Аюулгүй байдлын хамтын ажиллагааны талаар хуралдана

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Аюулгүй байдлын хамтын ажиллагааны талаар хуралдана

Монгол Улсын дипломат албаны 100 жилийн ойг тохиолдуулан 2011 оны тавдугаар сарын 23-24-нд Улаанбаатар хотноо “Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага – 2011 он – Монгол Улс”  олон улсын бага хурлыг “Аюулгүй байдлын асуудалд цогцоор хандаж нийтлэг сорилтуудыг шийдвэрлэхэд ЕАБХАБ – түүний Азийн түнш улсуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь”  сэдвээр зохион байгуулахаар бэлтгэж байна.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага нь Европ, Америк, Ази тивийн 56 улс орныг нэгтгэсэн бүс нутгийн хамгийн том байгууллага юм.
ЕАБХАБ нь бүс нутгийн хэмжээнд зэвсэгт мөргөлдөөн, хямралт байдлыг урьдчилан сэргийлэх, зохицуулах, хямралын дараах сэргээн босголтыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Тус байгууллага нь аюулгүй байдлын асуудлыг цэрэг улс төрийн, эдийн засаг ба байгаль орчны, хүний гэсэн гурван орчинд авч үздэг, зэвсэглэлд тавих хяналт, итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэхээс эхлэн хүний эрх, ардчиллыг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, олон улсын гэмт хэрэг, терроризмтэй тэмцэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар зөвлөлддөг, нийтийн зөвшилцөлд тулгуурлан шийдвэр гаргадаг.

Анх 1975 онд Хельсинкийн төгсгөлийн баримт бичигт Европын 33 орон, АНУ, Канад гарын үсэг зурснаас хойш “хүйтэн дайн” дуусч ЗХУ болон хуучин ХБНСЮУ задарч, Европ, Азийн газрын зураг ихээхэн өөрчлөгдөн шинэ тулгар улс үүсэн ЕАБХАБ-ын хүрээг өргөжүүлэн тэлж, 2006 онд Монтенегро тусгаар улс болж, тус байгууллагад элссэнээр 56 оролцогч улстай болжээ.

Монгол улс 2004 оны арванхоёрдугаар сард Болгарын нийслэл Софи хотноо болсон ЕАБХАБ-ын Сайд нарын Зөвлөлийн 12 дугаар хуралдаанаар тус байгууллагын  хамтын ажиллагааны Азийн тав дахь түнш орон болсон билээ.

Х.Амгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж