөө шалгалт авсан, материал засч буй  багш нарт өгөхөөс гадна нэгдүгээр ангийн хүүхдүүдийн анги тохижилтод нэмэрлэж байгаа гэж тайлбарлаж байлаа. Нийт 320 хүүхдээс 4500 төгрөг гэж бодохоор нэг сая 440 мянган төгрөг болж байна. Их дээд сургуулийн элсэлтийн шалгалтын бүртгэлтэй дүйцэхүйц мөнгө шүү. Боловсролын яам нь мөнгө хурааж болохгүй гэсэн байхад сургууль нь сайдынхаа тушаалыг зөрчих нь дүрэм журам бодит амьдрал дээр биш цаасан дээр хэрэгждэгийн нэгэн жишээ. Олон хүүхэд бүртгэж мөнгө хураах нь ч бас  хүүхэд, эцэг эхийн сэтгэлзүйгээр тоглож мөнгө олох гэсэн уран санаа бололтой.
Үнэхээр 60 хүүхэд авах байсан бол ийм олон хүүхэд бүртгэх шаардлага байсан гэж үү. Энэ нь цаанаа уран санаагаа ашигтайгаар хэрэгжүүлэх төлөвлөгөө нь юм. Дараа нь шалтаг хэлэхэд ч амар. Эцэг эхчүүд өөрсдөө бүртгүүлсэн. Олон хүүхэд бүртгүүлэх хүсэлтэй байсан. Харин бид аавын хүүхдийг алаг үзэхийг хүсээгүй гэхэд л болно. Амархан, бас сэргэлэн, бараг л уран санаа байгаа биз. Тус сургуулийн удирдлагуудын уран санааг илтгэхээр нэгэн жишээ дурдъя. Сургуульд элсэхээр бүртгүүлсэн 320 гаруй сурагчдад 14 дүгээр сургуулийн бага сургуулийн сургалтын менежер  Р.Амгалан өөрийн зохиосон “Би сурагч боллоо” нэртэй номоо 3500 төгрөгөөр худалдаалсан нь тэдний санааг бүр ч тодорхой болгож байна. Элсэгчдэд үнэтэй ном тарааж, шалгалт авснаар зогссонгүй. Хүүхдүүдээ бүртгүүлсэн эцэг эхийн дунд хэрвээ “Зургаагаас дээш оронтой тооны мөнгө өгвөл хүүхдийг нь сургуульдаа авах боломжтой. Зургаагаас дээш оронтой нь бүр 500 мянган төгрөгөөс дээш тоо” гэсэн яриа гарсан талаар нэг хүүхдийн  эцэг эх ярьж байсан. Шинэээр элсэгчдийн  талаар 14 дүгээр сургуулийн захирал н.Цэцгээгээс тодруулах  гэсэн боловч “Бүх хүүхдийг авах боломжгүй. Тиймээс бид шалгалт авсан. Өөр ярих юм байхгүй” гэж бухимдангүй хариулаад өрөөнийхөө хаалгыг хаасан.
Ямартай ч Боловсролын яамны мэргэжилтэн Ч.Ганцэцэгийн хэлснээр эцэг эхчүүд хүүхдээ бүртгүүлэхдээ  мөнгө өгөхгүй, шалгалтгүйгээр бүртгүүлэх  боломжтой гэнэ. Зургаан настай хүүхэдтэй эцэг эхчүүд  14 дүгээр сургуулийн удирдлагууд шиг  хүмүүсийн элдэв арганд хууртахгүйг хичээгээрэй. Энэ жил ерөнхий боловсролын сургуульд 46 мянга гаруй хүүхэд шинээр элсэн орно гэсэн тоо байна. Ерөнхий боловсролын сургуульд элсэхийн тулд жил бүрийн тавдугаар сард сургуульд бүртгүүлснээр 14 хоног бэлтгэлд явдаг байсан. Харин 2011, 2012 оны элсэгчид 12 жилийн тогтолцоонд шилжиж байгаа тул есдүгээр сараас эхлэн бэлтгэл нь хичээллэж эхлэх гэнэ. Шинээр элсэгчдийг энэ сарын 1-нээс эхлэн харьяа сургуулиуд нь бүртгэж эхлээд байгаа аж. Шинэ тогтолцооны шинэ сурагчид эхний дөрвөн долоо хоног бэлтгэл хичээл ороод, тав дахь долоо хоногоос нэмэлт хичээлүүд орж эхлэх юм байна. 12 жилийн тогтолцоонд шилжсэнээс хойш нэгдүгээр ангийн хүүхдийн сургалтын агуулга, хөтөлбөрийг шинээр зохиосон. Мөн сурах бичиг ч шинээр зохиосон юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж