“Буянт Ухаа” Спрайт лигийн хошой аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

“Буянт Ухаа” Спрайт лигийн хошой аварга боллоо

“MCS Coca-Cola” компани, “TLG-13” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулдаг Спрайт супер лигийн 2011 оны аваргын төлөөх шийдвэрлэх тоглолт өчигдөр боллоо. Нийт 24 баг өрсөлдсөн тус лигийн тэмцээний  аваргын төлөө  ИНЕГ-ын “Буянт Ухаа” болон Хаан банкны багууд өрсөлдсөн юм. С.Батмөнх эзэнтэй, Д.Одбаяр дасгалжуулагчтай ИНЕГ-ын “Буянт Ухаа” баг зүүн бүсийн аварга Хаан банкны багийг цуврал тоглолтод 2:1 харьцаатай буулган авч, Спрайт супер лигийн хошой аварга болсон байна.  Хоёр багийн тоглолт  эн тэнцүү, өрсөлдөөнтэй  болсон бөгөөд эцсийн мөчид ИНЕГ-ын баг  төгсгөлөө сайн хийснээр 69:64 харьцаатай ялалт байгуулжээ.  Ийнхүү “Буянт Ухаа” баг 10 сая төгрөг, аваргын цом,  бөгж, малгай, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулсан бол дэд аваргаар тодорсон “Хаан” банкны баг гурван сая төгрөг, өргөмжлөлийн эзэд боллоо. Харин  2011 оны Спрайт супер лигийн  эмэгтэйчүүдийн  аваргаар  “Хөвсгөл нэг үе” баг  тодорсон бол удаахь байрт Хаан банкны эмэгтэйчүүдийн баг шалгарчээ. Дашрамд дуулгахад, тэмцээний шагналын сан урьд өмнөх жилүүдийнхээс нэмэгдэж, 32 сая төгрөгт болсон байлаа.

Энэ жилийн  плей-оффын  хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор эрэгтэй багуудаас ИНЕГ-ын “Буянт Ухаа” багийн  түлхүүр тоглогч  Д.Нямдаваа тодорч, NBA  үзэх эрх, Тоёото Селика спорт загварын автомашины эзэн  болсон.  Спорт загварын машиныг “Хөвсгөл нэг үе” клуб ивээн тэтгэсэн бөгөөд шагналыг тус клубын  удирдах зөвлөлийн гишүүн  Г.Бат-Эрдэнэ  гардуулжээ. Харин эмэгтэйчүүдээс хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор “Хөвсгөл нэг үе” багийн  н.Ганзул тодорч, мөн NBA үзэх эрхтэй болсон байна.  Плей-оффын хамгийн үнэ цэнэтэй тоглогчдоос гадна энэ жилийн Спрайт супер лигийн  улирлын хамгийн үнэ цэнэтэй тоглогч “Хасу мегаватт” багийн Н.Улаанхүү, шилдэг дасгалжуулагч  “Cass SBL”  багийн  дасгалжуулагч Д.Давааням,  шилдэг хамгаалагч ИНЕГ-ын “Буянт Ухаа” багийн Г.Идэр-Ууган, “Бүх оддын тоглолт”-ын үнэ цэнэтэй тоглогч “Энержи Ресурс” багийн Б.Баясгалан, Слэм данкийн аварга Н.Нямдорж нар NBA үзэх эрхтэй болоод байсан билээ.

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж