Сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сүүлийн үед өөртэй нь холбоотойгоор хэвлэлүүдээр гарсан мэдээлэлд няцаалт хийлээ.
Тухайлбал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурц тагнуулын байгууллагад ажиллаж байхдаа иргэн Д.Энхбатыг баривчлан саатуулж, Франц улсаас авч ирэхдээ сайд Ц.Нямдоржийн шийдвэрийг хэрэгжүүлсэн гэх ойлголт нийгэмд тархчихаад байгаа. Энэ нь ташаа мэдээлэл хэмээн үгүйсгэж байна.  Хуулиараа Тагнуулын ерөнхий газар нь Ерөнхий сайдад харьяалагддаг учраас дээрх үйл ажиллагаа нь Хууль зүй, дотоод хэргийн яамтай ямар ч хамааралгүй хэмээв.  Ер нь тагнуулын байгууллагаас явуулах иймэрхүү үйл ажиллагаа нь нууцын зэрэглэлд хамаардаг учраас Хууль зүй, дотоод хэргийн яаманд ямар  ажиллагаа явуулах гэж байгаагаа мэдэгддэггүй, мэдэгдэх ёс ч байхгүй,  ажиллагаа боллоо гэхэд тухайн үед юу болсныг хожмоо ч мэдэгдэх ёс байхгүй гэнэ.  
Хоёрдугаар асуудал нь Тавантолгойн нүүрсний тээвэрлэлтэй холбоотой байлаа. Хоёр ч хэвлэлд сайд Ц.Нямдоржийн мэдлийн 100 гаруй хүнд даацын машин Тавантолгойд нүүрс тээвэрлэж байна гэсэн мэдээлэл цацагджээ. Энэ нь ор үндэсгүй мэдээлэл хэмээлээ. Өмнөговь аймаг болон бусад газруудад ч Ц.Нямдорж болон түүний гэр бүл,  хүүхдүүд, ах дүү нараас хэнд нь ч тээврийн компани болон нүүрс тээвэрлэж байгаа машин, техник, тоног төхөөрөмж байхгүй. Мөн ашигт малтмалын ганц ч тусгай зөвшөөрөл байдаггүй гэв. Мөн Засгийн газрын хуралдааны үеэр ямархуу байр суурь илэрхийлснээ ч тодотголоо. Энэ тухай сайд  “Засгийн газрын хуралдаанаар нүүрсний тээвэрлэлтийг зогсоосон тухай асуудал хөндөгдөхөд миний бие ингэх шаардлагагүй гэж үзсэн. Улсын төсөвт 200 тэрбум төгрөгийн орлого нүүрсний тээвэрлэлтээр орж ирэх ёстой. Тээврийг зогсоочихоор төсвийн орлого бүрдэхгүй болж ирнэ. Энэ үүднээс нь асуудлыг ярьсан. Чухамдаа бол үүний цаана бизнесийн өрсөлдөөн л явж байгаа юм. Удахгүй хатуу хучилттай авто зам ашиглалтад орох гэж байхад тээвэрлэлтийг зогсоосон нь энэ надаас өрсөөд хэдэн төгрөг олох нь гэсэн өрсөлдөөнтэй нь л холбоотой. Түүнээс 100 тоннын даацтай машин газар дээгүүр явж болохгүй гэсэн юм юу байсан юм бэ”  гэлээ.
Мөн саяхан иргэний хөдөлгөөнийхөн “Сайд Ц.Нямдорж нэгэн компанитай хамтран 350 сая ам.долларыг төсвөөс завшжээ. Энэ хэргийг Авлигатай тэмцэх газар шалгах гэж байна” гэж олон нийтэд мэдээлжээ. Дээрх хөрөнгийг монгол төгрөгт шилжүүлэхэд 400 орчим тэрбум төгрөг болох аж. Энэ нь бас гүтгэлэг. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад мөн л 2.9 тэрбум төгрөгийн авлигыг хөрөнгө оруулагч талаас авсан гэж мэдээлээд байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээрийг Засгийн газрын сайд нараас гурван хүн л хийсэн. Энэ гэрээтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас холбогдох хүмүүс л ажиллаж байсан. Сайдын хувьд бараг оролцоогүй, харин өнгөрсөн жил Ерөнхий сайд Фрийдландтай уулзах үед л хамт очиж, нүүр нүүрээ харалцаж байсан. Түүнээс өөр уулзалт болоогүй гэлээ. Дээрх мэдээллийг хийснийхээ дараа тэрбээр “Хэрвээ энэ бүх няцаалтаас аль нэг нь худлаа гэдэг нь баримтаар батлагдвал миний бие сайдын болоод УИХ-ын гишүүний албан тушаалаас татгалзах болно гэдгээ хатуу мэдэгдэж байна” гэсэн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж