Дуурийн театр 48 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.15-нд нийтлэгдсэн

Дуурийн театр 48 нас хүрлээ

Монголын сонгодог урлагийн ноён оргил “Ламбугайн нулимс” дуурийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид төрсөн өдрөөрөө тоглолоо. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал агсны амьд ахуйдаа туурвисан хоёр дуурийн эхнийх нь “Ламбугайн нулимс”. Анхлан 1986 оны тавдугаар сард Л.Эрдэнэбулганы найруулгаар амилж байсан энэхүү дуурийг хөгжмийн экспертүүд дэлхийн сонгодгийн төвшинд очсон цорын ганц монгол дуурь гэх нь бий. Тэр ч утгаараа театрынхан 25 жилийнх нь ойн хүрээнд “Ламбугайн нулимс” дуурийн хувцас, тайз, найруулгыг шинэчилж, төрсөн өдрөөрөө үзэгчдэд гэнэтийн бэлэг барьсан юм.  Энэ дуурийн тайзыг анх зураач Б.Төмөрхуяг хийж байсан бол түүний хүү Т.Аянга 25 жилийн дараа тайзыг нь дахин шинээр засварлажээ. Харин шинэчилсэн найруулгыг Л.Эрдэнэбулган хийсэн байна.

Гурван бүлэг, зургаан үзэгдэлт энэ дуурьд ардын хувьсгалын дараах 1930-аад оны хүрээний амьдрал ахуйг харуулдаг. Цэрэнлхам бүсгүйн гоо үзэсгэлэнд хууртан сэтгэл алдарсан гэнэн цайлган Лодон гэвшийн бүтэлгүй хайр дурлал эцэстээ түүнийг өөрийнх нь бодит амьдрал, сурч мэдсэн эрдэм мэдлэгтэй нь зөрчилдөж байгаа тухай өгүүлдэг.  Энэ үдэш Лодонд Э.Амартүвшин, Цэрэнлхамд Ө.Уянга, Цэрэнлхамын эх Ардын жүжигчин А.Долгор, Намнанд Б.Мөнхтөр, Ноёнд Ч.Чинзориг, Хатанд М.Дариймаа, Түвд-Э.Бумхүү, М.Даваадорж, Ноёны агь Б.Алтанхуяг, Б.Лхагвасүрэн, хэлхээ нөхөд Ч.Түмэндэмбэрэл, Б.Мөнхтөр, М.Даваадорж, ахлах банди Д.Эрдэнэ-Очир, сохор гуйлгачин Ц.Ариунаа, Хятад Д.Шагдарсүрэн нар тоглосон нь үзэгчдээс өндөр үнэлгээг авсан юм.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж