Монголын спорт 1921 оноос эхтэй

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Монголын спорт 1921 оноос эхтэй

Аль ч улс орны эрт үеэс уламжлагдан ирсэн соёлын өв уламжлалд биеийн тамир, чийрэгжилт орсон бий. Манай түүх судлаачид Монголын соёлын өвийн нэг болох ард түмний эрийн гурван наадам нь манай спортын түүхэн эхлэл гэж үздэг. Монголчууд элэнц хуланцын үеэс наадам хийсэн түүхтэй ч яг хэдий үеэс эхэлж, ёсчлон хийх болсон тухай тодорхой баримт одоогоор олдоогүй байна. Түүхийн шар хуудсыг сөхөж суухад монголчууд үр хүүхэд, хойч үеэ хурд хүч, авхаалж самбаа, бяр чадалтай нэгэн болгохын тулд багаас нь хөдөлгөөнт тоглоомоор чийрэгжүүлж, хөлөгт тоглоомоор оюун санааг нь хөгжүүлж ирснээрээ дэлхийн соёлд их хувь нэмэр оруулсан билээ.

Биеийн тамир спортын ажлыг хөгжүүлэхэд ардын үндэсний хэлбэртэй тоглоом наадгайгаас сонгон түүнийг түшиглүүлэн бусад төрлийн наадам, тоглоомыг дэлгэрүүлэн хэрэглэж, манай үндэсний хэлбэртэй соёлын дотор спорт, биеийн тамирын цаашдын хөгжилтөд чухал суурь болж иржээ. Манай оронд ардын засаг төрийг тунхаглан зарласан 1921 оноос эхлэн эрт үеийн уламжлалт ардын спорт эрийн гурван наадам болон ард түмний дотор түгэн дэлгэрсэн хөлөгт болон хөдөлгөөнт тоглоом, тоглолтууд дээр үндэслэн шинэ цагийн биеийн тамирын төрөл бүрийн спортыг хөгжүүлж монгол хүний бие бялдрыг чийрэгжүүлэх ажлыг бусад салбартай уялдуулан явуулж ирсэн. Тийм ч учраас Монгол оронд Биеийн тамир, спортын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг 2011 онд тэмдэглэж байгаа билээ. Ардын хувьсгал Монгол орон даяар ялсан 1921 онд “Монгол ардын намаас түмэнд тунхаглан зарлах бичиг”-ийн (Эрмэлзэх арван зүйл гэж нэрлэх нь бий) наймдугаарт “…Ард түмнийг аливаа эрдэмд сурган гэгээрүүлэх, ардын ажил үйлдвэр ба улсын хөрөнгийг хэмнэх явдал хийгээд ард амьтныг сувилах эмчлэх, тэжээх, чийрэгжүүлэх зэрэг ба аливаа үүргийг шударгаар хөнгөлөн дээшлүүлэх мэтийн улс төр, ард иргэний холбогдох олон зүйлүүдийг чухам хэрхэн шийдвээс зохих явдлыг манай ардын намын газраас нягтлан хянаж, зүйлчлэн бичээд дараа зарласугай…” гэж заасан нь тунхгийн чанартай хэдий ч улсын хэмжээнд гаргасан биеийн тамирын анхны бичиг баримт болдог.

Монголын ард түмэнд орчин цагийн биеийн тамирын ажлыг үндсэн чанараар нь таниулан хөгжүүлэхэд хойд хөршийн нөлөө ихээр тусчээ. Манай орныг гадаадын түрэмгийллээс ангижруулах ажилд туслахаар ирсэн Зөвлөлтийн улаан армийн дарга, байлдагчид өдөр бүр биеийн тамирын дасгал сургуулийг хийснээр манай журамт цэрэгт үлгэр дууриалал болж цэргийн хэргийн ба биеийн тамирын сургууль бий болсон аж. Ардын журамт цэргийн анхны ялалтыг 1921 онд тэмдэглэж Алтанбулаг хотноо “Солдат толгой”-д Ардын цэргийн анхны баяр-эрийн гурван наадам хийж цэрэг эрсийн сүр хүчийг харуулсан түүхэн баримт байдаг. Энэхүү түүхэн үйл явдлын гэрэл зургийг та бүхэн үзнэ үү. Анхдугаар наадмын тухай зохиолч Б.Ринчен өөрийн бичсэн дурдатгалдаа “Тэр үед одооны адил модон барилга, павильон байгаагүй, асар босгож олбог жолбог дэвсэцгээн суудал засч зарим асарт ардын засгийн гишүүд мөн ардын засгийг хүлээн дагасан тэр үеийн засаг ноёд, зарим асарт дээд лам нар сууж наадам үзэж байсан хуучин журмаар наадам хийгджээ. Учир нь ардын тулгар төр сая мандаад байсан цаг байжээ. Засгийн газрын асрын хаяанд бүх цэргийн жанжин тугийг залж цэргийн хүндэт манаа зогссон байлаа” гэжээ. Ардын хувьсгалын анхны өдрөөс л манай төр засгийн бодлогод хөдөлмөрчин олон түмнийг эрүүл энх, урт удаан наслуулах, хөдөлгөөний чадварыг хүн бүрт олгоход биеийн тамир-чийрэгжүүлэлтийн ач холбогдлыг өндрөөр үнэлж түүнийг ард түмний дунд дэлгэрүүлэхийг уриалан дуудаж, биеийн тамир спортын ажлыг үүсгэхийг хөхүүлэн дэмжсэн байдаг. Х.Чойбалсангийн санаачилгаар Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийг 1921 оны оны наймдугаар сарын 25-нд байгуулсан нь намын дайчин туслахаас гадна өсвөр, залуу үеийнхнийг хөдөлмөрт дуртай, эх оронч үзэл санаагаар хүмүүжүүлэх, тэднийг эрүүл чийрэг хүчин болгох чухал хариуцлагатай үүрэг хүлээж байсан. Энэхүү үүргийг гүйцэтгэхэд залуучуудыг биеийн тамирын боловсролтой болгон хүмүүжүүлэх зорилтыг хамгийн тэргүүн бүлэгт тавьсан нь ард иргэдээ чийрэгжүүлэх төр засгийн бодлого бодитой хэрэгжиж эхэлсэн түүх юм.

Олон улсын ба үндэсний спортын төрлүүд нь хоорондоо салшгүй холбоотой, харилцан биендээ нөлөөлж судалгааны иж бүрэн системийг бий болгож байна. Үндэсний спортын доторх өөрийн өвөрмөц онцлогтой дасгал тоглоомуудаар үндэстэн ястнууд хичээллэж бие бялдраа хөгжүүлж байдаг тул бие бялдрын хүмүүжлийн агуулгыг улам баяжуулж орчин үеийн биеийн тамирын хөдөлгөөний хүрээг өргөжүүлэх боломж олгодог. Монгол үндэсний хөлөгт тоглоом-цагаан тэмээцэх, чоно тарвагацах, муур хулгана, өдөр шөнө, хоосон зай, нүхгүй туулай зэрэг олон хөдөлгөөнт тоглоом нь хүүхдийн эх хэлийг хөгжүүлэх, тооны талаарх ойлголт олж авах, хүүхэд хөдөлгөөний эв дүй, зөв алхах, гүйх, шидэх, харайх дасгал болдгоос гадна элдэв бэрхшээлийг даван туулахад авхаалж самбаа, эр зоригийг төлөвшүүлэх, хамт олны нөхөрсөг хүмүүжил олгодог ард түмний агуу их соёлын нэгээхэн хэсэг билээ. Монголын үндэсний спортын өв уламжлал нь манай орны тамирчид богино хугацаанд олон улсын спортын тавцанд өндөр амжилт үзүүлэхэд гүүр болсон түүхтэй. Жишээ нь шатар, бөхийн төрлүүд, байт сураар олимп дэлхийн аваргууд тогтмол төрж байна.

Биеийн тамир спортын газрын дэд дарга Д.Сүрэнхорлоо
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж