Новицки “Маверикс”-ыг хожлын замд хөтөллөө

Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

Новицки “Маверикс”-ыг хожлын замд хөтөллөө

“Даллас Маверикс” аваргын цомны тухай ярих цаг нь иржээ. Учир нь тэд Флоридагаас нэг хожилтой гэртээ харих гэж байна. NBA-ын легионер тоглогчдын нэг Дирк Новицки онооны харьцаа тэнцүү байхад буюу тоглолтын үндсэн цаг өндөрлөхөд 3,6 секунд дутуу байхад цацалт хийж, амжилттай болгосноор “Даллас Маверикс” 95:93 харьцаатай хожиж, NBA-ын аваргын төлөөх цувралын харьцааг тэнцүүлж чадлаа. Тэд тоглолтын дөрөвдүгээр үед 15 оноогоор хожигдож байсан ч гайхалтай эргэн ирэлт хийснээр ялалт авсан. Ер нь плей-оффын шатанд “Маверикс” гайхалтай эргэн ирэлтүүдийг хийдгээрээ алдаршиж байгаа гэхэд болно. Новицки тоглолтыг 24 оноотой дуусгасан нь тийм өндөр үзүүлэлт биш боловч шийдвэрлэх мөчид тэрбээр холын зайнаас амжилттай довтолж, тэнцээний дараа хожлын бөмбөгийг сагсанд оруулсан.

Двейн Уейд 36 оноогоор багаа тэргүүлсэн ч сүүлчийн мөчид хожлын гурван онооны шидэлтийг цагаригт оруулж чадаагүй. Цувралын гурав дахь тоглолт Монголын цагаар даваа гаригийн өглөө Даллас хотноо болно.

Шигшээ тоглолтын дүрмийн дагуу “Даллас Маверикс” дараагийн гурван тоглолтыг талбайдаа хийх учраас дахиж, дахин Майамид очилгүйгээр цувралыг дуусгах ч боломж бий. 

Гэхдээ Даллас хотын сагсан бөмбөгийн баг хамгаалалтдаа дэндүү их алдаа гаргаж байгаа. Хамгийн сүүлд Марио Чалмерс ямар ч хамгаалагчгүйгээр холын зайнаас оноог тэнцүүлж 93:93 болгосон. Тэр үед Жейсон Терри хамгаалалтын алдаа гаргасан юм. Гэвч завсарлага захиалсны дараа Новицки бүхнийг залруулсан. “Даллас Маверикс” багаас энэ тоглолтод Шон Марион 20, Жейсон Терри 16, Тайсон Чандлер 13 оноо тус тус авчээ. Тоглолтын эхний хагас 51:51 харьцаатай тэнцүү өндөрлөснөөс хойш дөрөвдүгээр үеийн сүүлчийн минутад дахин тэнцсэн нь 90:90 байлаа.

Харин “Майами”-гаас Леброн 20 оноо, Бош 12 оноо, Майк Бибби 14 оноо авсан ч баг нь хожлын авсангүй. Шийдвэрлэх мөчид Леброн олон шидэлт хийж алдаж байлаа. Ийнхүү 2011 оны шигшээ тоглолт 1-1 болж тэнцлээ.   

Тоглолт дуусаад 15 минут өнгөрөхөд 260 ам.доллар байсан гуравдахь тоглолтын тасалбар 335 болтлоо өгцөм өсчээ.

Бичлэг үзэх

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж