Хятадад дэлбэрэлт болж, хүний амь эрсэджээ

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Хятадад дэлбэрэлт болж, хүний амь эрсэджээ

Хятадын  зүүн хэсгийн Жьянси мужийн захиргааны байранд гурван удаа дэлбэрэлт гарсны улмаас гурван хүн амиа алдаж, есөн хүн шархадсан байна.
Мужийн прокурорын оффисын үүдэнд  эхний дэлбэрэлт гарсны дараа хотын хүнс, эмийн агентлаг байрладаг захиргааны байранд  хоёр дэлбэрэлт гарсан байна.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар дунд насны ажилгүй эр өшөө авахын тулд Мужийн прокурорын төв байрны үүдэнд гар хийцийн тэсрэх бөмбөг машинд байрлуулсан ажээ. Тус хотын иргэн 52 настай Цянь Минчи гэгч тэр этгээд дэлбэрэлтийн үеэр амиа алдсан байна. Нөхөн олговор авах 10 жилийн оролдлого нь бүтэлгүйтсэн түүнийг ийм алхам хүргэсэн байж болох гэнэ. Дэлбэрэлт орон нутгийн цагаар өглөө 09.00 цагт болжээ. Гэрчүүдийн мэдээлснээр дэлбэрэлтийн улмаас захиргааны найман давхар барилгын бүх цонх хагарч, автомашинууд  сүйдсэн байна. Тэсрэх бөмбөг, дэлбэлэгч тус хотын захаас төвөггүй худалдан авч болох бөгөөд гар хийцийн тэслэгчийг  олноор худалдаалж байдаг ажээ.  Тус хот нь 40 сая гаруй хүн амтай Хятадын хурдацтай хөгжиж буй эдийн засгийн бүс нутгийн нэг ажээ. Хятадад энэ сарын эхээр нэгэн этгээд банк дээрэмдэхийн тулд хийн бөмбөг дэлбэлж, 40 гаруй хүнийг гэмтээж бэртээсэн хэрэг гарч байсан юм. Захиргааны албаныхан хэвлэлийн хурал зохион байгуулна гэж мэдэгдсэн боловч тэр даруйдаа  цуцалжээ. Хятадад Засаг захиргааны байранд тэсрэх бөмбөг тавьсан тохиолдол маш ховор  аж.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж